А.Индра: Жаахан охин загвар өмслөө гэх сөрөг хандлага их байсан

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

А.Индра: Жаахан охин загвар өмслөө гэх сөрөг хандлага их байсан

А.Индра: Жаахан охин загвар өмслөө гэх сөрөг хандлага их байсан

Амартүвшингийн Индра. Тэрбээр өнгөрөгч долдугаар сараас эхлэн бүтэн сарын хугацаанд үргэлжилсэн Face of Mongolia 2020” тэмцээний тэргүүн титмийг хүртээд буй ирээдүйтэй модель юм. Азийн 25 улсад зохион байгуулагддаг энэ тэмцээн нь Монгол Улсад 13 дахь жилдээ зохион байгуулагдаж, энэ жилийн ялагчаар 13-хан настай охин тодорсон нь олны анхаарлыг татаад байна. Уншигч танаа Face of Mongolia 2020” тэмцээний тэргүүн мисс А.Индратай ярилцсанаа хүргэе.


Өндөр: 178 см
Биеийн жин: 55 кг
Биеийн харьцаа: 85:62:90
Төрсөн он, сар, өдөр: 2006.04.09

-Юуны өмнө Face of Mongolia 2020” тэмцээний тэргүүн миссээр шалгарсанд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Миний хувьд сэтгэгдэл маш өндөр байна. Өдөр тутмын амьдралдаа хэвшил болгосон “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн сайхан уриа үг бий. Би хэдий 13 настай ч өөрийнхөө чадах бүхнээ 100 хувь дайчилж, сарын хугацаанд тэмцээндээ амжилттай оролцлоо. Тэмцээн маань долдугаар сарын 5-наас эхэлсэн юм. Тэмцээнд оролцож байгаа бүх хүнээс үлгэр дууриал авч, өөрийгөө улам дайчилж, хөгжүүллээ. Хичээсний эцэст үр дүн нь гарсан учраас би төдийгүй ойр дотныхон маань хүртэл баяртай байна.

-Өөртөө хэр итгэлтэй байсан бэ?

-Би анх энэ тэмцээнд оролцохдоо байр эзэлье гэж бодоогүй. Зүгээр л би загвар өмсөөд жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэр ахиц гаргасан бэ гэдгээ мэдэж, өрийгөө сориод үзье гэж бодсон. Мэдээж оролцогч бүрт нууцхан ялах хүсэл байлгүй яах вэ. Тэмцээний финалын шалгаруулалтын үеэр өөрийгөө шагнал авна гэдгээ гадарласан байсан. Учир нь өмнөх өдөр нь бага гала тоглолт болж, БНСУ-ын хэвлэлүүд намайг сонирхож, надаас нууцаар ярилцлага авсан. Тэгэхээр нь би “Ямартай ч гран при биш юм аа гэхэд БНСУ руу явах таван оролцогчийн нэг болсон юм байна” гэж бодсон. Тэгсэн өмнөх дөрвөн шагналт байрыг зарласны дараагаар өөртөө улам итгэлтэй болсон.

-Энэ жилийн тэмцээнд нийт хэчнээн оролцогч бүртгүүлж, өрсөлдсөн бэ?     

-Анх манай тэмцээнд 120 эмэгтэй оролцогч бүртгүүлсэн. Эдгээрээс эхний 20 шилдэг оролцогч тэнцэж үлдсэн юм. Шилдэг 20 оролцогч дунд насаар хамгийн бага нь би. Дор хаяж надаас гурван насаар буюу 16 наснаас 30 хүртэлх настай оролцогчид оролцсон. Зарим оролцогчдын хувьд загвар өмсөөд 10 гаруй жил болсон маш туршлагатай хүмүүс байсан. Миний хувьд оролцогчдоо өрсөлдөгч гэж харалгүйгээр найз нөхөд болж, тэднээс суралцахыг хичээсэн. Сарын хугацаанд оролцогчдоос зураг авалт, фото моделийн ур чадварыг их шаардсан. Даалгаврууд дээр миний хөдөлмөрч зан ихээр нөлөөлсөн гэж шүүгчид хэлж байсан. Яагаад гэвэл би зураг авалт болгон дээр өөр дүр төрх гаргахыг хичээсэн. Жишээлбэл, эхний хөрөг зураг авалтын үеэр хар хувцас өмсөж, үсээ нэг талыг нь шулуун, нөгөө талыг нь буржгар болгон өөрчилсөн. Энэ мэт бүх шатанд өөрийгөө хувирч чадна гэдгийг харуулахыг зорьсон юм.

-Хүмүүс 13 настай модель гэхээр шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. Энэ тэмцээнд анх удаа 13 настай охин ялагч болж байна уу?

-Нондин жил энэ тэмцээнд 14 настай охин оролцож, тухайн үедээ шүүмжлүүлж байсан. Гэхдээ миний хувьд энэ шүүмжлэлүүдийг өөртөө хүндээр тусгаж авахгүй байгаа. Би багаасаа өндөр нуруутай, шүүмж сонсоод сурчихсан. Тэр болгонд сэтгэлээр уналгүй өөрийгөө улам хөгжүүлье л гэж боддог. Хүмүүс юм бүхнийг сөргөөр харж, бухимдаж хүлээж авдгийг ойлгохгүй юм.

-Анх хэдэн настайгаасаа тайзнаа гарч загвар өмссөн бэ?

-Би бусдын л адил зуны амралтаараа найзуудтайгаа гадаа тоглоно. Одоогоос хоёр жилийн өмнө эмэгтэй хүүхэд учраас багахан ч гэсэн гоо зүйн мэдлэг эзэмшье гэж бодоод найзтайгаа хамт “Шилмэл загвар” модель агентлагийн анхан шатны сургалтад хамрагдсан. Эхэндээ сонирхож л орсон. Тэгсэн манай агентлагийн О.Хулангоо багш маань надад найдлага тавьж, “Чи их ирээдүйтэй хүүхэд байна. Чамайг гарынхаа шавь болгоё. Чи гүнзгий шатандаа заавал хамрагдаарай” гэсэн. Анх “Жаахан охиныг загвар өмсүүллээ” гэх хүмүүсийн сөрөг хандлага их байсан. Гэхдээ ээж маань надад урам зориг өгч, “Хоёулаа хичээгээд үзье” гэсэн. Тэгээд гүнзгий шатандаа хамрагдаад, агентлагийнхаа гэрээт моделиор сонгогдсоноос хойш бүтэн жил болоод байна. Энэ удаагийн тэмцээнээс гадна өнгөрсөн хугацаанд өвлийн, хаврын “Гоёл” наадамд оролцсон. Мөн “Princes miss Mongolia” тэмцээний “Гоо модель” титмийн эзэн болсон. Үүний дараагаар Турк улсад өнгөрөгч тавдугаар сард зохион байгуулсан “Future fashion face of world” олон улсын тэмцээний нэгдүгээр байрыг эзэлсэн юм.

-Өвлийн “Гоёл” наадамд оролцсон байсан. Энэ наадамд хамгийн жаахан оролцогч модель нь байсан болов уу?

-“Гоёл” наадамд өмнө нь хичээлтэй учраас завгүйгээсээ болоод орж чаддаггүй байсан. Өнгөрсөн өвөл арван жилийн сургууль дөрвөн долоо хоног амарсан шүү дээ. Тэр үеэр “Гоёл” наадмын эхний өдөр гээд очсон чинь “Моделиуд чинь яагаад нүүрээ будуулаагүй явж байгаа юм бэ” гээд намайг шууд нүүр будалтын өрөө рүү оруулаад л тайзнаа гарсан. Тэрнээс хойш олон хүн намайг таньдаг болсон.

-Үлгэр дууриалал авдаг загвар өмсөгч гэвэл?

-Монголоос гэвэл Топ модель Э.Одгэрэл, загвар өмсөгч Т.Туяамаа эгч маань байна. Хамгийн их биширдэг загвар өмсөгч гэхээр “Шилмэл загвар” агенлагийн О.Хулангоо, Х.Энхмаа багш нар маань байна. Дэлхийн загварын ертөнцөөс алдартай өнгөт арьст модель Наомби Кэмпбелл болон Жижи, Белла Хадид эгч дүү хоёр.

-Монголд загварын ертөнцөд MNTM шоу нэвтрүүлэг үзэгчдэд хүрэх болсон. Энэ шоунд оролцох бодол бий юу?

-Байлгүй яах вэ. Тодорхой насны хязгаартай учраас 16 нас хүртлээ жинхэнэ өөрийгөө бэлдэж, хөгжүүлнэ. Манай моделиудыг анзаарч байхад гадаад гоо үзэмждээ хэтэрхий анхаараад, дотоод гоо үзэсгэлэнгээ орхигдуулдаг. Аль алийг нь орхигдуулахгүй байх хэрэгтэй.

-Багаасаа ийм нуруулаг охин байв уу. Одоо биеийн өндөр хэд вэ?

-Тийм. Манай аавын талын эрэгтэйчүүд өндөр хүмүүс байдаг. Жишээлбэл, манай өвөө 2 метр өндөр байсан бол аав маань 195 см, би 180 см өндөр. Би эцэг, эхээс дөрвүүлээ. Айлын том охин.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ. Загварын карьераа үргэлжлүүлэх үү?

-Мэдээж загвар өмсөгчийн карьераа үргэлжлүүлнэ. Гэхдээ загвар өмсөгч чинь урт настай мэргэжил биш шүү дээ. Тийм учраас би ирээдүйд олон улсын дипломатч мэргэжилтэй болохыг хүсдэг. Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд гадаад хэлтэй байх ёстой. Би одоо нийслэлийн Тэргүүний “Үй-цай” бүрэн дунд сургуулийн есдүгээр ангид сурдаг. Тиймээс хятад хэлний гүнзгий шат, англи хэлний дунд шатны мэдлэгтэй. Ирэх жил БНСУ руу “Asian model festival”-д оролцох учраас солонгос хэл сурна. Бас давхар испани, герман хэлтэй болно гэж бодож байгаа.

-А.Индра маань ангийнхаа мисс, бас ангийн дарга гэсэн үү?

-Би ангийн дарга. Хүн удирдан зохион байгуулах чадвартай учраас энэ жил ангийн даргаар сонгогдсон. Миний хувьд анги хамт олонтойгоо нийтэч, эвтэй байдаг. Ер нь ангийнхнаа манлайлдаг сурагчдын нэг.

-Урлаг, спортоор хичээллэдэг үү. Нууцлаг авьяас бий юу?

-Спорт гэвэл сагсан бөмбөг тоглоно. Гэхдээ тууштай хичээллэдэггүй ээ. Ямартай ч сургуулийнхаа спортын арга хэмжээнд нуруугаа ашиглана гүйлт, уртын харайлтын тэмцээнд амжилттай оролцож, шагнал авч байсан.

-Тэмцээнд түрүүлсэн учраас ямар нэгэн хамтран ажиллах санал хүлээн авсан уу?

-Одоогоор надад ямар нэгэн хамтран ажиллах санал ирээгүй байна. Тэмцээн маань дуусаад хоёр л хонож байна.

-Цаашдаа ирээдүйд юу хийхийг зорьж, хүсч байна вэ? 

-Ойрын зорилго гэвэл ирэх 2020 онд БНСУ-д зохион байгуулах олон улсын тэмцээндээ амжилттай оролцохыг хүсч байна. Уг тэмцээнд Азийн 25 орны 16 наснаас дээш насны оролцогчид оролцдог. Би ганцаараа 13 настай. Миний хувьд насаар бага гэлтгүй өөрийгөө бүрэн дайчилж, амжилттай оролцох болно. Би хэдийгээр өндөр ч гэсэн биеийн хөгжил маань бүрэн гүйцээгүй байгаа. Тийм учраас энэ насан дээрээ усанд сэлэлт, боксоор хичээллэнэ гэж бодож байгаа. Ирээдүйн мэргэжлээрээ амжилттай суралцаж, Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан чадварлаг модель болно.

 

Гэрэл зургийг: Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХөөрхөнХөөрхөн
10
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж