УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.08.20/ долоо дахь удаагаа хуралдахаар товлосон. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд МАН-ынхан дотооддоо зөвшилцөж чадахгүй, хоёр тал болсоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл гацаанд оров. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл гацах гол шалтгаан нь сонгуулийн тогтолцоо. Сонгуулийн тогтолцоог хэрхэн шийдэхээс эрх баригч МАН-ын хувь заяа шийдэгдэхээр байгаа учраас ийнхүү олон өдөр зөвшилцөж, тохиролцож чадахгүй өдийг хүрэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр өргөн бариулсан МАН-ын хууччуулын санаа зарим гишүүдэд нь таалагдахгүй байгаа. Ерөнхийлөгчийн хэлснээр МАН-ынхан та нар өөрсдөө "захиалсан" учраас сонгуулийн тогтолцоог холимог болгох, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, хугацааг нь тав болгосон шүү гэж сануулж, өөрийн биеэр бүлгийн хуралд оролцсон ч нэмэр болсонгүй. Ерөнхийлөгчийн хувьд МАН-ын гишүүд "захиалсан" санал дээр нь "мэх"-нд оруулах замаар өөрийн хүссэн шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтуудаа Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгаж чадсан бөгөөд өөрийнхөө эрх мэдэлтэй холбоотой заалтуудыг бол "хасуулж" чадсан гэхэд хилсдэхгүй биз ээ.
МАН-ын зарим удирдлага гишүүд дотооддоо, гишүүдтэйгээ тохиролцож, зөвшилцөх хэд хэдэн удаагийн уулзалтыг Төрийн ордны өрөөнд ч, агаар салхинд ч гарч хийсээр буй. Гэвч энэ уулзалтууд үр дүн багатай, хэн нь хаана, хэнтэй ямар тохиролцоонд орохоос шалтгаалаад асуудал хаашаа эргэх нь тодорхой болохоор байна. УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2020 оны сонгуулийн пи-ар болгож, шоудаж байгаад харамсч" байна гэж хэлсэн нь ч учиртай.
УИХ-ын дарга Г.Занданшатарт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан авторыг өөртөө ч намдаа ч наахын тулд энэ удаад том оноо авах боломж бий. Гэвч Ерөнхийлөгчийн, намын нөхдийн, АН-ын гээд олон "хавханд" орсон учраас зөвшилцлийн хувьд хэн хэндээ төвөгтэй байгаа биз ээ. Ялангуяа сонгуулийн тогтолцоо ямар байхаас дахин УИХ-д суух эрх нь тодорхой болох учраас тохиролцоо маш чухал.
УИХ-д хэд хэд сонгогдсон Ц.Нямдорж, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол, С.Бямбацогт нарын зүгээс сонгуулийн тогтолцоог холимог болгож, намын жагсаалтаар нэг хэсэг нь сонгогдох ёстой хэмээн "чичирч" буй сурагтай. Харин энэ удаад анх удаа сонгогдсон гишүүдийн хувьд сонгуулийн тогтолцоог жижгээр явуулах нь МАН-д ч, өөрсдөд нь ч ашигтай гэж үзэж байгаа учраас ийнхүү хоёр тийшээ харсаар өнөөдөртэй золгож байна.
Ямартай ч өнөөдөр МАН дахиад л хурал зарласан, харин хуралдах эсэх нь мөн л тодорхойгүй, тохиролцоонд хүрээгүй учраас хэсэг бүлгээрээ л хуралдах сурагтай байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ