“Монгол-Японы эрт, эдүгээ, ирээдүй” олон улсын ЭШХ болж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

“Монгол-Японы эрт, эдүгээ, ирээдүй” олон улсын ЭШХ болж байна

“Монгол-Японы эрт, эдүгээ, ирээдүй” олон улсын ЭШХ болж байна

МУБИС-ийн төв байранд өнөөдөр (2019.08.20) “Монгол-Японы эрт, эдүгээ, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. “Соёл-Эрдэм” дээд сургууль болон Японы Обирин их сургууль хамтран зохион байгуулж буй хурлыг “Соёл-Эрдэм” дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, ноён Макихара Сончи нээв. Тэрбээр “Хоёр орны найрамдалт харилцаа улам бүр дэвжин хөгжиж буй өнөө үед Монгол-Японы боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжлийн стандартыг нийгэмд таниулж, цаашдын хамтарсан судалгааны ажлыг улам гүнзгийрүүлэх боломжтой” хэмээн онцоллоо.

Хурлын үдээс өмнөх хуралдаанд ГХЯ-ны зөвлөх, түүхийн шинжлэх ухааны доктор Ц.Батбаяр “Монгол-Японы хооронд гуравдагч хөршийн харилцаа бүрэлдэн тогтсон нь: 1990-2000 он”, Монгол-Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд С.Хүрэлбаатар “Монгол-Японы харилцаа: Хувьсал, мөн чанар” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Элчин сайд С.Хүрэлбаатар тавьсан илтгэлдээ социалист системийн задралын дараа хоёр орны харилцааг зөөлрүүлж, хамтран ажиллах уур амьсгалыг бүрдүүлэхэд БНМАУ-ын ГЯЯ-ны сайд М.Дүгэрсүрэнгийн 1987 онд Японд хийсэн айлчлал чухал үүрэг гүйцэтгэсэн түүхэн баримтыг дэлгэв.

Тэрбээр хэлэхдээ “Тухайн үед Японы ерөнхий сайд Я.Накасонэ М.Дүгэрсүрэн сайдыг хүлээн авч уулзахдаа, бид монголчуудтай угсаа гарвал нэг, адилхан хөх толботой үндэстний хувьд, бас адилхан Азийн орны хувьд, Монгол Улстай харилцаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байна.

Хэрэв та бүхэн хүсвэл Японы Засгийн газраас хөгжиж буй орнуудад үзүүлдэг хөгжлийн, албан ёсны тусламждаа Монгол Улсыг хамруулах талаар авч үзэж болох юм гэж мэдэгдэж байсан юм. Улмаар Японы Засгийн газрын энэхүү байр суурийг тус улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд Монголд айлчлахдаа нотолсон юм.

Өдгөө хоёр орны харилцаа нь бүс нутгийн талаар зөвлөлдөхийн зэрэгцээ олон улсын даяаршлын талаар санал солилцдог, бие биеийн байр суурийг дэмжин хамтарч ажилладаг түншүүд болоод байна. Энэ нь Монгол Улс Япон улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээр сонгогдохыг дэмжин ажилладаг бол Япон улс Монгол Улсыг Ази, Номхон далайн Зүүн Азийн интеграцид нэгдэхийг дэмжиж байгаагаар илэрхийлэгдэж байна. Хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалт идэвхжин шинэ төлөв нээгдээд буй”-г тэмдэглээд, хоёр орны хоорондох худалдааны эргэлт 700 сая ам.долларт хүрээд байна” хэмээн илтгэлдээ тэмдэглэв.

Үдээс хойших хуралдаанаар Японы Риккёо их сургуулийн доктор, профессор Коозүма Сэкай “Хүн ба байгалийн харилцаа, холбооны талаарх бодрол”, мөн Японы Обирин их сургуулийн оюутан Шимада Юри, Иши Сано, Томори Така Аки нар “Монголын байгаль орчны нөхцөлд хийсэн дадлагын тайлан”, Олон улсын боловсрол, судлалын академийн доктор, профессор С.Төмөр-Очир “Монголын өнөөгийн боловсролыг дэлхийн тэргүүний хөгжилтэй улс орнуудынхтай харьцуулсан судалгааны зарим дүгнэлт” зэрэг сэдвээр илтгэл тавьж буй юм.

Монгол-Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн С.Хүрэлбаатарын мэдээлснээр, энэ жил тохиож буй "Халх голын ялалтын 80 жил"-ийн ойн хүрээнд энэ сарын 29-нд Монгол-Японы төвд хоёр орны эрдэмтдийн хурал, мөн энэ сарын 31-нд Гандантэгчэнлин хийдэд Халх голын тулалдаанд амь үрэгдсэн монгол, орос, япон цэргүүдийг дурсан хүндэтгэх "Хойчийн буян" үйл ажиллагаа болох ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж