Долдугаар сарын 23-ны өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
УЦС-уудын хүчин чадал буурчээ
Оросын "РусГидро" компани өнөөдөр II улирлынхаа үйл ажиллагааны үзүүлэлтийг гаргав. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нэгдүгээр улиралд 14 гаруй хувиар унажээ. Дулааны цахилгаан станцууд 18 хувийн өсөлт гарсан бол гол мөрний усны төвшин буурснаас Усан цахилгаан станцуудын үйлдвэрлэл мөн буурсан байна. "РусГидро" компанийн цэвэр орлого 17%-иар буурч, 12 тэрбум рублийн хэмжээнд байгаа гэх мэдээлэл байна.
“ЛУКойл” захиргаагаа шинэчлэв
Пүрэв гаригт Оросын "ЛУКойл" компани захиргааны зөвлөлөө шинэчлэнэ. Гэхдээ Вагит Алекперов, Леонид Федун, Валерий Грайфер нарын гол хүмүүс албан тушаалдаа үлдэх нь тодорхой болжээ. Захиргаанд Худалдаа, хөрөнгө оруултын орос-британийн комиссийн гишүүн Рожер Мэннингс шинээр орж ирэх аж. Нефтийн зах зээлийн сөрөг динамик компанид өөрийн нөлөөг үзүүлэв. Оны эхний улиралд, "ЛУКойл"-ын нефть, хийн наймааны ашиг 35%-иар буурч, цэвэр орлого нь $700 сая ам.долларын хэмжээнд хүрчээ. Гэсэн ч тус компани үйлдвэрлэлээ 7 хувиар нэмэгдүүлж чадсан байна.
Хэрэглэгчдийн итгэлийн индексийн урьдчилсан дүнг нийтэлнэ
Грекийн сэдвээс европчууд айж байна. Өнөөдөр Европын холбоо долдугаар сарын хэрэглэгчдийн итгэлийн индексийн урьдчилсан дүнгээ танилцуулах ёстой. Шинэжээчид энэ салбарын үзүүлэлтийг -5,5 пунктын төвшинд байна хэмээн байгаа нь хямралын дараах Европын хувьд боломжийн тоо ажээ. Өнгөрсөн оны эхээр эл үзүүлэлт хоёр дахин муу гарсан юм. Грекийн өрийн өмнөх хурцадмал байдал уг индексийг унагаж байсан бол энэ удаа үзүүлэлтэд нөлөөлсөнгүй. Еврокомиссийн явуулсан судалгаагаар, энгийн хэрэглэгчид Грекийн асуудлаас илүүтэйгээр бензиний үнэ зэргийг сонирхож байгаа ажээ. Бүх нийтийн санал асуулга явагдаж, Грек евро бүсдээ үлдэж, банкууд нь ажиллаж эхэлсэн учраас одоо хямрал хурцдахгүй гэж шинжээчид дүгнэж байна.
"Союз” хөлгийн нарны зайд эвдрэл гарчээ
“Союз-ФГ”
Фото: Роман Соколов / РИА Новости
“Союз ТМА-17М” сансрын хөлгийн зүүн талын нарны зайн самбар дэлгэгдээгүй талаар Роскосмос батлан мэдэгдсэнийг “Интерфакс” агентлаг долдугаар сарын 23-нд дамжуулав. “Хоёр дахь зай нь хөлгийг бүрэн хэмжээний эрчим хүчээр хангаж байгаа” гэж Роскосмосын төлөөлөгч хэлжээ. Нислэгийн төвөөс энэ талаар Олон улсын сансрын станцын багт мэдээлж, хөлөг станцтай залгагдах үеэр зураг авахыг хүсчээ. Гэрэл зураг уг эвдрэлийг засахад тус болно гэж мэргэжилтнүүд үзсэн байна.
“Союз” хөлгийн нарны зайн самбар дэлгэгдээгүй анхны тохиолдол энэ биш юм. Өмнө нь ийм тохиолдол өнгөрсөн оны есдүгээр сард “Союз ТМА-14М” хөлөгт гарч байв.
“Союз-ФГ” зөөгч пуужин долдугаар сарын 23-нд Москвагийн цагаар 00:03-т Байконурын сансрын буудлаас “Союз ТМА-17М” хөлгийг тойрог замд гаргасан юм. Энэ хөлгөөр Олон улсын сансрын станцад Олег Кононенко (Роскосмос), Кимия Юи (Японы аэросансрын судалгааны агентлаг), Челл Линдгрен (NASA) нарын бүрэлдэхүүнтэй 45 багийг хүргэх юм.
Хятадын эдийн засгийн жилийн өсөлт 7 хувьд хүрч чадахгүй
Хятадын эдийн засгийн II улирлын өсөлт
Хятадууд энэ сард мэргэжилтнүүдийг гайхалд оруулсан мэдээлэл гарган II улиралд ДНБ-нээ 7%иар өслөө гэв. Шинжээчдын хүлээлт үүнээс доогуур байжээ. Тухайлбал, Citigroup компанийн шинжээчид Хятадыг үзүүлэлтээ санаатайгаар нэмэгдүүлсэн гээд тэдний бодит өсөлт 5% гэлээ. Хятадын хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнэлгээ нь зургадугаар сарын дундуур 30 гаруй хувиар унасан бөгөөд шинжээчид, хөрөнгө оруулагчдийн өөдрөг бус үнэлгээ хуримтлагдахын хирээр уналт нь үргэлжилнэ гэж шинжээчид дүгнэжээ.
Хагас тонн тэсрэх бодис хадгалсан улстөрч баригджээ
Шведийн өмнөд нутгийн Фалкенберг хотын нутгийн захиргааны гишүүн, “Шведийн ардчилагчид” намын улстөрч 550 кг тэсрэх бодис, түүний автомашинд байсан дэлбэлэх цэнэгүүдийг хадгалсан хэргээр баривчлагдсан тухай цагдаагийнхан мэдээлэв. Баривчлагдсан улстөрч нацист хүрээнийхэнтэй холбоотой гэсэн сэжиг байгаа учраас мөрдөн байцаалтад Шведийн Аюулгүй байдлын албаныхан оролцож байна. Энэ хэргээр дөрвөн хүнээс мэдүүлэг авсны дараа хоёр хүнийг нь барин саатуулжээ. Тэсрэх бодисыг хэрхэн ашиглах гэж байсан талаар цагдаагийнханд одоогоор мэдээлэл байхгүй гэнэ.
Мьянмад 150 хятад бүх насаар хоригдох ял сонслоо
Фото: Reuters
Мьянма улсын шүүх Хятадын 153 иргэнд тус улсын хойд нутагт хууль бусаар мод огтолсон гэж бүх насаар нь хорих ял оноов. Насанд хүрээгүй өөр хоёр хүнд тус бүр 10 жилийн ял өгчээ. Энэ тухай Reuters агентлаг дамжуулав. Ял авагчид даван заалдах эрхтэй гэнэ. Хятадын Элчин сайдын яамнаас шийтгэлийг хэт хатуу гэж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Ажилчдыг хулгайн наймаачид хууль бусаар мод огтлуулан татсан гэж дипломатууд хэлж байна. Хятад ажилтнуудыг өнгөрсөн нэгдүгээр сард баривчилсан байлаа. Тэднийг баривчлах үеэр 1,6 мянган мод огтолсон нь илэрсэн юм. Мьянмагийн засгийн газар тикийн мод экспортлохыг дөрөвдүгээр сард хоригложээ. Хэрэв 1990 онд ой мод тус орны газар нутгийн 58 хувийг эзэлж байсан бол 2010 онд тэдний талбай 47 хувь болтол багасчээ.
Порошенко Донбасст буферийн бүс байгуулахыг зөвшөөрөв
Петр Порошенко
Фото: Михаил Палинчак / "Коммерсантъ»
Донбасс дахь галын шугамын дагуу 30 км-ийн буферийн бүс байгуулах тухай гэрээнд гарын үсгээ зурахыг Контактын группын гишүүдэд Украины ерөнхийлөгч Петр Порошенко үүрэг болгов. Тэрээр энэ тухайгаа Луганск мужид ажлаар очихдоо мэдэгджээ. Порошенкогийн хэлснээр тэр нь галын шугамаас танк, их бууг татах тухай гэрээ байх юм. Хэд хоногийн дараа ОSСЕ-гийн хяналтын дор зэвсгийг галын шугамаас татна гэж тэр мэдэгджээ. Мягмар гаригт гурван талын Контактын группын уулзалт Минск хотод болсон юм.
Ай Вэйвэй гадаад явах эрхтэй болов
Ай Вэйвэй
© AP Photo/Andy Wong, File
Хятадын нэртэй зураач Ай Вэйвэй дөрвөн жилийн өмнө баривчлагдсаныхаа дараа хураагдсан паспортаа эргүүлэн авснаа тэрээр Twitter, Instagram дахь өөрийн хуудаснаа бичжээ. Хятад хүмүүст гадаадад явахад паспорт хэрэгтэй ба дотооддоо тэд биеийн байцаалтын пластик карттай. Зураачийг татвар төлөхөөс зугтсан гэж 2011 онд Бээжингийн нисэх буудалд баривчлах үеэр түүний паспортыг хураасан байлаа. Одоо Бээжин хотод Ай Вэйвэйгийн уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэн ажиллаж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР