Монгол судлаачдыг дэлхийн экспертүүд өндрөөр үнэллээ

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

Монгол судлаачдыг дэлхийн экспертүүд өндрөөр үнэллээ

Монгол судлаачдыг дэлхийн экспертүүд өндрөөр үнэллээ

Төв аймгийн Хустайн байгалийн цогцолборт газарт наймдугаар сарын 14-15-нд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Европ, Ази, Африкийн 15 орны мал эмнэлгийн салбарын эксперт, эрдэмтэн, судлаачид оролцсон Мал, амьтны трипаносомоз өвчний олон улсын IV их хурал боллоо.

ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн, Японы Обихирогийн мал эмнэлэг, хөдөө аж ахуйн сургууль, тус сургуулийн дэргэдэх Эгэл биетэн судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан уг хуралд олон улсын төлөөллөөс гадна дотоодын орон нутгийн малын эмч нарын төлөөллийг урьж оролцуулснаараа онцлог байлаа.
Хоёр өдөр болсон дээрх хурал Монголын мал эмнэлгийн салбарын судлаачдын гаргасан шинжлэх ухааны шинэ үр дүнгүүдэд чиглэснээрээ нэлээд онцлогтой байлаа. Манай мал эмнэлгийн хүрээлэнгийн судалгааны баг дэлхийн хэмжээнд сүүлийн 20-30 жилд гаргаагүй адууны нийлүүлгийн өвчний цэвэр өсгөвөр болон өндөр технологийн хурдавчилсан оношлуурыг гарган авч, геномын бүтэн дарааллыг уншуулж чадсан нь ийнхүү олон улсын эрдэмтдийн анхаарлыг татаад байна.

Хуралд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөх, Олон улсын лавлагаа лабораторийн шинжээч эксперт зэрэг мал эмнэлгийн салбарын нэр нөлөө бүхий байгууллагын томоохон төлөөлөгчид ирсэн нь мал, амьтны эрүүл мэндийн асуудал дэлхий нийтэд ямар чухал асуудал болохыг илтгэж буй. Тэдний заримаас хурлын талаар сонирхлоо.

Филипп Бушер /Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын су-ауру өвчний зөвлөх, лавлагаа лабораторийн эксперт, Бельгийн Тропикийн бүсийн хүрээлэнгийн профессор/

-Монголд чуулж буй хурлын онцлог, ач холбогдлыг юу гэж үзэж байна вэ?
-Монголд олон улсын эрдэмтэд цуглаж, хараахан дэлхий нийтэд түгээгүй шинэ нээлтүүд, шинэлэг мэдээллүүдийг сонсож байгаагаараа энэ удаагийн хурал ихээхэн ач холбогдолтой болж байна. Энэ хурлыг Монголд зохион байгуулах болсны учир гэвэл бидний гол судлагдахуун болсон адууны нийлүүлгийн өвчний талаар Монголын эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүн өгөөжтэй, олон улсад ололт амжилттай яваа юм. Жишээ нь, монгол судлаачдын шинээр гаргаж авсан өсгөвөр нь адууны нийлүүлгийн өвчний үүсгэгчийн үндсэн шинж чанарыг хадгалсан шинэ амьд өсгөвөр учраас үүсгэгчийг олон талаас нь тэр тусмаа генийн түвшинд нь судлах боломжийг дэлхийн шинжлэх ухаанд олгож байна. Нөгөө талаар тухайн үүсгэгч ямар эмийн бодист эмзэг болон тэсвэртэй болох, мөн тухайн өвчний үүсгэгчийн мал, амьтанд үзүүлж байгаа эмгэг өөрчлөлтүүдийг нь судлах зэрэг олон шинэ боломжийг нээж өгсөнд баяр хүргэмээр байна.

Кейсуке Суганума /Японы Обихиро их сургуулийн Мал, амьтны эгэл биетэн судлалын үндэсний төвийн судлаач, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын су-ауру өвчний лавлагаа лабораторийн мэргэжилтэн, доктор, дэд профессор/:

-Та монголчуудтай хамтарч адууны нийлүүлгийн өвчний судалгаа, оношлогоон дээр ажилласан хүний хувьд өнөөдрийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлын талаар юу хэлэх вэ?
-Миний хувьд таван жилийн өмнөөс Монголд ажилласан. Судалгааны маань гол чиглэл адууны нийлүүлгийн өвчин байсан. Энэ хугацаанд Монголын судлаачидтай хамтраад лабораторийн долоон өсгөврийг гаргахад оролцсон. Мал эмнэлгийн хүрээлэнгийн Молекул генетикийн лабораторийн судлаач, эрдэмтдийн чадавх, лабораторийн хүчин чадал дэлхийн жишигт нийцсэн өндөр түвшинд хүрсэн гэдгийг онцолмоор байна. Өнөөдөр ч гэсэн олон орны эрдэмтэн судлаачид цуглаад, бидний хамтарч хийсэн ажлын үр дүнд анхаарлаа хандуулж, төвлөрч ярилцаж байгаа нь өндөр ач холбогдолтой.

Алейн /Өмнөд Африкийн Буркино-Фасо улсын Халдварт өвчин судлалын олон улсын хамтарсан хүрээлэнгийн ахлах судлаач/ :

-Та энэ хуралд хамгийн холоос ирсэн зочин байна. Танай оронд өнөөдрийн ярилцаж байгаа мал, амьтны өвчлөл хэр байдаг вэ?
-Энэ хурал өмнө нь Франц, Бельги, Өмнөд Африкт болж байсан. Анх удаагаа Ази тивд тэр дундаа Монгол оронд болж байна. Африкт цэцэ ялаагаар дамждаг болон дамждаггүй трипаносомоор үүсгэгддэг өвчнүүдийн бүх төрөл байдаг. Энэ өвчинтэй тэмцэх хамгийн эхний алхам бол эрт оношлох, эмчилгээ хийх явдал юм. Яг энэ чиглэлд судлаачид сүүлийн үед гаргасан судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж байгаад сэтгэгдэл өндөр байна.

Б.Батцэцэг /Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор, Монгол Японы хамтарсан судалгааны багийн Монгол талын удирдагч/:

-Энэ хурлыг Монголд хийх боломжийг та бүхэн хэрхэн олж авсан бэ?
-Бид адууны нийлүүлгийн өвчний талаар хийсэн судалгааны үр дүнгээрээ олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд сүүлийн таван жил өгүүллүүд гаргасан. Тэрний үр дүн маань биднийг дэлхийн экспертүүдийн хараанд аваачжээ. Тийм учраас өнөөдрийн олон улсын хурлыг зохион байгуулж байна. Байгаа боломжоо ашиглан Монголд адууны нийлүүлгийн өвчинтэй хэрхэн тэмцэх талаар тулгамдсан асуудлаа зөвлөлдөх том боломж, цаашдаа манайх энэ өвчнийг оношилдог олон улсын лавлагаа лаборатори болоход маань энэхүү олон улсын хурал нэг алхам орйтуулж байна гэж хэлж болно.
-Манайд сүүлийн жилүүдэд газар аваад байгаа адууны нийлүүлгийн өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, тэмцэх аргын талаар олон улсын эрдэмтэд юу зөвлөж байна вэ?
-Энэ хурлаар адууны нийлүүлгийн өвчнөөс дэлхийн адуун сүргийг хэрхэн урьдчилан сэргийлж, эрүүлжүүлэх, ямар бодлого, арга зүй баримтлах вэ гэдэг талаар саналаа солилцлоо. Монголд өвчлөлийг бууруулахын тулд эн тэргүүнд мал эмнэлгийн байгууллага адууны шилжилт хөдөлгөөнийг хяналтдаа авах, нэгэнт өвчилсөн бол олон улсын зааврыг баримтлан аж ахуйг эрүүлжүүлэх нь чухал болохыг олон улсын экспертүүдийн зүгээс хэлж байна. Энэ өвчин зөвхөн үржлийн замаар халддаг учир эрүүл гэж нотлогдсон үрээр зохиомол хээлтүүлэг хийж болох асуудлыг ч хөндөн зөвлөж байна.
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын адууны нийлүүлгийн өвчин болон цэцэ ялаагаар дамждаггүй трипаносомозтой тэмцэх заавруудад өөрчлөлт оруулах эсэх, өвчинтэй тэмцэх дэлхийн стратегийн талаар ч хурлынхаа эцэст дүгнэн хэлэлцлээ. Олон улсын нэр хүндтэй энэхүү хурлыг амжилттай зохион байгуулахад Мал эмнэлгийн ерөнхий газар дэмжлэг үзүүлж, хамтран оролцсонд талархалтай байна.

П.Бурмаа /Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Цаст-Ундарга” ХХК-ийн малын их эмч/:

-Орон нутгаас оролцож байгаа малын эмч хүний хувьд хурлаас юу мэдэж авч байна вэ?
Орон нутагт ажилладаг хүний хувьд дэлхийн олон орны экспертүүдээс туршлага судалсан сайхан арга хэмжээнд оролцсондоо баяртай байна. Адууны нийлүүлгийн өвчин манай сумын 2-3 өрхөд гарсан. Гарал үүслийг нь судлахад манай сумын малчин Налайхаас бэлгэнд авсан адуугаа шинжилгээнд хамруулалгүйгээр адуундаа авчирч нийлүүлснээс тухайн өрхийн адууны нэлээд хувь нь халдвар авсан байсан. Өвчний шинж тэмдэг анх нэг чих нь унжиж захын мэдрэлүүд нь саажсанаар илэрсэн. Тэр даруйд нь Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаачидтай холбогдоод адууг нь шинжилгээнд оруулж, эмчилж эрүүлжүүлж чадсан. Энэ бол хурдавчилсан оношлуурыг нээж гаргасан манай Мал эмнэлгийн хүрээлэнгийн Молекул генетикийн лабораторийн эрдэмтэн судлаачдын гавъяа. Адууны нийлүүлгийн өвчнийг оношлох хурдавчилсан оношлуур малын эмч бид нарын гартаа барих хамгийн чухал зэвсэг болж байдаг гэдгийг хэлмээр байна.

АДУУНЫ НИЙЛҮҮЛГИЙН ӨВЧНИЙ ТАРХАЛТЫН ЗУРАГЛАЛ,
ОНОШЛУУРУУД ГАРГАН АВЧЭЭ

Манай улс дөрвөн сая орчим адуутай ч сүүлийн жилүүдэд адууны нийлүүлгийн өвчний халдвар эрсдэл дагуулсаар байгаа бараан мэдээ бий. Уг өвчний үүсгэгчийг 2013 онд илрүүлж, 2014-2019 онд манай Мал эмнэлгийн хүрээлэн, Японы Обихиро их сургуулийн эрдэмтэн, судлаачид хамтарсан САТРЕПС төслийг хэрэгжүүлж өвчний тархалтын судалгааг орон даяар эрчимтэй явуулсны үр дүнд тархалтын зураглал, хурдавчилсан оношлууруудыг гаргаж, тэмцэх арга аргачлал, заавар журмыг боловсруулах зэрэг мал эмнэлэгт нэвтрэх үр өгөөжтэй цогц ажлуудыг гүйцэтгэжээ.

Адууны нийлүүлгийн өвчин нь нөхөн үржихүйн эрхтнийг эмгэгшүүлж үхэлд хүргэдэг тул өвчний явц 3, 4-р шат руу орж хүндэрсэн тохиолдолд эмчилгээний үр дүнгүйг олон улсын эрдэмтэд хүлээн зөвшөөрч байна. Тиймээс монгол эрдэмтдийн гаргаж авсан оношлууруудыг ашиглан өвчнийг эрт үед нь илрүүлэх, эмчилгээний үр дүнг хянах нь уг өвчинтэй тэмцэх арга хэмжээний хувьд томоохон ололт гэдгийг гадаад, дотоодын төлөөлөгчид дуу нэгтэй онцлон тэмдэглэж байлаа. Түүнчлэн хурлын үеэр уг оношлуурыг авах сонирхолтой байгаагаа нэг бус гадаад орны төлөөлөгч илэрхийлж байлаа.

Оношлуурын хувьд эхний ээлжинд аймгуудын хэрэгцээг хангах, цаашдаа экспортлох боломж, эрэлт хэрэгцээ бий гэдгийг ХААИС-ийн Магистр, докторын сургуулийн захирал, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Молекул генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Б.Баттөр хэллээ.

Эх сурвалж: "ШИНЭ ӨСӨЛТ" СЭТГҮҮЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж