А.Сүхбат аварга хоёрын даваанд барилдсан ч тахимаа өглөө

Хуучирсан мэдээ: 2015.07.23-нд нийтлэгдсэн

А.Сүхбат аварга хоёрын даваанд барилдсан ч тахимаа өглөө

Увс аймгийн 90 жилийн ой, “Монгол бөхийн их баяр”-т зориулсан хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ.

Өнөөдөр эхэлж буй Увс аймгийн түүхт ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёрын даваанаас дархан аварга А.Сүхбат зодоглож эхлэв. Аварга онгоцноос дөнгөж буунгуутаа наадмын асрыг зорьжээ. Баяр наадмын зохион байгуулах хороо хүндэтгэх шалтгаанаар нутгийнх нь ойд ирсэн дархан аваргыг хоёрын даваанаас барилдуулах шийдэр гаргасан юм.  Гэсэн ч тэрбээр сумын заан Лхамхүүтэй барилдсан ч хэсэг хугацааны дараа  тахимаа өглөө.

Наадмын үндэсний бөхийн барилдаан, “Монгол бөхийн баяр”-ын нэг, хоёрын даваа өнөөдөр болох юм. Эл барилдаанд аварга С.Мөнхбат, арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын улсын наадмын сүүлийн үеийн өнгө төрхийг тодорхойлж наадсан Увс нутгийн бөхчүүдээс гадна улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан нарын хүчит 256 бөх зодоглож байна. Увс аймгийн түүхт ойн үндэсний бөхийн барилдаан маргааш завсарлаад, ирэх бямба гаригт гурвын даваагаар үргэлжилнэ.

Эл наадмын өмнө Увс аймгийн сумдын ойд барилдсан улсын арслан Д.Ганхуяг,  улсын заан Ч.Санжаадамба нарыг “Монгол бөхийн баяр”-т ирэх тухай яриа байсан ч тэдгээр бөхчүүд сумдын наадмаас буцсан байна.

Увс аймгийн Наранбулаг булаг сумын харьяат, улсын аварга О.Балжинням жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхны хамт Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ эхлүүлж байгаа тул энэ удаа нутгийн ойдоо очиж амжаагүй бололтой. Түүнд Нутгийн зөвлөлөөс хүндэтгэл үзүүлэн, гардуулсан шагналыг хүү нь хүлээж авчээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж