Сүржигнэхээ л больчих, Ерөнхий сайд аа!

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

Сүржигнэхээ л больчих, Ерөнхий сайд аа!

Сүржигнэхээ л больчих, Ерөнхий сайд аа!

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд цэрэг арми хөдөлгөж, “тоглох” л дутуу байгаа бололтой. Шаардлага гарвал уул уурхайн компаниуд руу арми илгээнэ л гэнэ.

Хуулиараа цэрэг, арми хөдөлгөх эсэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаардаг асуудал боловч Засгийн газрын тэргүүнд Үндэсний аюулгүй байдлын хууль тогтоомж үйлчилдэггүй бололтой. Ер нь ч хууль бөхийх ёстой гээд хэлчихсэн болохоороо тэрхүү философоороо л үүрэгдэж байх шиг.

Гэхдээ Ерөнхий сайдын “Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой. Эх орноо хамгаалах ёстой. Шаардлагатай гэвэл цэрэг, цагдаагаа хөдөлгөе. Цэрэг, арми газар нутгаа очиж хамгаалаг. Хамгаалалтад авъя. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм” гэх үг эх оронч гэхээсээ хий нь гараагүй улстөрчийн үг л болж буугаад байна.

Тагнуул, цагдаагаа дайчлах уу, хөдөлгөх үү гэдэг нь Ерөнхий сайдад хуулиар олгогдсон бүрэн эрх нь боловч түүгээрээ сүрийг үзүүлж, байсхийгээд мэдэгдэл хийн, ард түмнээ айлгах эрх байхгүй. Ард түмэнд айдас хүйдэстэй амьдрал биш эрүүл, аюулгүй, чанартай амьдрал л хэрэгтэй. Чанартай амьдралын баталгаа нь ажлын байр байдаг.

Гэтэл Засгийн газар Тост, Тосон бумбад олгогдсон байсан “Сауд Гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалснаар 400 гаруй монгол иргэн ажлын байраа алдлаа. Байгаль экологийн сүйрлийг ажлын байрнаас дорд авч үзэх ёсгүй гэж үзэж буй бол уул уурхайн компанид хяналт тавин ажиллах ёстой Мэргэжлийн хяналтын газар, цаашлаад Засгийн газар экологийн хохирлыг гаргуулахгүйн тулд өнгөрсөн хугацаанд яг юу хийсэн юм бэ?.  Хэрвээ иргэний хөдөлгөөнүүдийн хэлж байгаачлан Тост, Тосон бумбын нурууг “Сауд Гоби коэл транс” там болгон хувиргасан нь үнэн бол хяналт тавьж ажиллаж чадаагүй Засгийн газар ч давхар хариуцлагаа хүлээх ёстой биш үү?

Ядаж л нэг жилийн өмнө лиценз цуцлах шийдвэр гарсан бол ойлгоно, өмнөх Засгийн газар хариуцлага алдсан гэсэн үг. Гэтэл танхим шинээр бүрдэн ажилласнаас хойш бүтэн хоёр жил өнгөрсөн байна шүү дээ.

Хамар дор нь хоёр жил байгаль сүйтгэж байхад сануулга ч өгөөгүй атлаа гэнэт нэг өдөр сэрэв үү гэлтэй лиценз хураагаад л…

Бас болоогүй ээ, цаашаа бусад компаниудын лицензийг хураана гэж яриад байгаа. Хурааж болно, гэхдээ шийдвэрийг гаргахдаа хэдэн сайд, яам агентлагийн дарга нараа ширээ тойруулж суулгаж, сүржигнэх биш хуулийн дагуу тавьсан шаардлагууд биелэгдсэн үү гэдэг мэдээллийг сонсох ёстой юм. Өөрөөр хэлбэл, тухайн уул уурхайн компани яг ямар зөрчил гаргасан юм. Мэргэжлийн байгууллагууд хэдэн удаа ажиллаад ямар шаардлага тавиад байхад биелэгдээгүй юм. Экологийн хохирол нь хэдэн төгрөгт хүрэв гээд бүх талын ажлын хэсэг гарч ажиллан үр нөлөөг нь тооцож гаргасан байх ёстой. Түүнээс хэдэн хүн жагсаж цуглаад, нэг нөхөр уйлан дуугарч ярих бүрийд лиценз цуцлагддаг болбол Монголд уул уурхай хөгжихгүй.

Г.ХОРОЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
25
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж