Хуучирсан мэдээ: 2015.07.23-нд нийтлэгдсэн

Монгол Улс “Google Street View”, “Google Cultural Institute”-д нэгдлээ

"Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд "Google" /Гүүгл/-ийн газрын зураглалд Монголын тал нутгийн 6000 километр зам болон Улаанбаатар хот бүхэлдээ багтаж, Монголын бодит зураг тус компанийн  360 градус буюу "Street View" санд  орсон тухай өнөөдөр албан ёсоор "Гүүгл" компани, төсөл хэрэгжүүлэгчдийн талаас мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, Монголын зүүн гурван аймаг, Улаанбаатар хотод гадаадын болоод дотоодын жуулчид аялахад хялбар болж, төөрч будлих асуудал ард хоцорч байна. Монголчууд, Монголыг зорьж ирсэн аялагчид дэлхийн технологийн дэвшилтэй хөл нийлүүлж алхах боломжтой болж байгаа нь бидэнд гарч буй давуу тал юм.

Үүнээс гадна дэлхийн хаанаас ч интернэт ашиглан, "Гүүгл"-ийн соёлын хүрээлэнгийн сангаас Монголын үндэсний музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Богд хааны музей гэсэн гурван түүхэн газрын үзмэрүүдтэй танилцаж болохоор боллоо. Одоогоор дээрх музейн 200 гаруй соёлын зүйлсийг багтаасан 20 гаруй онлайн үзэсгэлэн "Гүүгл"-д байршаад байна.

"Гүүгл"-ээр дамжуулж, Монголын түүх, ёс заншилын илтгэсэн түүхэн үзмэрүүдийг гадныхан сонирхох боломжтой. Өөрөөр хэлбэл, "Гүүгл"-д байршсан түүхэн үзмэрүүдтэй танилцсан жуулчид Монголд аялахыг хүсч, манай улсыг сонгох магадлал нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид тооцоолжээ.

Одоогоор "Гүүгл" компани, төсөл хэрэгжүүлэгчид Хөвсгөл далайн өвлийн зураглал, Улаанбаатар хотын гудамж талбай болоод Дархан, Эрдэнэт, Чойр, Сайншанд хотуудын зураглалыг авч, газрын зураглалдаа оруулаад байна.

Мөн энэ жилийн үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харваа зэргийн бичлэг, зураглалыг авч бэлтгэсэн бөгөөд удахгүй  "Гүүгл" компанийхан энэхүү бүтээлээ соёлын хүрээлэндээ оруулж, наадмын зарим дүрслэл, зургийг панарамдсан үзэсгэлэнг толилуулах аж.

БЭЛТГЭСЭН: Д.УЛАМБАЯР, Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж