БАН ГИ МҮН: Популизм эдийн засгийг туйлдуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

БАН ГИ МҮН: Популизм эдийн засгийг туйлдуулж байна

Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох "Азийн төлөөх Боао форум"-ын бага хурал эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй "Азийн төлөөх Боао форум"-д тус форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн оролцож байгаа нь тус арга хэмжээний цар хүрээг өргөжүүлээд зогсохгүй, бүс нутаг, олон нийтийн анхаарлыг Монгол Улс руу хандуулж байгааг чуулганд оролцогчид онцолж байна.  Үүнээс гадна тус чуулганд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана, Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг дэмжих Хятадын зөвлөлийн дэд дарга Мөн Сяосу зэрэг Монгол, Хятад болон бусад орны бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, илтгэл тавьж байна.

"АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМ"-ЫН ДАРГА, НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН БАН ГИ МҮН:

-Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засаг сүүлийн жилүүдэд өсч байна. Үүнд, Монгол Улсыг чиглэсэн хөрөнгө оруулалт, экспорт, импортын үзүүлэлт чухал нөлөө үзүүлсэн гэж харж байна. Дотоодын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар төсвийн зардлаа багасгаж, бүсээ чангалсан арга хэмжээ авч байгаа ч бүс нутгийн эдийн засаг, худалдааны харилцаанд идэвхтэй оролцож байна. Монгол, БНХАУ, БНСУ, Япон  зэрэг улсын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрч, хамтын ажиллагаа өргөжиж тэлж байна. Энэ нь Азийн эдийн засгийн харилцаанд чухал нөлөөл үзүүлж байна. Мөн Монгол –ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор-төсөл олон талт хамтын ажиллагааг өргөжин тэлэх, харилцаа холбоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Өнөөдөр дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын насжилт, байгаль орчны бохирдол зэрэг маш олон асуудал тулгамдаж байна. Эдгээр асуудал нь хөгжлийн ямар нэгэн дутуу орон зай, бодлоготой холбоотой гэж бид үзэж байна.

АНУ, Европын холбоо, Зүүн Өмнөд Ази зэрэг бүс нутгийн улсууд даяарчлалаас ухарч, популизмд автаж, нэг талыг баримталсан бодлого хэрэгжүүлж байгаа нь  дэлхийн засаглал, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Дээрх асуудлыг шийдвэрлэж, илүү сайхан ирээдүйг бий болгоход улс орнуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй. Улс орнууд дэд бүтцээр холбогдож, хамтын ажиллагааг өргөжүүлж, уялдаа холбоотой ажиллах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Гэхдээ дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхдээ Байгаль орчны хүчин зүйлийг чухалчлан авч үзэх хэрэгтэй.

Өнөөдөр Азийн тивийн хүн амын 82 хувь нь буюу дөрвөн тэрбум хүн агаарын бохирдолтой бүс нутагт амьдарч байна. Энэ асуудал бол дэлхийн долоон тэрбум хүнд хамааралтай асуудал. Эдгээр асуудлууд нийтлэг шийдлийг хүлээж байна. Азийн тивийн нийтлэг эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болоход бид бэлэн байна. Илүү сайхан ирээдүйг бий болгоход дэлхий нийтээрээ хамтарч ажиллах, уялдаа холбоотой байж, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалж байна.

НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ДОК. АРМИДА САЛСИА АЛИСЖАХБАНА: 

-Дэлхий дээр эдийн засаг, байгаль орчны бохирдол ихэсч, худалдааны маргаан эрчимжиж байна. Мөн Олон талт хамтын ажиллагаанд бэрхшээл гарч эхэллээ. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө “Тогтвортой хөгжилд хүрэх” гол зорилго болгосон байна. Үүнд хүрэхийн тулд бид дэд бүтцийн хэлхээ холбоог сайжруулах нь зүйтэй. Мөн Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчээ ашиглан Зүүн Хойд Азидаа эрчим хүчээр холбогдох асуудал дээр манлайлж байгаад баяртай байна. Үүний зэрэгцээ Монгол Улс нь Далайд гарцгүй орнуудыг манлайлж байна. Учир нь Улаанбаатар хотноо далайд гарцгүй хөгжиж буй орнуудын  олон улсын судалгааны төв байрлаж байгааг бид харж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР:

-Монгол Улс БНХУА-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд бид маш олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь "Боао форум" болж байна. Боао форумыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаагаар онцлог. Учир нь, бүс нутгийг сонирхсон томоохон бизнес, хөрөнгө оруулагчид энэ форум дээр цугладаг. Зөвхөн БНХАУ-тай хамтарсан бизнес эхлүүлэх биш энэ бүс нутагт худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хэрхэн ажиллах вэ гэсэн том зургаар харах юм бол эдгээр бизнес эрхлэгчид Монгол Улсад Боао форумын хүрээнд цуглаад ярилцаж байгаад баяртай байна.

Монгол Улсын эдийн засаг сэргэж эхэлж байна. ААН үйл ажиллагаа жигдэрч байгаа энэ үед бид Монголын зах зээлд шинэ боломжийг нээж өгөх хэрэгтэй. Энэ ч үүднээс бид олон форум арга хэмжээг зохион байгуулж байна. Нөгөө талаасаа хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Бүс нутагт амжилттай бизнес эрхэлж буй бизнесменүүд, хөрөнгө оруулагчид Боао форумын тохиолдуулан Монгол Улсад ирж, хөрөнгө оруулах гэж буй бизнесээ нүдээрээ харах боломжийг олгож байгаа юм. Өчигдөр би Боао форумд оролцож буй хүмүүст хандаж, боловсролын салбарт анхаарал хандуулахыг уриаллаа. Өнөөдрийн мэдээлжсэн ертөнцөд хүн хоолоо олж идэхэд "Боловсрол" чухал болж байна. Иймээс энэ хүрээнд хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн Монголынхоо бизнес эрхлэгчид шинэ боломжийг нээж өгч байгаагаараа энэ форум онцлог.

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Б.БЯМБАСАЙХАН: 

-Бүс нутагт олон зүйл өрнөж байна. Тэдгээр зүйл нь эрсдэлийн хувьд ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож байна. Энэ гадаад эрсдэлийг бид өнөөдөр идэвхтэй эдийн засгийн болон дипломат үйл ажиллагаа, иргэний дипломат ажиллагаагаар даван тулна.

Боао форум Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа нь зүгээр тохиолдлын чанартай зүйл биш. Бүс нутагт Монгол Улсын эзэлж буй байр суурийг харуулж буйн хэрэг. Мөн БНХАУ-тай харилцаа холбоо өндөр дээд түвшиндээ хөгжиж байна. Энэ харилцаа эдийн засаг, бизнесийн боломжуудыг нээлттэй болгож, шинэ болон дэд бүтцийн бусад төслүүд биеллээ олох нөхцөл байдал үүснэ. Өнөөдөр "connectivity" гэсэн үгийг чуулган оролцож буй бүх хүн хэлж байна. Дэлхийн улс орнууд хоорондоо уялдаа холбоотой, нэгнээсээ хамаарсан харилцан хамааралтай байхыг шаардаж байна. Мөн Бизнесийн  хувьд харилцан ашигтай. Энэ замаар явахгүй бол болохгүй байна. Тиймээс Боао форум шиг өөрийн гэсэн онцлогтой, зорилготой олон улсын талбарууд бий болж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

-Боао форумын үеэр Монгол Улс сэргээгдэх эрчим хүч экспортлох асуудалд манлайлж байгааг онцоллоо. Энэ асуудал ямар шатандаа явж байна вэ?

-Монгол Улс сэргээгдэх эрчим хүч экспортлох нөөц өндөр. Энэ бол олон түвшний судалгаагаар батлагдсан. Өнөөдөр дараагийн шатны нарийн судалгаа хийгдэж байна Бид урт хугацааны замын зургаа гаргаж, нарийн судалгааг хийж байна.

"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ П.ГАНХҮҮ:

-"Эрдэнэс Монгол" компанийн хувьд стратегийн томоохон ордуудыг ашиглахаас гадна энэ ордуудыг дагасан дэд бүтцийн, эрчим хүчний, зам тээврийн, логистикийн нэмүү өртөг бий болгох энэ чиглэлд ажилладаг. Тухайлбал, бид хүрэн нүүрсээ эрчим хүч болгон нэмүү өртөг шингээн БНХАУ болон Зүүн Хойд Азийн бүс нутагт экспортлох “Шивээ-Энержи” төсөл хэрэгжүүлж байна. Энэ төсөл маань  нүүрснээс гадна сэргээгдэх эрчим хүчний компонент орсон төсөл гэж ойлгож болно.

Мөн манай охин компани "Эрдэнэс Стиил" БНХАУ-ын компанитай хамтран 300 мянган тонн ган үйлдвэрлэх, 500 мянган тонн кокс үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлж байна.

Бид цаашдаа Бүс нутгийн хамтын ажиллагааны томоохон төсөлд Монголын талаа төлөөлөн оролцоно гэсэн чиглэлийг Засгийн газрын зүгээс өгсөн. Засгийн газрын зүгээс саяхан Багануурын уурхайн лицензийг бидэнд өгсөн. Үүнийгээ ашиглан нэмүү өртөг шингэсэн хийн станц барих, хүрэн нүүрсээ боловсруулан экспортлох зэрэг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Өнөөдөр бид алтаа олборлоод гадагш нь гаргадаг бол Монголдоо алтны үйлдвэр барих төсөл хэрэгжүүлж байна. Эцсийн бүтээгдэхүүн болгож нэмүү өртөг шингээх төсөл байна.

Метаны хайгуулын төслийг бид Австралийн хөрөнгө оруулагчтай хамтраад ажиллаж байна. Тавантолгой орд бол метаны их хэмжээний нөөцтэй гэдэг. Үүнийг ашиглан нөөцөө тодорхой болгоод ТЭЗҮ гарсны дараа эрчим хүчний эх үүсвэр болгож, утааны асуудлыг шийдэх боломжтой. Энэ төслөө бид хөрөнгө оруулагч нарт санал болгож байна.

“Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор явагдах Улаанбаатарын бага хурал:

  • “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”,
  • “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”,
  • “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”,
  • “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” гэсэн сэдвээр үргэлжилж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж