Увс аймгийн 90 жилийн ой, “Монгол бөхийн их баяр”, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” уралдаан өнөөдөр эхэлж байна.
Ойн баяр наадамд зориулсан үндэсний бөхийн барилдаан, “Монгол бөхийн баяр”-ын нэг, хоёрын даваа өнөөдөр болох юм. Эл барилдаанд аварга С.Мөнхбат, арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын улсын наадмын сүүлийн үеийн өнгө төрхийг тодорхойлж наадсан Увс нутгийн бөхчүүдээс гадна улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан нарын хүчит 256 бөх зодоглож байна.
Увс аймгийн 90 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд дархан аварга А.Сүхбатыг барилдана гэх хүлээлт байсан ч тэрбээр өнөөдөр зүүний магнайд гарч ирсэнгүй. Гэхдээ түүнийг өнөөдрийн онгоцоор Увсад очиж байгаа гэх мэдээлэл байна.
Түүнчлэн эл наадмын өмнө Увс аймгийн сумдын ойд барилдсан улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Ч.Санжаадамба нарыг “Монгол бөхийн баяр”-т ирэх тухай яриа байсан ч тэдгээр бөхчүүд сумдын наадмаас буцжээ.
Увс аймгийн түүхт ойн үндэсний бөхийн барилдаан маргааш завсарлаад, ирэх бямба гаригт гурвын даваа эхлэх юм байна.
Увс нутгийнхан 90 жилийн ой, “Монгол бөхийн баяр”-таа хүрэлцэн ирсэн улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэн, бүгдэд нь эмээл, хазаартай морь бэлэглэснийг өнөөдөр гардуулжээ.
Увс аймгийн Наранбулаг булаг сумын харьяат, улсын аварга О.Балжинням жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхны хамт Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ эхлүүлж байгаа тул энэ удаа нутгийн ойдоо очиж амжаагүй бололтой. Түүнд Нутгийн зөвлөлөөс хүндэтгэл үзүүлэн, гардуулсан шагналыг хүү нь хүлээж авчээ.
Б.ЭНХ