"Коммунистууд намайг хэлмэгдүүлж байсан" | News.MN

"Коммунистууд намайг хэлмэгдүүлж байсан"

"Коммунистууд намайг хэлмэгдүүлж байсан"

"Коммунистууд намайг хэлмэгдүүлж байсан"

Цагтаа банкийг хуультай, хоёр шатлалтай болгож, Монголд анх удаа арилжааны банк байгуулж явсан Гавьяат эдийн засагч, доктор, профессор Г.Янсанжавтай ярилцлаа. Тэрбээр хүн боловсролтой байхаас гадна хувь хүний хөгжлийг давхар эзэмших ёстой гэж үздэг. Тиймдээ ч амьдралын зорилгыг багаас нь тодорхой болгохын тулд суурь боловсролын тогтолцоонд алс хэтийн стратеги төлөвлөгөө гэдгийг суулгах хүсэлтэй явдаг байна.

-Амьдралын алс хэтийн стратеги төлөвлөгөө гэдгээ тайлбарлахгүй юу, ямар ач холбогдолтой вэ?

-Бид өнөөдөр техник, технологи хөгжлийн эрэн зуунд амьдарч байна. Орчин үеийн залуус их өндөр боловсролтой, мэдлэгтэй болжээ. Гэвч өрсөлдөөний энэ нийгэмд хувь хүний хөгжил гэдгийг орхигдуулаад байна. Зөвхөн залуус ч биш. Нийгмийн идэвхгүй хэсэгт мөн зориулж байгаа юм. Байрны гадаа, гудамжинд, булан тойроод л архи ууж, тамхи татсан нийгмийн зорилгогүй хэсэг бүлэг хүмүүс байна. Тэд ажил хийхгүй, өдөр хоногийг аргацааж амьдардаг. Яагаад гэвэл тэдэнд алс хэтийн стратеги төлөвлөгөө, амьдралын зорилго гэж алга. Бүр хүний тооноос хасагдчихсан. Засаг төр, Үйлдвэрчний эвлэл нь ч хайхардаггүй. Гэтэл энэ хэсгийг идэвхжүүлмээр байна. Бүр багаас нь анхаарах хэрэгтэй. Нийгмийн амьдрал тэр чигээрээ төлөвлөгөө байдаг. Би ямар мэргэжил эзэмших вэ, хөдөлмөрийн зах зээлд хэр эрэлттэй байна вэ, цалин хөлс нь ямар вэ, хэдэн жилийн дараа би хаана хүрсэн байх вэ, тэр бүү хэл хэзээ гэрлэж, хэдэн хүүхэдтэй болох вэ гэдгээ хүртэл төлөвлөх хэрэгтэй. Ингэснээр хүн явах зүг чигтэй болж, амжилтад хурдан хүрнэ. Үүний тулд өөрийгөө ч илүү таниж мэднэ. Юунд дур, сонирхолтой, юуг чаддаг гэх мэт. Нөгөө талаас амжилтад хүрэхэд надад ямар сайн тал байна, саад болж буй ямар муу зан чанар байна вэ гэдгээ ч бас мэдэж авна. Энэ бүхэн чинь хувь хүний хөгжил болж байгаа юм. Боловсрол, хувь хүний хөгжил хоёрыг зэрэглүүлснээр нийгмийн идэвхтэй хэсэг бий болно. Ингэснээр ажилгүй, ядуу хүмүүс багасна.

-Төлөвлөгөө яаж гаргах вэ, ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оруулж өгнө гэсэн үг үү, та өөрөө хэр төлөвлөгөөтэй амьдардаг хүн бэ?

-Яг тийм. Би үүнийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Улсын тэргүүний Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангид туршилтаар 2018 оноос хэрэгжүүлсэн. Мөн Баянгол дүүргийн 73-р сургууль дээр амжилттай хэрэгжүүлж байна. Гэхдээ хичээлийн хөтөлбөрт ерөөсөө орохгүй. Харин лекц, семинар маягаар явах юм.

Өөрөөр хэлбэл хувь хүн өөрөө ойрын болон хэтийн зорилгоо төлөвлөж, хөтөлж сурна. Хөтлөх аргыг би боловсруулж, загвар гаргасан байгаа.

73-р сургуулийн төгсөх ангийн багш н.Амаржаргал гэж ухаантай хүн бий. Миний хүсэлтийг их сайхан хүлээж авсан. Тэгээд би ахлах ангийн хүүхдүүдтэй уулзалт, ярилцлага хийсэн юм. Би тэдэнд хандаж “Та нар бүгд мундаг хүн болж чадна. Гол нь өөрийнхөө ирээдүйг одооноос төлөвлөж, зорилготой амьдар. Ажил мэргэжил хийгээд хувийн амьдралдаа амжилттай байлгахын тулд архи тамхи хэрэглэхгүй, гэмт хэрэгт холбогдохгүй, нэр цэвэр, шударга, амьдралдаа хайртай бай. Хүн зорилготой, идэвхтэй, төлөвлөгөөтэй амьдрах ёстой” гэж ярьсан. Миний боловсруулсан төлөвлөгөөнд бас нэг юм бий. Их, дээд сургуулийг төгсөгчид чанар муугаас мэргэжлийн шаардлага хангахгүй тохиолдолд сургалтын төлбөрийн 30 хувийг буцааж авна гэж анхнаасаа сургуультайгаа гэрээ хийдэг баймаар байна.

-Үүнийг тодруулахгүй юу?

-Боловсролын сайдад би үүнийг л дуулгах гээд байгаа юм. Өнөөдөр Монголд хэтэрхий олон сургууль байна. Чадваргүй багш нар ч бас байна. Нуулгүй хэлэхэд, хичээл заах гэж цаг аргацааж байна шүү дээ. Дөнгөж сургууль төгсөв үү, үгүй юу багшилж байна. Ямар ч практик байхгүй. Онол сурсан болоод оюутнуудад заасан болж байна. Эндээс л чанаргүй боловсон хүчнүүд бэлтгэгдэж байгаа юм. Одоо залуучууд айхтар болсон. Сурч, мэдэхийн тулд хичээж байна. Сургалтын төлбөр ч өндөр байна. Гэтэл тэр их төлсөн мөнгөндөө тааруулж чанартай хичээл заалгаж байна уу, хэрэв үгүй бол гэрээний дагуу 30 хувиа буцааж авдаг болмоор байгаа юм. Энэ шаардлагын дагуу дээд боловсролын систем чанараа сайжруулах хэрэгтэй. Хэтэрхий олон сургуулиа цөөлж, багш нараа аттестачлах ёстой. Онолын болон ур чадварын шалгалт авч шигшилт хиймээр байна. Өөрийгөө эдийн засгийн мэргэжлийн багш гээд зурагтаар ханш, инфляци гээд л ярьдаг. Яг мэргэжлийн хүмүүст ярьж буй зүйл нь инээдтэй сонсогддог байхгүй юу. Ийм хүмүүс хүүхдүүдэд юу заана даа л гэж бодож суудаг.

-Та миний асуултад хариулсангүй. Та өөрөө хэр төлөвлөгөөтэй хүн бэ?

-Би өдөр бүрийг төлөвлөдөг. Сар, жилээр нь тооцоолно. Би өөрөө Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат. Ээж, аав маань эгэл жирийн малчин хүмүүс байсан. Би багаасаа мал хариулж, хурдан морь унаж, эмнэг сургаж өссөн. Сургуульд орсон боловч гэрээ, малаа санаад хоёр удаа дундаас нь гарсан. Буцаж сургуульдаа ирэхэд багш нар маань их сайхан хүлээж авсан учир урам авч дахиж оргоогүй. Арван жилээ дүүргээд, Говь-Алтай сумын Бигэр суманд долоон жилийн сургуульд багшаар томилогдсон юм. Багшаар ажиллаж байгаад удалгүй Монгол банкны урт хугацааны зээллэг гэсэн хуваарь авч, Эрхүүгийн Их сургуульд сурахаар явсан. Харин дараа нь Ленинградын Эдийн засгийн сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан. Ажил амьдралын гараагаа барилгын банкны салбараас эхэлж байлаа. Барилгын эдийн засгийн тооцоолол, балансад шинжилгээ гаргадаг байв. Миний хамгийн анхны хариуцсан ажил бол Улсын клиникийн төв эмнэлэг байсан. Дараа нь Бүх аймгуудын барилгуудыг нэг стандартын болгож, балансыг нь гаргасан. Сургуулиа төгсөнгүүтээ Баянхонгор аймгийн барилгын 1968 оны жил эцсийн баланс гаргаж байсан минь санаанаас огт гардаггүй. Одоо ч би энэ нутгийн түмэнд баярлаж, бахархаж явдаг. Тэр үед энгэртээ ромбо зүүчихсэн, 21 настай “сэнтэгтэй” залуу явж байхад Сайд нарын зөвлөл намайг дууддаг юм байна. Тэгээд надад Баянхонгор явж Шаргалжуутын амралтыг олон улсын статустай болгож, барилга баримаар байна. Тэнд уурын зуух ажиллуулж, нүүрс түлэх үү, эсвэл халуун рашаанаар дамжуулж халаалтыг нь шийдэх үү гэдгийг очоод тооцоолоод, судлаад ир гэсэн үүрэг даалгавар өгсөн. Тухайн үед нутгийн хүмүүс намайг их сайхан хүлээж авч дэмжсэн. Тэгээд миний судалснаар Шаргалжуулалтын амралтыг рашаанаар нь халаах шийдвэр хэрэгжүүлсэн байдаг юм. Би үүнийг санаачлаагүй. Дээд байгууллагын шийдвэр байсан. Үүгээр би юу хэлэх гээд байна гэхээр, миний үед бүх зүйл намын шийдвэр, дээд удирдлагуудын төлөвлөгөө, үүрэг даалгавраар явдаг байсан. Улсын хөгжлийн зорилго миний алс хэтийн төлөвлөгөө гэж явдаг байсан үе шүү дээ.

-Тухайн үеийн хүмүүсийн хувь хүний хөгжил, хандлага, хүн чанар ямар байсан бэ? Шударга, нэр цэвэр, гэмт хэрэгт холбогдохгүй байх ёстой гэж та ярилаа шүү дээ?

-Миний үед бүх зүйл сайхан, цэвэр ариун байсан гэж би ярихгүй. Олон жил удирдах ажил хийсэн, бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн, шуналтай коммунистууд бас байсан юм. Тэдний бусармаг үйлд би өртөж, хэлмэгдэж, түр саатуулахад амьдралынхаа дөрвөн жилийг хүртэл зольж байлаа. Би банк, санхүүгийн системд хувь нэмрээ оруулсан, гавьяатай хүн гэж өөрийгөө тоодог. Банкийг хуультай болгосон. Мөн Төв болон Арилжааны гэсэн хоёр шатлалтай болгов. Арилжааны банк бий болсноор ард түмэн санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэж харсан. Энэ бол дэлхийн жишиг. Төв банк арилжааны банкаа хянана. Ер нь төв банкны дарга гэхээр банк татан буулгаад, эрх мэдлээ хэтрүүлээд идээд сууж байдаг газар биш. Ингэж хэмжээ, хязгааргүй иддэг даргууд байсан, алт дилерийн хэргээр ялаа аваад ч явсан. Үүний эсрэг Ардчилсан, чөлөөт тогтолцоонд банкыг шилжүүлснээр ард түмэнд бас хүртээмжтэй болно гэж бодсон хэрэг.

-Та ардчиллын үзэл санааг биелүүлсэн юм уу, эсвэл итгэл үнэмшил байв уу?

-Угаасаа би Ардчиллын үнэт зүйлийг хүндэлж, итгэж явдаг хүн. Тийм болохоор шударга хэлье, коммунистууд намайг хэлмэгдүүлсэн. 1990 онд Монгол орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн. Банкийг Засгийн газрын мэдлээс хасаж, Их хурлын мэдэлд шилжүүлье, олон банктай больё гэж талбай дээр Ардчилал ура хашгирч байсан үе. Тиймээс чөлөөт зах зээлийг дэмжих үүднээс “Банкны тухай хууль”-ийг боловсруулж, улсын бага хурлаар батлуулсан юм. Үүнийг л би хэрэгжүүлсэн. Тухайн үед арилжааны банкны анхны зөвшөөрөл авч, “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк” байгуулж байв.

Гэтэл намайг их хөрөнгө босгосон, банк дампууруулсан гэдэг. Үнэндээ огт тийм биш. Тэр үед эрүүгийн цагдаа их хөрөнгө бий болгосон хүнийг шийтгэх зүйл анги хайгаад олсонгүй, прокоророо гэж хэлж байсан. Тийм учраас шийтгэж болохгүй гээд намайг цагаатгасан юм.

Үнэн юу байсан бэ гэхээр намайг шоронд оруулчихаад, Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банкийг дээрэмдсэн хүн бол С.Нямзагд. Сангийн сайд Ц.Бямбажав, Д.Моломжамц нар тушаал гаргаад, С.Нямзагд Завханаас дүүгээ авч ирээд, банкны мөнгийг хуваарилуулаад хуваагаад идчихсэн байдаг. Тэр үед Цагдаагийн дарга, генерал Б.Пүрэв гэж хүн Монголбанк дээр очоод хуралд сууж байсан. Я.Юндэн гэж хүн бас байна. Одоо сургууль хүртэл байгуулчихсан. Тэгэхээр энэ зохион байгуулалттай гэмт хэрэг болж таарч байна. Би баталгаатай юм ярьж байна. Надад бүх баримт нь байна. Тухайн үед “Хөх толбот” сонин дээр энэ тухай ч гарсан байдаг. Энэ бүхнийг ярьсны учир гэвэл коммунист нийгмийн үед ч гэсэн авлигач, шуналтай, эрх мэдлээ хэтрүүлдэг, увайгүй хүмүүс байсан гэдгийг жишээлж хэлэхийг хүслээ.

-Та өөрийгөө шударга байсан гэлээ. Шударга байснаараа та юу хожсон юм бэ? Магадгүй идэж, уусан хүмүүс илүү амьдраад байгаа юм биш биз дээ?

-Үгүй шүү. Би одоо баярлаж суудаг. Хүнд муу юм хийгээгүй өдий хүрсэн, идэж уугаагүй шударга явсан. Би бурхны шашинд итгэдэг.

Үйлийн үр гэж байдаг. Би одоо юунаас ч айхгүй, хэнээс ч ичихгүй амьдарч байна. Надад санаа зовох зүйл алга. Одоо энэ идэж уугаад байгаа хүмүүс болих хэрэгтэй. Одоохондоо болж байгаа мэт боловч алсдаа шанг нь хүртэнэ.

Гэхдээ шударга хүмүүс бас бий шүү. Тэгэхээр Монголын ирээдүй болсон залуус маань боловсролтой байхын хажуугаар хувь хүн зөв л байх хэрэгтэй. Миний зөв явсны үр дүн миний энгэр дээр байна. /Гавьяатын тэмдэг/ Удахгүй ардчиллын 30 жилийн ой болно. Ардчиллын анхны хувийн банкны нэрийг хүртэл би өгч явлаа. Аж ахуйн банк гэснийг болиод Арилжааны банк гэдэг нэрийг би өгөөд, Оюуны өмчийн зохиогчийн эрхийн үнэмлэх авсан байдаг юм.

-Та олон жил энэ салбарт ажилласан туршлагатай хүний хувьд Монголбанкны үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ, төлөвлөгөөний дагуу явж байна уу?

-Бидний үед цөөхөн хүн ажлыг гардаж, сэтгэлээсээ, чанартай хийж байсан. Одоо бүтэц, орон тоо нь хэтэрхий данхар байна. Дарга нар олон байна. Техник хөгжихийн хэрээр бүгд гар утастай болчихсон. Залгахаар ажил дээрээ байгаа мөртлөө гадуур явж байна гэж худлаа ярьдаг. Тухайн үед ажлын өрөө утастай байсан. Ажил дээрээ байгаа эсэхийг залгаад шалгачихна. Банкны системийг гартаа оруулж, төвлөрүүлж удирдаж байсан хүн бол одоо Содном дарга л байна. Энэ хүний үгийг сонсож, биелүүлмээр байгаа юм. Содном дарга намайг “Та төлөвлөгөө ярих гэж байна уу?” гэж асуудаг байсан. Тийм, бүх зүйл төлөвлөгөөний дагуу л явна. Хувь хүнд ч гэсэн амьдралын төлөвлөгөө гэж байна. Дэмий юм ярьж байна гэж бүү ойлгоорой. Би та нараас асуумаар байна, хувь хүн ирээдүйгээ бодохгүй цааш яаж явах юм бэ. Өнөөдөр би тийм ажил хийнэ, тэнд хоол иднэ, тийш нь явна гэж төлөвлөж байж амьдралын зорилго эхэлнэ. Тэгэхээр бид цаашдаа улс орны болоод хувь хүний хөгжлийн үүднээс алс хэтийн төлөвлөгөө, стратеги гэдгийг зөв гаргаж, биелүүлэхийн төлөө ажиллаж, амьдармаар байгаа юм. Ялангуяа үүгээр дамжуулан нийгмийн идэвхгүй хэсгийг сэрээмээр байна. Бага наснаас нь идэвхжүүлмээр байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

м 2019-08-20 203.91.115.45

Баабарын банк мэддэг 2 шатлалтай болгосон гэдэг бол үлгэр шүү ард түмээн энэ хүн хажууд нь жинхэнэ банкир байна аа

Avatar

Mongol 2019-08-20 202.55.180.106

ahmadiiin ugiig sonsoj surah heregtei shu

Avatar

Зочин 2019-08-20 66.181.171.34

Өөр мэдэх нарийн ширийн юм байна уу. Яриулмаар байна.

Avatar

Зочин 2019-08-20 202.131.245.243

Өөрөө ёстой жинхэнэ улаан коммунист, УБЕХ-нд бууны нохой хийж байсан хүн дээ.

Avatar

Зочин 2019-08-20 64.119.19.103

Udii zeregt hursnee kommunistuudiin ach gaviya gedgee oilgoogui l yavjdee

Avatar

irgen 2019-08-20 64.119.22.127

харин тиймээ иймэххүү юмнуудыг угаасаа тэр нийгэм чинь таньдаг байсан юм

Avatar

Зочин 2019-08-20 64.119.19.103

Kommunistuud l ene huniig surgaj udii zeregt hurgesen bna shuudee uuruu uuriinhuu buruug meddeggui hun yaj uudluh ve dee

Avatar

Зочин 2019-08-20 207.244.70.35

ene yansanjav yaagaad ch zasrahgui ee, iim hunii adag baisaar baigaad uheh biz. yag unendee idej shamshigduulsan ni hyazgaargui sh tee l gediim …

Avatar

Монгол 2019-08-20 202.55.180.106

Хуучны хүмүүс их мундаг шүү, ахад ажлын амжилт хүсье.

Avatar

танил нь 2019-08-20 202.70.41.114

Залуу байхдаа их л сэрэглэн нөхөр байсан, комунистууд нь дэмжиж Ленинградад цол хамгаалуулахаар явуулсан болов уу.Асуудалд өөрөө л орсон, харин Нямзагдын дүү бол энэ нөхөрөөс дутахгүй сэрэглэн, хүн одоо бас л бужигнуулаад л явж байгаа даа ккк,

Avatar

Зочин 2019-08-20 182.160.39.173

төрсөн хүүхэд нь аавынхаа баанкны харуулыг алж мөнгийг нь дээрэмдэж явсан нь 90-ээд он. энэ өгөр өвгөн хэлмэгдээд ха ха ха ха.

Avatar

ииии 2019-08-20 202.21.108.251

комуунууд одоо ч ард иргэдийг хэлмэгдүүлсээр захиргаадсаар л бнда

Avatar

Зочин 2019-08-20 202.131.227.82

nastai hund heruul zohidoggui .

Avatar

Зочин 2019-08-20 182.160.2.91

Сангийн сайд байхдаа би банкийг 2 шатлалтай болгосон гэж Баабар үргэлж ярьдаг. Гэтэл, энэ огт үзээгүй хараагүй эдийн засагч гэх нөхөр Баабарын гавьяаг булаах гэнэ. Өөрөө улаан луйварчин гэнэ.

Avatar

зочин 2019-08-20 182.160.37.231

Тэр үед ганцаараа тэмцсэн байх. Луйварчид Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банкийг булааж аваад Шинэчлэл банк болгоод дараа нь Капитал банк нэртэй болсон. Дээрэмдэж авсан Капитал нь луйврын юм болохоор дампуурсан.

Avatar

Ksa 2019-08-20 64.119.23.99

Хэрэг хуучирдаггүй гэж. Та бодоо боль оо.

Avatar

zochin 2019-08-20 139.5.219.96

zyrgiig ni sain har.buh um nuuren deer ni bicheestei baigaa.

Avatar

Зочин 2019-08-20 202.126.89.174

Та болиооооо.

Avatar

Зочин 2019-08-20 203.91.112.146

ХОТШ гээд банкийг улайм цайм дампууруулж баяжсан нөхдүүдийн толгойлогч шүүдээ тэр үед зах зээлд шилжсэн коммунистууд хүн хидмэгдүүлдэг үе үеэ өнгөрөөсөн байсан ш****г гар кк
Одоо ардын баатрын дүрд тоглох нь

Avatar

Зочин 2019-08-20 202.131.241.234

хэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж