Даншигийн начин, заан, арслан цол олгоно

Хуучирсан мэдээ: 2015.07.23-нд нийтлэгдсэн

Даншигийн начин, заан, арслан цол олгоно

Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн, Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран ирэх наймдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Хүй долоон худагт тэмдэглэхээр болжээ.

Энэ үеэр 1922 оноос хойш  Хүй долоо худагт залраагүй Очирваань бурхныг тахих, залах ёслол үйлдэх аж. Очирваань бурхан нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг даасан сахиус бурхан юм. Түүнчлэн Даншиг наадмын үеэр Хүрээ цамын ёслол үйлдэж, Юнескогийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх арга хэмжээтэй. Мөн наадмын үеэр буюу наймдугаар сарын наймны өдрийн 08.00 цагт Чингисийн талбайд 1000 лам сүсэгтэн олонд зориулж, ном хурна.

Харин хурдан морины уралдааныг цомхон зохион байгуулж, азарга, их нас, соёолон гэсэн гурван насны морь уралдуулан, 256 бөх барилдуулахаар төлөвлөжээ. Наадамд зодоглох бөхчүүдийг цол харгалзалгүйгээр буюу сугалаагаар барилдуулахаар заасан байна. Ингээд энэ наадмаас начин, заан, арслан цолыг шинээр олгож, дараа жилийн даншигт зөвхөн тус наадмаас авсан цолны эрэмбээр бөхчүүд ам авч барилдах юм байна. Ингэж даншиг наадмын барилдаанаар бөхчүүдэд цол олгож буй нь тасалдсан түүхэн уламжлалаа сэргээх зорилготойг нийслэлийн удирдлагууд болон шашны байгууллагынхан онцолж байгаа юм.


Монголчууд зөвхөн Үндэсний их баяр наадмаар бөхийн цол олгох хуультай тул Даншигийн цол олгох энэ үйл явдлыг иргэд янз бүрээр хүлээн авч байна. Иймд бид Үндэсний бөхийн мэргэжлийн байгууллага болох Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос байр суурийг нь сонирхлоо.

МҮБХ-НЫ ДЭД ТЭРГҮҮН Д.ДАНЗАН:

-"Даншиг наадамд цол олгох тухай асуудлаар манайд хандаж, зөвлөсөн зүйл байхгүй. Мэдээж улсын цол олгохгүй байх. Нийслэлийн удирдлагууд хуулиа мэдэж байгаа. Даншиг наадам гэхээр мандал өргөх гэсэн утга илэрхийлнэ. Тэгэхээр энэ хэлбэрийг нь хадгалах болов уу гэж харж байгаа. Чухам улсын цол, аймгийн цолтой яаж харьцах зэргийг нь мэдэхгүй юм. Үнэнийг хэлэхэд, энэ бол таагүй л санагдаж байгаа. Энэ жил сугалаагаар барилдуулж, амжилтад нь цол өгөөд, дараа жил тэр цолоороо цоллож барилдуулах юм байна гэж хэвлэлээс уншлаа. Хэн ч ямар ч цол авч болох нь байна. Аймгийн цолтой бөх ч түрүүлж болно. Тэгвэл Даншигийн дээд цолыг авах нь ээ дээ. Гэтэл дараа дараагийн Даншиг наадамд улсын аварга, арслан цолтой бөхчүүд уг журмаараа аймгийн цолтой бөхчүүдэд амлуулж барилдах болов уу гэдэг асуудал бас үүсч гарах байх.

Уг нь бол гол зорилго нь их аятайхан санаанаас үүдэлтэй байсан юм байна гэж харагдахаар. Яг энэн цаг үед жуулчид монголд ихээр ирдэг. Тэдэнд монгол наадмыг бүрэн хэлбэр, утгаар нь харуулах гэсэн хэрэг байх. Шашины байгууллагууд зохион байгуулалтад оролцох юм байна. Нэгэнт төрийн байгууллага шийдсэн асуудал тул МҮБХ-ны зүгээс тайлбар, байр суурь илэрхийлэх боломжгүй байх. Мэргэжлийн байгууллагын хувьд МҮБХ-той санал солилцох боломж бол байсан. Гэхдээ тийм яриа болоогүй".


Наадмын үеэр Сарьдагийн хийдийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоо худагт гаргахаар болжээ. Мөн хамгийн амттай айрагтай аймаг, сумдыг шалгаруулах аж. Харин даншиг наадмын бөх, морь, сур, шагайны бай шагнал нь улсын баяр наадмынхтай адил байх юм байна.


БЭЛТГЭСЭН: Д.УЛАМБАЯР, Ц.ЭНХБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж