Шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн загвар зураг өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн загвар зураг өнөөдөр тодорно

Улаанбаатар хотын 1.4 сая иргэнээс гадна Үндэсний их баяр наадам үзэх гэж Монголыг зорин ирдэг жуулчдын эрэлт, хэрэгцээг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 6000-хан суудал хангаж чаддаггүй. Тийм ч учраас иргэд наадмын тасалбар авах гэж хонон өнжин дугаарлаад олон жилийн нүүрийг үзэж байна.  Энэ жил  наадмын тасалбарыг цахимаар борлуулах оролдлого хийгээд ч тусыг эс олов. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн 94 дугаар захирамжаар олон улсын жишигт нийцсэн 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг судалж, холбогдох санал шийдвэрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ.

Засгийн газрын наймдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар, Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт барихаар тогтсон. Тус хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэл, эх загвар зураг боловсруулахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах аж.

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн иж бүрэн зураг төслийг боловсруулах, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг судалж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ.

Улмаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг боловсруулах уралдааныг наймдугаар сарын 6-наас 16-ны хооронд зарлаж, нийт есөн баг бүтээлээ ирүүлсэн байна. Ирсэн бүтээлүүдийг энэ сарын 16, 17, 18, 19-ний өдрүүдэд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын веб сайт www.uda.ub.gov.mn-д байршуулж, иргэдийн саналыг цахимаар хүлээн авчээ. Дээрх хугацаанд нийт 24 мянга 295 иргэн санал өгсөн бөгөөд тус санал асуулгаар зургадугаар баг 7791,  хоёрдугаар баг 5959  оноогоор тэргүүлсэн байна. Тиймээс  Нийслэлийн Засаг дарга захирамжаар томилогдсон уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд өнөөдөр /2019.08.21/ хуралдаж дүнгээ гаргах юм. Ингээд хамгийн өндөр оноо авсан хоёр бүтээлийн талаарх  дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

ГОЛОМТ”  МОНГОЛ ҮНДЭСНИЙ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН

Зургадугаар баг  өөрсдийн бүтээлээ “Голомт” хэмээн нэрийджээ. “Голомт” цэнгэлдэх хүрээлэн 50 мянган хүний суудалтай, таван зэрэглэл бүхий үзэгчдийн суудал, 500 машины зогсоолтой  байх юм. Ингэхдээ цэнгэлдэх хүрээлэнгээс гадна олон улсын  тэмцээн уралдаан зохион байгуулах цогцолбор хотхон байхаар төлөвлөсөн гэдгээрээ ихээхэн онцлог аж.

Тухайлбал, төв цэнгэлдэхээс гадна сагсан бөмбөг, фут заалын цэнгэлдэх, усан спортын цэнгэлдэх, дугуйн спортын цэнгэлдэх, хөнгөн атлетикийн цэнгэлдэх гэсэн дөрвөн барилгаар хүрээлүүлэх ба тэдгээр нь Хангарьд, луу, бар, арслан гэх дөрвөн хүчтэнээр төлөөлүүлжээ.  

Мөн баяр наадмын үеэр үндэсний өв соёл уламжлалыг жуулчдад сурталчлан  таниулах үүднээс соёлын гудамж, гар урчууд цогцолбор, үндэсний соёлын театр буюу анхны уртын дууны нэрэмжит театр зэргийг нэг дор байхаар төлөвлөжээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу тухайн төслийг төр хувийн хэвшлийн хамтын оролцоог хангана гэсэн чиглэлийн дагуу дөрвөн хүчтэн таур барилгыг хувийн хэвшлүүдийн хөрөнгө оруулалтаар барих ба оффис худалдаа үйлчилгээ, төрийн байгууллагууд спортын холбоод өндөр зэрэглэлийн тамирчдын байрлах зочид буудал байх зэргээр ашиглах боломжтой гэнэ. Ингэснээрээ нийт цогцолборын урсгал зардлыг багасгаж үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна.  Сонирхуулахад, барилгын хэлбэр дизайны хувьд гал голомт, тулга мэт харагдах концепц дизайныг сонгосон бөгөөд мөнхийн гал нь баяр наадам эхлэх үед мандан асах аж. 

 “ХИЙМОРЬ” ЦОГЦОЛБОР

Харин хоёрдугаар баг өөрсдийн бүтээлээ “Хийморь” цогцолбор хэмээн нэрлэсэн байна. “Хийморь” цогцолбор нь гөлмөө дэлгэсэн эмээл хэлбэртэй, авто  замын үндсэн нэвтрэх хэсгийн хаалга нь нум сум хэлбэртэй  бөгөөд стадионы баруун зүүн талын төв хаалга нь дөрөө хэлбэртэй байхаар төлөвлөсөн  нь үндэсний хэв шинж бүхий архитекторын өвөрмөц шийдэлтэй цогцолбор юм. Ингэхдээ  авто зам, ногоон байгууламж нь баруун ба зүүн  жигүүр гэсэн хоёр хэсэгт хуваагдах бөгөөд баруун жигүүрээс зүүн жигүүр хүртэл явахын тулд  замын доод хэсэгт байрлах тунель гарцаар гарах юм. Мөн стадионы доторх хүмүүсийн агаарыг чийгшүүлэх зорилгоор стадионы төв орц гарцан дээр усан оргилуур төлөвлөж өгчээ.Тус цогцолборын эдэлбэр газрын хэмжээ нь 30 га бөгөөд  нийт барилгажих талбай 50000 метр квадрат талбай гэнэ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж