Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд цоо шинэ урсгал бий болгосон Монголын “The Hu” хамтлагийг Германы альтернатив хөгжмийн сэтгүүл онцолжээ. Тэд удахгүй есдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш нийт 53 тоглолт хийхээр төлөвлөөд байгаа билээ.
Хамтлагийн дараагийн АНУ-д хийх аялан тоглолтын хуваарь гарч, тасалбар эхнээсээ зарагдаж дуусч байгаа сурагтай. Европыг байлдан дагуулсан аялан тоглолтоо дуусгаж, долдугаар сарын 8-нд эх орондоо ирсэн. Тус хамтлагийнхан аялан тоглолтоороо Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулахын зэрэгцээ хамгийн их үзэгчтэй дэлхийн томоохон найман рок фестивальд оролцоод ирсэн тухайгаа ярьсан юм.
Хамтлагийн продюсер Б.Дашдондог “Бид удахгүй болох АНУ-ын аялан тоглолтдоо бэлтгээд завгүй байна. Ирэх есдүгээр сараас аялан тоглолт маань эхэлнэ. Латин Америкийн орнуудаар одоогийн байдлаар 20 орчим тоглолт хийхээр төлөвлөсөн. Бид энэ удаагийн аялан тоглолтоор арванхоёрдугаар сар хүртэл явах байх. АНУ-д очихдоо есдүгээр сарын 13-нд анхны “Гэрэг” пянзныхаа албан ёсны нээлтийг хийнэ” гэв.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ