Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурлын эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурлын эргэн тойронд

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурлын эргэн тойронд

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг өчигдөр /2019.08.19/ зургаа дахь өдрөө хэлэлцэж, шүүгч нарын бүрэлдэхүүн нотлох баримт хангалтгүй гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан.

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Нийслэлийн прокурорт нь буцааж шийдвэрлэсэн нь энэ юм.

Шүүх хурлын дараа хохирогч гэгдэж буй Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат "24 CD баримт байсан ч яагаад нотлох баримт болдоггүйг гайхаж байна. Шүүх бүрэлдэхүүнийг хангалттай ажиллалаа гэж үзэхгүй байна. Эрүүдэн шүүсэн нь нотлогдоод, эдгээр хүмүүс суллагдах ёстой гэж би бодож байлаа. Харамсалтай байна" гэлээ. Харин Т.Чимгээгийн өмгөөлөгч “Нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг зөв гэж үзэж байна. Шаардлагатай ажиллагаанууд хийгдэх ёстой" гэхээс өөр зүйл хэлсэнгүй.

ШҮҮХ: ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮЗЭХЭД ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн "Нотлох баримтын шаардлага хангахгүй маш олон зүйл байгаа. Шүүх гэмт хэрэг гэж үзэхэд хангалтгүй байна гэж үзсэн. Хэргийн талаар өөр зүйл ярих ямар ч боломж байхгүй. Миний байр суурь хүртэл хэргийн нэг хэсэг болно” хэмээн хэллээ.

Сэтгүүлч түүнээс "Бичлэг дээр Ц.Амгаланбаатар, н.Итгэлтөгс нар ялтнуудыг зоддог шүү дээ. Гэтэл шүүх хурал дээр гэрчээр оролцож байгаа нь зөв үү? Өмгөөлөгчид ямар байр суурьтай байна вэ"  гэж асуухад "Янз бүрийн л байр суурьтай байна. Зодсон хүн нь зүгээр гэрч болно гэдэг ойлгомжтой юм биш үү" хэмээн хариулсан юм.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүний гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүгч нарын бүрэлдэхүүн тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 тус тус зүйл ангиар буруутгаж буй.

133 ДУГААР ЗҮЙЛ.ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИХ

133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

251 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ

 251.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж