Эмэгтэйчүүдийн волейболын Азийн аварга шалгаруулах тэмцээн (ААШТ) өнгөрсөн ням гаригт БНСУ-ын нийслэл Сөүл хотноо эхлээд байна. 20 дахь удаагийн эмэгтэйчүүдийн волейболын ААШТ-д 13 улсын шигшээ баг 4 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээнийг зохион байгуулагч БНСУ болон БНХАУ-ын шигшээ багийн бүсгүйчүүд 2-р тойрогт өрсөлдөх эрхээ аваад буй юм.
БНСУ-ын шигшээ баг тэмцээний А хэсэгт Хонконг болон Ираны шигшээ багуудтай тоглон, хоёуланг нь буулгаж авснаар хэсгээ тэргүүлсэн бол БНХАУ-ын тэмцээний D хэсэгт багтан Шри-Ланка, Индонезийн шигшээ багуудыг хожиж мөн хэсгээ тэргүүлээд байна. БНСУ болон БНХАУ-ын шигшээ багууд хэсгийн өрсөлдөгч багуудаа 3 үеийн турш хожиж, хоёулаа 150 оноо авч, тус бүр 2 хожилтой 2-р тойрогт шалгараад байгаа юм.
Тэмцээний В хэсэгт Япон, Казахстан, Австрали болон Энэтхэг улсын шигшээ багууд багтсан ба Японы шигшээ баг 2 тоглолт хийж хэсгээ тэргүүлж байгаа бол С хэсэгт Тайланд, Тайвань, Шинэ-Зеландын шигшээ багууд өрсөлдөж байгаа ба Тайландын шигшээ баг хэсгээ тэргүүлж байна. Өнөөдөр тэмцээний 1-р тойргийн хэсгийн тоглолтууд өндөрлөж 2-р тойргийн хэсгийн тоглолтууд эхэлнэ.
Дашрамд дурьдахад, волейболын эмэгтэйчүүдийн ААШТ нь тэртээ 1975 онд анх зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд Ази тивийн аваргад Австрали ба Номхон далайн бүсийн орнууд багтан өрсөлддөг. 1975 оны анхны ААШТ нь Австрали улсын хамгийн том хот Мельбурнд болж Японы шигшээ багийн бүсгүйчүүд түрүүлж байжээ. Манай улсын эмэгтэй шигшээ баг ААШТ-д 2013 оны Тайланд, 2015 оны Хятадад болсон тэмцээнүүдэд өрсөлдөж байсан.
Б.БЯМБАБАЯР