"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогчдын нэг, бүжигчин Ч.Цэнгүүний нүцгэн зураг "Nakid" сэтгүүлд тавигджээ. Эхээс төрсөн биеэрээ ойн гүнд зогсох бүжигчин залууг олон нийт "Монгол Тарзан" хэмээн нэрлэсэн байна. "Fallen Orpheus" хэмээх нэр бүхий энэхүү зургийг зурагчин Н.Билгүүн авсан гэнэ. Ингээд бүжигчин Ч.Цэнгүүнтэй ярилцсанаа хүргэе.
-Ч.Цэнгүүний хувьд энэ зуныг хэрхэн өнгөрүүлэв?
-Миний хувьд энэ зун их онцлог өнгөрлөө. Аялж, байгальтайгаа илүү ойр байж жаахан бясалгасан гэх юм уу.
-Сүүлд Ч.Цэнгүүнтэй 2017 онд “Авьяаслаг монголчууд” шоуны үеэр уулзаж байсан. Шоунд оролцсоноос хойш ямар өөрчлөлт гарав?
–Ерөнхийдөө бол өөрчлөгдсөн. Өөртөө улам итгэлтэй болж, шинэ салбарт хөл тавьсан. “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгээс хойш гэрэл зураг авч сурсан. Одоо видео хийхээр сонирхож байна. Би өмнө нь уран зураг сонирхдог байсан. Ер нь өөрийгөө дүрслэх урлагийн тал руугаа хүн болов уу гэж боддог.
-Өөрийн чинь зураг гадаадын сэтгүүлд нийтлэгдсэн байсан. Энэ талаар яриач?
-Тийм. Билгүүнээ Хироши гэдэг гэрэл зурагчин бид хоёр уран бүтээлийн найзууд. Хамтарч юм ярьж суух дуртай. Бие биенийхээ бодлыг хуваалцаж, санаа авч, мэдрэх дуртай гэх үү дээ. Миний хувьд мундаг залуу гэрэл зурагчин гэж боддог. Зураг авалтыг Богд ууланд хийсэн. Би нэг өдөр ажлаасаа гэртээ ирээд уул руу харсан чинь гадаа манан буучихсан байлаа. Тэгээд Билгүүнээ Хироши руу мессеж бичиж, хоёулаа зураг авахаар уул руу зургаан цаг орчим алхаж, очсон. Зураг авахад байгаль ч бас гоё нөлөөлсөн байх. Хоорондоо ямар зураг авах талаар ярилцаж, юу бодож, сэтгэж байгаагаа хуваалцаад зургаа авсан.
-Зураг нийтлэгдсэн сэтгүүлийн хувьд?
-“Nakid” сэтгүүл нь “nude art” буюу нүцгэн урлагийн гэрэл зураг нийтэлдэг. Хирошигийн хувьд гэвэл олон улсад гэрэл зурагчны чадварыг нь мэддэг болчихсон учраас тодорхой хэмжээний хүрээлэлтэй. Тэгээд л өөрийнхөө зураг авалтаас тэр сэтгүүлийн хүмүүст сонирхуулсан юм шиг байна лээ.”Нэг өдөр Хироши над руу “Баяр хүргэе. Зургууд нь “Nakid” сэтгүүл дээр гарахаар боллоо. Тэр сэтгүүл дээр гарсных нь дараа хүмүүст ил болгоё” гэж хэлсэн. Нөгөө хүмүүс нь “Гайхалтай зураг байна. Сэтгүүл дээрээ шууд гаргая” гэсэн.
-Зургаараа юу өгүүлэхийг хүссэн бэ?
-Миний хувьд төгс төгөлдөр зүйл гэвэл байгалийн далд ухамсар. Оргүй хоосон орон зайд жижигхэн тоосонцорууд яагаад таталцдаг юм бэ гэдэг нь өөрөө төгс төгөлдөр санагддаг. Хүн төрөлхтөн хэчнээн дураараа, өөрийнхөөрөө аашилсан ч эцсийн эцэст байгалийн бүтээл юм гэдгийг зургаараа харуулахыг хүссэн. Мөн хүмүүс өөрийгөө л дөвийлгөж, би л энэ хорвоод чухал юм шиг сэтгэлгээний өнцөг харагдаад байгаа юм.
Миний төсөөлснөөр гэрэл зургийг авахдаа байгалийн нэгээхэн хэсэг нь хүн гэдгийг өгүүлэхийг хичээсэн. Зураг авах явцад олон янзаар авч, гэрэл зургаа гаргасан. Надад энэ зургийг харахаар өгүүллэг уншаад байгаа юм шиг санагддаг. Бид албаар гэрэл зургаа уран зургийн өнгөтэй болгосон.
-Зарим нь нүцгэн зураг авахууллаа гэж шүүмжилж хүлээн авч байх шиг байна. Тэрийг анзаарсан уу?
-Хүмүүс нүцгэн зураг харчихаад “Ч.Цэнгүүн шалдан байна” гээд л хүлээж аваад байх шиг байна. Энэ бол миний тэр үед авахуулсан зураг. Энэ гэрэл зургийг засч, янзлаад бүтээл болгохоор надаас өөр тусдаа зүйл болсон гэсэн үг. Хүн бүрийн сэтгэлгээ, боловсрол, уран зураг ойлгох мэдрэмж харилцан адилгүй шүү дээ. Хүний нүцгэн бие гэдэг маш нандин зүйл. Грекийн сонгодог уран баримлууд дандаа реалист чиглэлийн нүцгэн баримлууд байсан шүү дээ. Хүн төрөлхтөн эртнээс таашаал авдаг байсан. Зарим хүмүүс утгагүй үгээр доромжилж байна. Энэ бол шүүмжлэл бус доромжилсон хэрэг. Мэдлэгтэй шүүмж хэлбэл надад олзуурхууштай. Гэтэл мэддэг хэдэн үгээ холбоод хэлж байгаа нь цэвэр доромжлол. Гэхдээ тэр болгонд эмзэглэхгүй. Надад маш олон хүн урам өгч, доромжилж байна. Хэрвээ би нүцгэн зураг авахуулаагүй байсан бол ийм асуудал гарахгүй байсан байх. Миний хувьд энэ бүхнийг хийсэндээ баяртай байгаа.
-“Pole dance” урлагийн чиглэлээр сургалтаа явуулж байгаа юу?
-Би “Pole dance” бүжгийн сургалтын үйл ажиллагаагаа түр зогсоосон. Сургалт явуулахад маш их цаг ордог юм билээ. Би хүн хөгжүүлэхээс илүү өөрөө юм хийж, сорьж үзмээр байна. Би чинь бас арай болоогүй байна.
-Уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцвал. Одоо ямар ажил дээр төвлөрч байна вэ?
-Би ирэх арваннэгдүгээр сарын 23-нд Франц улсад болох “Nomad” гэдэг монголын циркийн шоу тоглолтод оролцох гэж байна. Одоо Франц улсад аль хэдийнэ тоглолтын тасалбар нь зарагдаад, эхний хоёр долоо хоногийн тасалбар дуусчихсан. Ниитдээ гурван сар тоглох программтай юм. Монголын “Аngels” циркийн найруулагч Б.Оргилболд надад санал тавьж, шоуны гол дүрд тоглохоор болсон. Энэ шоу тоглолтоор монголын уламжлалт уран бүтээлийг контенпирари дэглэлт рүү оруулснаараа онцлог. Монголоос 30 гаруй уран бүтээлч оролцох юм. Шоу тоглолтыг бэлтгэлийг хийгээд давхар ажлуудаа амжуулаад явж байна.
Мөн Францын “Ponex” циркээс “Маргаашийн циркчид” нэртэй олон улсын фестиваль зохион байгуулдаг. Уг фестивальд өнөө үеийн циркчийн уран бүтээлчид хэн нь хэн бэ гэдгээ баталдаг чухал тайз. Би тэр тайзан дээр гарч агаарын гимнастикаа хийхээр болсон байгаа.
-Загвар өмсөгч С.Төгс та хоёрыг юу нэгтгэдэг вэ?
-Бид хоёр сэтгэлгээ, мэдрэмжийн хувьд их адилхан. С.Төгсийг нэг юм яриад эхлэхээр би дотроо дүрсэлж, ойлгож чаддаг. Хамтдаа өнгөрүүлсэн гурван жилийн хугацаанд өөрсдийгөө хөгжүүлж, боловсруулаад явж байна. С.Төгсийн хувьд янз бүрийн юм хийх гээд нэг л болж өгөхгүй бол би түүнийг нь нөхдөг гэж ярьдаг. Миний хувьд би С.Төгсөөс маш гоё “амттай” санаануудыг олж авдаг. Намайг яг яахаа мэдэхээ больчихсон байхад үзсэн, харсан туршлагаасаа хуваалцана. Тэр л бид хоёрыг нэгтгэдэг дээ.
-Одоо гадаад явчихсан байгаа юу?
-Монголд ирчихсэн байгаа. Саяхан Францад дизайнер мэргэжлээр түргэвчилсэн сургалтад суралцаад ирсэн.
-Цаашдаа та хоёр загварын тайзнаа хамт алхах уу?
-Би модель биш. Би бол циркийн жүжигчин, биеэрээ үзүүлбэр үзүүлдэг төрлийн хүн. “Авьяаслаг монголчууд” шоунаас хойш маркетингийн зорилгоор хэд хэдэн газартай моделиор хамтарч ажилласан. Тэрнээс биш загварын ертөнцийн модель хүн биш шүү дээ. Өмнө нь би хувцас өмсөөд алхдаг өндөр царайлаг хүмүүсийг модель гэдэг болов уу гэж бодож байсан. Гэтэл яг үнэндээ тийм ч царайлаг байх шаардлагагүй юм билээ. Хамгийн гол нь тухайн дизайнерын урласан хувцсыг амилуулж чадах чадвартай байх ёстой.
Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ