Путин, Макрон нарын уулзалт "халуухан" болж өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

Путин, Макрон нарын уулзалт "халуухан" болж өндөрлөв

Путин, Макрон нарын уулзалт "халуухан" болж өндөрлөв

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар тус улсад өчигдөр /2019.08.19/ айлчилсан билээ. Макрон Путиныг Форт-де-Брегонсон дахь зуны харшдаа хүлээн авч уулзсан байна. Хоёр улсын төрийн тэргүүнүүд Украинд мөргөлдөөнийг зогсоох шинэ хэлэлцээр хийх боломжийг нэмэгдүүлэх, Сири болон Ираны асуудал зэрэг өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцжээ.

Энэ удаагийн уулзалт нь Макрон 2017 онд засгийн эрхэнд гарснаас хойшхи ОХУ-ын төрийн тэргүүнтэй хийж буй долоо дахь уулзалт болж байгаа ба хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн томоохон хүчин чармайлтын нэг боллоо хэмээн хэвлэлүүд бичжээ. Мөн энэ удаагийн уулзалт нь Францад болох “Их 7”-гийн орнуудын дээд хэмжээний уулзалтаас ердөө таван хоногийн өмнө болж буй гэдгээрээ онцлог юм. Дээд хэмжээний уулзалт Францын баруун өмнөд хэсэгт байрлах Биарриц хотноо болно.

Их Британи Европын холбооноос гарах, Ангела Меркель улс төрийг орхих гээд Европын Холбооны хувьд нэлээд сандралтай цаг хугацаа өнгөрч байх зуур Эмануэль Макрон эх орондоо “Их 7”-гийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхийг авсан нь өөрийгөө Европын хүчирхэг удирдагчдын нэг тодорхойлох боломжийг түүнд олгов.

Путин, Макрон нар ойрын хугацаанд “Нормандын дөрвөл” гэгддэг Украин, Германтай дөрвөн талт дээд хэмжээний уулзалт хийх боломжийг судлахыг өөрсдийн зөвлөхүүддээ үүрэг болгосон байна. Мөн тэд хоёул Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленскийн талаар эерэг сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлцгээжээ.

Францын Ерөнхийлөгч ОХУ болон Европын холбооны хоорондын харилцааг улам бэхжүүлэхийг хүсч буйгаа илэрхийлээд, Украины хямрал үргэлжилсээр байвал Орос улс “Их 7”-гийн эгнээнд эргэн орох асуудал хойшлогдсоор байна гэдгийг Путинд сануулжээ. Дэлхийн хамгийн төвөгтэй асуудлуудын нэг Украины хямралыг шийдвэрлэхэд Орос улстай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа тэрбээр удаа дараа онцолжээ.

Орос улс нь 2014 онд Крымыг өөртөө нэгтгэсний дараа "Их найм"-ийн эгнээнээс хасагдсан бөгөөд ЕХ нь Москвагийн эсрэг хориг арга хэмжээнүүд авсан. Гэхдээ Путин дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн нэгдлээс хасагдсандаа сэтгэл гонсойгоогүй. Тэрбээр өмнө нь "Их 8 биш Их 7 болсон шүү дээ. Тэгэхээр Орос улс яаж Их 7-гийн гишүүн болох билээ” хэмээн хошигнож байв.

Францын Ерөнхийлөгч Ираны цөмийн хэлэлцээр, Ливи, Сири дэх мөргөлдөөн зэрэг дэлхийн хамгийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд Орос улстай хамтран ажиллахын ач холбогдлыг удаа дараа цохон тэмдэглэжээ.

"Тэнд гэм зэмгүй мянга мянган энгийн иргэн дайны хөлд нэрвэгдэж байгаа тул Сочийн гал зогсоох хэлэлцээг даруй хэрэгжүүлэх нь маш чухал юм" гэж Макрон Сирийн асуудлыг намжаах зорилготой ОХУ, Туркийн хооронд өнгөрсөн онд Сочид байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн талаар дурджээ. Харин Путины хувьд Сири дэх терроризмтай тэмцэхэд тус улсын засгийн газарт ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн.

Францын хүний эрхийн байгууллагууд Путиныг эх орондоо урьж уулзаж буй Макроныг ихэд шүүмжилжээ. Хүний эрхийн байгууллагууд Москвад хүний эрх ихээр зөрчигдөж байхад Оросын удирдагчийг хүлээн авч уулзлаа хэмээн эсэргүүцсэн байна. Харин Макрон Оросын Ерөнхийлөгчтэй хийж буй уулзалт нь Оросыг Европын зөвлөлд буцаж ороход ихээхэн түлхэц болох бөгөөд ингэснээр Оросын иргэд Европын хүний ​​эрхийн шүүхэд хандах боломж олгох болно гэж хариу тайлбарлажээ. Сүүлийн үед Москвад засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаанууд ихээр зохион байгуулагдаж, хууль сахиулагчид жагсагчдыг олон зуугаар нь баривчилж буйд хүний эрхийн байгууллагууд ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Харин Путин Москвад өрнөж буй эдгээр жагсаал цуглааныг Францад хэдэн сарын турш үргэлжилсэн Засгийн газрын эсрэг "Шар хантаазтнууд"-ын тэмцэлтэй зүйрлэсэн байна. "Бид Оросын нийслэлд өөр нэг “Шар хантаазтнууд” үймээн тариасай гэж хүсэхгүй байна" гэж Путин хэлжээ. Макроны зүгээс Путины зүйрлэлийг эрс няцааж, “Оросоос ялгаатай нь Францын жагсагчид сонгуульд оролцох бүрэн эрхтэй” хэмээн хариулсан байна.

Уулзалт ийнхүү олон талын өргөн хүрээг хамарсан яриа хэлэлцээгээр үргэлжилж, олон шүүмжлэлийг дагуулсан ч ихээхэн үр дүнтэй уулзалт болсон гэж албаны хүмүүс дүгнэжээ. Сэтгүүлчдэд үг хэлсний дараа төрийн тэргүүнүүд бэлгээ солилцож, хоёр талын Гадаад хэргийн сайд, зөвлөхүүдтэйгээ хамт ажил хэрэгч оройн зоог барьсан гэж Елисейн албаны хүн мэдэгдсэн байна.

Путин Францын тэргүүн хатагтай Брижит Макронд цэцэг бэлэглэж, Оросын зочид төлөөлөгчдийг сүүдэр талд суулгасанд талархаж буйгаа илэрхийлэн хошигносон байна. Учир нь уулзалт эхлэх үеэр маш халуун нартай байжээ. Макрон ирэх тавдугаар сард Орост зочилж, ЗСБНХУ Нацист Германыг ялсны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцох бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж