Түрээсийн байр: Иргэд материалаа бүрдүүлж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

Түрээсийн байр: Иргэд материалаа бүрдүүлж чадахгүй байна

Түрээсийн байр: Иргэд материалаа бүрдүүлж чадахгүй байна

“Буянт-ухаа 2″ 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэд бүрдүүлсэн бичиг баримтаа тав хоногийн дотор Мишээл Экспо болон Дүнжингарав худалдааны төв дэх иргэдийн нэг цэгийн үйлчилгээний төвд өөрийн биеэр авч ирэх ёстой. Энэ дагуу иргэдийн материалыг өчигдрөөс хүлээн авч эхлээд байна. Тиймээс иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой болон тэнд ачаалал хэр байгааг Дүнжингарав худалдааны төвөөс сурвалжиллаа.

Тус худалдааны төв дэх иргэдийн нэг цэгийн үйлчилгээний төвд 29,30 дугаартай хоёр цонхонд түрээсийн орон сууцанд тэнцсэн иргэдийн материалыг хүлээн авч байгаа юм. Иргэдийн урт дараалал үгүй ч бүртгэл мэдээллийн ажилтнууд толгой өндийх завгүй. Нэг иргэний материалыг хянахад дор хаяж 15-20 минут зарцуулж байв. Дугаарлаж буй хүмүүс дунд ямар бичиг баримт бүрдүүлэхээ мэдэхгүй, буруу бичиг баримт бүрдүүлээд яарч тэвдсэн, түрээсийн орон сууцанд тэнцсэн үгүйгээ мэдэхээр лавлах гэсэн хүмүүс их. Тус үйлчилгээний төвд өчигдөр хандсан иргэдээс хоёр нь л зөв материал бүрдүүлж чаджээ.

Мэдээллийн ажилтнууд иргэдийн бүрдүүлсэн бичиг баримтыг үзээд цалингийн орлого болон зээлийн үлдэгдэл бас түрээсийн орон сууцны ангилалд хаана бүртгүүлснийг нь лавлах аж. Нийслэлийн орон сууцны корпорациас эхний сонгон шалгуурт тэнцсэн иргэдийн материалыг энэ сарын 23-ны Баасан гариг хүртэл хүлээн авах бөгөөд тэнцсэн иргэн дор хаяж долоон бичиг баримт бүрдүүлж буй.

ХОЁР ИРГЭН Л ЗӨВ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЛЭЭ

Орон сууц ашиглалт борлуулалтын хэлтсийн дарга П.АЛТАНХУЯГ: 

-Ачаалал харьцангуй бага байна. Учир нь түрээсийн орон сууцанд тэнцсэн иргэдэд утсаар холбогдож бүрдүүлэх материалаа авчирч өгөхийг хэлсэн. Мөн хүмүүс ногоон жагсаалтад орсон л бол тэнцсэн гэж ойлгож буй. Энэ бол зөвхөн эхний шатаа давж буй хэрэг юм. Одоогоор сонгон шалгаруулалтын хоёр дахь үе шат буюу иргэдийн материалыг хүлээн авч байна. Бид өнөөдрөөс эхлэн иргэдийн материалыг хүлээн авах хоёр цонхыг нэмэлтээр ажиллуулж, үндсэндээ дөрвөн цонхоор иргэдэд үйлчилнэ. Иргэд бүрдүүлэх материалын дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацийн цахим сайтаас дэлгэрэнгүй харах боломжтой. Иргэдийн бүрдүүлэх материал харилцан адил биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэг, залуу гэр бүл гэсэн ангиллаас шалтгаалан бүрдүүлэх материал нь тусдаа байна. Өглөөний 08.00 цагаас өдрийн 13.00 цаг хүртэл үйлчлүүлсэн иргэдээс зөвхөн хоёр нь л зөв материал бүрдүүллээ. Үлдсэн хүмүүс материалаа буруу бүрдүүлсэн, эсвэл судалж асуух байдлаар хандаж байна. Бүртгэл өнөөдрөөр дуусахгүй баасан гариг хүртэл үргэлжлэх учраас иргэд яарч тэвдэж алдаа гаргалгүй материалаа зөв бүрдүүлэхийг зөвлөе. Хамгийн гол нь нэг цэгийн үйлчилгээний төвд түрээсийн орон сууцанд эхний байдлаар тэнцсэн хүмүүс л материал бүрдүүлнэ гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Нийслэлийн орон сууцны корпорациас таны утсанд хариу ирсэн бол та материал бүрдүүлж өгнө. Хэрэв утас болон имэйлээр ямар нэгэн хариу ирээгүй бол иргэд нэг цэгийн үйлчилгээний төвийг зорьж цаг алдах хэрэггүй юм.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ТЭНЦСЭН ИРГЭД ДАХИН ТЭНЦЭНЭ ГЭДЭГТЭЭ ЭРГЭЛЗЭЖ БАЙНА

“Буянт-ухаа 2″ 972 айлын түрээсийн орон сууцанд бүртгүүлж тэнцсэн хүмүүс хамгийн багадаа долоогоос дээш материал бүрдүүлж буй. Тэнцсэн иргэдийн хувьд бүрдүүлсэн бичиг баримтаа нэг цэгийн үйлчилгээний төвд өгч буй ч дахин сонгон шалгаруулалтаар тэнцэж, түрээсийн орон сууцанд орно гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Тэдний хувьд материалаа үнэн зөв бүрдүүлсэн гэх тайлбар өгч байв. Зарим иргэний сэтгэгдлийг хуваалцав.

Иргэн Б /Нэрээ нууцлахыг хүсэв/

Миний хувьд төрийн албан хаагч. Энэ дагуу л Нийслэлийн орон сууцны корпорациас утсаар холбогдож тэнцсэн гэх хариу өгсөн. Тиймээс бүрдүүлсэн бичиг баримтаа өгөхөөр ирээд байна. Материалын хувьд алдаа дутагдалгүй. Өнөөдөр ачаалал харьцангуй бага байна. Би энгийн түрээслэх хэлбэрээр сонгосон. Дараагийн сонгон шалгаруултад ч бас тэнцэх байх.

Иргэн  М.ЦЭРМАА: 

-Би “Буянт-ухаа 2″ 972 айлын түрээсийн орон сууцанд түрээслээд өмчлөх ангилалд бүртгүүлсэн. Миний хувьд боловсролын салбарт 35 жил ажиллаж байна. Анх удаа цахимаар бүртгүүлж үзлээ. Хуулийн дагуу үнэн зөвөөр бүртгүүлсэн, нийслэлийн орон сууцны корпорациас сонгогдсон байна гэх хариу ирүүлсэнд баяртай байна. Сонгон шалгаруулалт үнэн зөв, шударга болжээ. Өмнө нь түрээсийн орон сууцанд хамрагдаж байгаагүй. Энэ жил анх удаа бүртгүүллээ. Миний хувьд бага хэмжээний зээлтэй байсан ч эхний байдлаар тэнцсэндээ баяртай байна. Материалын хувьд шаардсан бүгдийг нь бүрдүүлсэн учраас үнэн зөв гэдэгт итгэлтэй байна.

Иргэн З.Энхбилэг

-Би “Буянт-Ухаа 2″ 972 айлын түрээсийн орон сууцанд залуу гэр бүл ангилалд бүртгүүлсэн. Эхний удаа тэнцлээ. Дараа нь өчнөөн сонгон шалгаруулалт бий. Тиймээс тэнцэх үгүйгээ мэдэхгүй байна. Ямартай ч бүрдүүлсэн материалаа өгнө. Миний хувьд банкинд зээлгүй, хувийн компанид ажилладаг, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Түрээсийн орон сууцанд тэнцээд орох үгүйг төр засаг л мэдэх байх даа.

Иргэн Р.АЛТАНЦЭЦЭГ: 

-Миний хувьд өрх толгойлсон эмэгтэй, тэтгэвэрт гарсан. Түрээсийн орон сууцанд тэнцсэн үгүйгээ мэдэхээр ирлээ. Утсанд ямар ч хариу ирсэнгүй. Манай хүүгийн утас руу ч бас залгаагүй. Уг нь түрээсийн орон сууцанд тэнцвэл оръё гэж бодоод байна, бид төрийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй, бүхий л зүйлээс хасдаг. Би хүүтэйгээ амьдардаг. Хүү маань цахилгаанчин мэргэжилтэй гэлээ.

Зөвхөн "Дүнжингарав" худалдааны төв дэх нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлж буй хүмүүсийн тухайд дээрх сэтгэгдлийг хэлж байв. Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд хандаж буй хүмүүсийн ихэнх нь материалаа алдаа дутагдалтай бүрдүүлсэн,  настнуудын хувьд ямар ангилалд бүртгүүлснээ мэдэхгүй зэрэг асуудал гарч буй нь ажиглагдав.


ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж