Д.Оюунхорол: Аяллын шинэ брэндтэй болно

Хуучирсан мэдээ: 2015.07.23-нд нийтлэгдсэн

Д.Оюунхорол: Аяллын шинэ брэндтэй болно

Д.Оюунхорол: “Торгоны зам”-ын хүрээнд нүүдэлчдийн өв соёлыг сурталчилсан аяллын шинэ брэндтэй болно

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.

-“Торгоны зам аялал жуулчлал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулахаар Зас­гийн газрын даваа гаригийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Энэхүү төслийн нэгжийг байгуулснаар манай улсад ямар ач холбогдолтой вэ?

-Дэлхийн аялал жуулч­лалын байгууллагаас “Торгоны зам аялал жуулчлал” хөтөлбөрийн хүрээнд бидэнд санал тавьсан юм. Тодруулбал, “Монгол Улс нүүдэлчдийн замаар аялахуй” гэдэг шинэ аялал жуулчлалын брэнд бий болгооч гэсэн л дээ. Өнгөрсөн зургадугаар сард болсон “Торгоны зам” олон улсын хуралд оролцож байх үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай “Дэлхийн аль нэг орон Монгол Улсын өмнөөс нүүдэлчдийн тэр арвин соёлын өвийг сурталчилж чадахгүй. Тэгэхээр танай улс санаачлан    хөгжүүлэх  хэрэгтэй” гэж хэлсэн. Тиймээс энэ ажлыг бид шуурхай зохион байгуулж, “Торгоны зам аялал жуулчлал”-ын төслийн нэгж байгууллаа. Ингэснээр нүүдэлчдийн замаар аялахуй маршрутыг бий болгож, уг чиглэлээр үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байна. Миний өмнө Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас дөнгөж сая ирсэн захидал байна. Ноён Талиб Рифайн гарын үсэгтэй уг захидалд, Торгоны зам аялал жуулчлалын төслийн нэгжийг байгуулсанд баяр хүргээд,    Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, НҮБ-аас дэмжихээ илэрхийлсэн байна.  Энэ бол Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд том дэмжлэг болно. Өнөөдөр БНХАУ-д 40 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Торгоны замын аялал жуулчлалын фонд бий болсон.  Торгоны замын аялал жуулчлал, дэд бүтцийг бий болгох чиглэлээр улс хоорондын эв нэгдэл, найрамдал, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхээр дэлхий нийт идэвхтэй ажиллаж байна. Энэ том арга хэмжээнд Монгол Улс хамтран оролцож, өөрийнхөө улс орныг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулъя гэж Засгийн газраас шийдвэр гаргасан байгаа.

-Манай улсын тухайд ямар маршрут гаргах боломжтой вэ?

-Одоо аялал жуулчлалын комисс байгуулаад байна. Ямар замаар аяллын маршрут гаргах вэ гэдгээ Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай ярилцаж байж шийдвэрлэнэ. Ингэхийн тулд бид төслийн нэгж байгуулж, энэ асуудлуудыг ярих боломж бүрдэж байна.

-Өнөө жил Монгол оронд зочлох жуулчдын тоо урьд жилүүдийнхээс илүү байна гэсэн хүлээлт бий. Учир нь манай улс “ITB-2015” олон улсын үзэсгэлэнд түнш орноор оролцсон. Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд салбарын яамны зүгээс ямар ажлуудыг хийж байна вэ?

-Монголд ирэх жуулчдын тоо тодорхой  хэмжээгээр өссөн гэдгийг  аяллын компаниуд хэлж байгаа. Яагаад гэвэл зочид буудлуудын ор хоногийнх нь тоо дүүрэн хүнтэй, тэдний үйл ажиллагаа идэвхтэй явж байна. Гэвч өнөөдөр аялал жуулчлалын салбарт шийдвэрлэгдэж чадаагүй олон асуудал бий. Үүнийг бүгд мэднэ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам багагүй ажлуудыг хийж амжуулж байна. Аялал жуулчлалын салбараа тогтвортой хөгжүүлэхээр  бид    Үндэсний хөтөлбөр  боловсруулж, зургадугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Анх удаа батлагдсан  энэ хөтөлбөрт тусгасан асуудлуудын дагуу  салбарын өмнө тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэнэ.  Шийдвэрлэх асуудлууд маань илүү эрэмбэтэй цэгцтэй болж байна л гэсэн үг. Аялал жуулчлалын салбарын хүнд ачааг зөвхөн хувийн хэвшлийн хэдэн аж ахуйн нэгжийн нуруун дээр үүрүүлээд яваад байж болохгүй. Дэлхийн олон улс орон өөрийнхөө эдийн засгийн салбарыг хөгжүүлэх нэг гол хөлийг аялал жуулчлалын салбар гэж үзэж байна. Бид бусад оронтой харьцуулахад энэ салбарыг хөгжүүлэх аль ч талын материал сайтай ард түмэн. Тиймээс эдийн засгаа хөл дээр нь босгоход, эдийн засгийнхаа гол брэндийг, бүтээгдэхүүнийг бий болгож, дэд бүтцийг нь сайжруулж, аялал жуулчлалынхаа салбар руу тодорхой хөрөнгө зарцуулж байж эргээд мөнгө олох боломжтой. Ингэснээр ажлын байр нэмэгдэнэ. Олон хүнийг ажилгүйдэл ядуурлаас гаргахад тус дэм болно. Бид  гадаадаас  жуулчдыг  яаж татах, тэдэнд хэрхэн шуурхай үйлчлэх, сэтгэл ханамжийн баталгааг яаж үзүүлж чадах вэ гээд маш олон асуудлаа шийдвэрлэх шаардлагатай.  Үүнийг аялал жуулчлалын компаниуд дангаараа шийдвэрлэж чадахгүй. Тиймээс бид Үндэсний хөтөлбөрөө батлууллаа. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж чадаагүй гацсан гол шалтгаан нь төрийн ямар ч дэмжлэггүйгээр хувийн хэвшлийнхэн маань хүнд ачааг нуруун дээрээ үүрч ирсэнтэй  холбоотой. Монголыг дэлхий нийтэд илэрхийлэх,  эдийн засагт хувь нэмэртэй бүх  асуудалд төр анхаарлаа хандуулах ёстой.

-Аялал жуулчлалын компаниудын нуруун дээрх хүнд ачааг хөнгөвчлөхөд төр ямар үүрэгтэй оролцох ёстой вэ?

-Хувийн хэвшлийнхэн дангаараа шийдэх боломжгүй байгаа асуудлуудыг төр хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлаж шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Ийм зохицуулалтуудыг хийж, шаардлагатай  хөрөнгө оруулалтуудыг  бололцоогүй байгаа салбаруудад нь татах ёстой. Мөн аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангаж өгөх асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.   

-Дотоодын аялал нэмэгдэж байна. Ялангуяа Хөвсгөл аймаг наадмын өдрүүдэд хүний хөлд дарагдлаа. Тэнд нөхцөл байдал хүнд байсан тухай амрагчид гомдоллож байгаа. Энэ нь эргээд жуулчдыг үргээж болзошгүй. Иймд асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Хөвсгөл далайд сая баяр наадмаар жуулчны тоо  хүчин чадлаас давсан  асуудал үүссэн. Бодлогоо оновчтой гаргаад,   байгаа материалаа эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдгийг болж буй үйл явдлууд хэлээд байна. Хөвсгөл орчимд байгаа бүх аялал жуулчлалын компаниудад  00,  халуун ус зэрэг наад захын асуудлуудаа стандартын дагуу болгох шаардлагыг бид тавьж  байгаа. Дотоодын аялал жуулчлал идэвхжиж байгааг баяр наадмын үеэр  Хөвсгөлд амрагчдын дүр төрх харуулсан. Тэнд буудал, гэр, ариун цэврийн өрөө олдохгүй  байсан. Тиймээс Засгийн газраас цаашид аялал жуулчлалын салбарыг бодлоготойгоор хөгжүүлж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Энэ бодлогын хүрээнд тодорхой ажлуудыг хийж эхлүүлсэн. Улаанбаатар хотоос 90 км-ийн зайд байгаа Аглаг бүтээлийн хийдийг  бурханч лам  Г.Пүрэвбат  маш сайхан болгож, байгаль, түүх, шашны агуулгатай болгосон. Бид газар дээр нь очиж танилцаад,“Нэг км бурхны замаар аялахуй” маршрутыг бий болгосон энэхүү хийдийн дэд бүтцийн асуудлыг шийдэхээр анхаарлаа хандуулсан.   Г.Пүрэвбат лам   буддын шашны  төв нь бол Монгол орон байсан юм гэдгийг харуулж чадахуйц урлагийн бүтээлүүдийг хийсэн байна.  Тийшээ гадаад, дотоодын жуулчид хэдэн мянгаараа очиж байгаа. Аялагчдыг тав тухтай зорчуулахад зам дэд бүтцийн асуудлыг зөвхөн Г.Пүрэвбат лам өөрөө хийх ёстой мэтээр бид хардаг байсан. Тэгвэл тийм биш. Сүсэгтэн олон хийгээд жуулчдын мөргөж, залбирахаар зорьж байгаа тэр чиглэлийн нийтийн эзэмшлийн замын асуудлыг төр шийдээд өгчих юм бол бужигнаж байгаа шороо тоос нь алга болно, аялж яваа хүмүүст илүү ая тухтай болно, байгальд ээлтэй аялал жуулчлал хөгжинө.  Мөн  боловсон 00-уудыг байгуулж, тохижуулсан. Энэ мэтчилэнгээр салбарын маань ажил богино хугацаанд алхам алхмаар урагшилж л байна.

-Та сая Австралийн иргэн Тим Көүп-д Монголын аялал жуулчлалын элч өргөмжлөл, Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол, тэмдгийг гардуулж өглөө. Энэ хүн аялал жуулчлалд ямар үүрэг гүйцэтгэсэн хүн бэ?

 -Тим Көүп бол Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах, нүүдлийн ахуй соёл, нүүдэлчин ард түмний амьдралыг бодитоор үзүүлж харуулахад үнэхээр үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа хүн. Одоогоос 15 жилийн өмнө Монголд ирээд л нүүдэлчдийн ахуй соёл, амьдралд сэтгэл нь татагдаж, адал явдалт аяллынхаа томоохон маршрутыг нүүдэлчдийн  замаар аялахад зориулсан дэлхийд нэртэй, Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, томоохон нийгэмлэгүүдтэй хамтран ажилладаг, тэдгээрт данстай аялагч  хүн. Тим олон орноор олон удаагийн аялал хийснээс бидний түүх, соёлын жимээр гурван жил хагасын хугацаанд аялсан нь хамгийн том аялал нь юм байна.  “Чингис хаан болон XIII зууны нүүдэлчин монголчуудын мөрөөр” аяллыг Хархориноос Унгар хүртэл мориор 2004-2007 онд гурван жил хагасын хугацаанд хийж, дараа   тэр аяллынхаа тухай “Чингис хааны мөрөөр-нүүдэлчдийн нутгаар хийсэн домогт аялал” ном туурвин бүтээж,    Австрали, АНУ, Канад, Их Британи, Герман зэрэг улсуудад бестселлэр болон олон хувиар борлуулагджээ.  Энэ номоороо олон ч   шагнал авч, кино хүртэл хийж  олон улсад нүүдэлчин ахуй, соёлыг сурталчилсан. Би тэр номыг монгол хэл дээр хэвлүүлэн гаргахад тусална гэдгээ амласан.  Бидний хийж чадаагүй асар их зүйлийг энэ хүн хийж, дэлхийд Монголын нэрийг гаргаж байхад төр өгдөг шагнал урамшууллаа өгөх хэрэгтэй, ядаж номыг нь монгол хэлээр гаргахад дэмжлэг үзүүлэх ёстой гэж бодож байгаа. Энэ хүнийг Монголын аялал жуулчлалын элчээр өргөмжилж, Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнаж байгаа нь “Цаашид Монголыг улам сайн сурталчлаарай” гэж захиж, урамшуулж байгаа л нэг хэлбэр шүү дээ.

                                                                Эх сурвалж: Өдрийн сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж