Манай шигшээ ДАШТ-ний урьдчилсан шатны "F" хэсгийн эхний тоглолтоо 09-р сарын 05-нд 17:00 цагаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд Мьянмарын багтай хийнэ.
2014 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тулаанд Мьянмартай таарч нийлбэр дүнгээр 1:2-оор ялагдсан “Талын хөх чононууд” нутагтаа болох эхний тоглолтод заавал хожиж, өмнөх ялагдлын хариугаа авахыг зорьж буй нь дамжиггүй.
Та бүхэндээ Монголын шигшээ багийн эхний өрсөлдөгч Мьянмарын багийн талаар товч танилцуулгыг хүргэж байна. Цаашдаа дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, тамирчдын талаар танилцуулах болно.
Нэгэн цагт ногоон талбайд хөл зөрүүлж явсан Мьянмарын шигшээ өдгөө дэлхийн чансааны 135 манайхаас даруй 52 байрын өмнө бичигдэж байна. 2011 онд Монголын шигшээ баг дэлхийн чансааны 168-д бичигдсэн нь хамгийн өндөр амжилт бол мөн онд Мьянмарчууд 172-т эрэмблэгдсэн нь шигшээ багийнх нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт ажээ.
Монголын шигшээ багийн хүрсэн хамгийн өндөр чансаа Мьянмарын хамгийн сул үзүүлэлттэй эн зэрэгцэж байна гэхээр сур өрсөлдөгч биш гэдэг нь харагдана.
Мьянмарын шигшээ нь Зүүн Өмнөд Азийн /ASEAN/ “Сузуки цом”, “Зүүн Өмнөд Азийн наадам” гэсэн бүс нутгийнхаа хоёр тэмцээнд муугүй амжилттай оролцдог. Тэдний өрсөлдөгч дунд Тайланд, Вьетнам, Малайз, Индонез зэрэг хүчирхэг багууд бий.
Монтенегро улсын мэргэжилтэн Миодрог Радулович 2019 оноос Мьянмарын шигшээ багийг удирдаж байгаа. Мьянмарын баг 2019 онд гурван нөхөрсөг тоглолт хийхдээ Тайваньтай гоолгүй тэнцэн, Индонезид 0:2-ээр хожигдож, Сингапурыг 2:1-ээр буулган авчээ.
Шигшээ багийнх нь ахлагчийн үүргийг 29 настай хаалгач Кяав Зин Хет гүйцэтгэдэг. Кяав Зин Хет нь Мьянмарын үндэсний лигийн “Yangon United” клубт тоглодог бөгөөд тус клубээс нийт зургаан тоглогч шигшээ багтаа дуудагджээ.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
Холбоотой мэдээ