Испанийн Гран Канариа аралд амралтын өдрүүдэд ойн түймэр дэгдэж, Валлесеко хотын ойролцоо амьдрах оршин суугчид дүрвэхээс аргагүй болжээ. Одоогоор түймрийг бүрэн унтрааж чадаагүй байгаа бөгөөд цааш тархах магадлал өндөр аж.
Урьдчилсан байдлаар ойн түймрийн улмаас 4000 хүн орон гэрээ орхин дүрвэжээ. Түймрийн улмаас 1700 орчим га талбай шатаж, 11 зам хаагдаж, ойролцоох хотуудад онцгой байдал зарлан, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж буй аж. Түймрийг унтраахаар 1000 гал сөнөөгч, 9 нисдэг тэрэг ажиллаж байна.
Тус арал нь Атлантын далайгаар хүрээлэгдсэн, Африк тивтэй ойрхон оршдог, ойролцоогоор 1560 км кв талбайг хамардаг, 850 мянга орчим хүнтэй, Канарын арлуудын 3 дахь том арал юм байна.
Зуны саруудад хуурайшилт ихэсдэгээс ойн түймэр Европын өмнөд нутагт дэгдэх нь нэмэгддэг байна.
Эх сурвалж: thesun.co.uk
Э.БАГЛААЦЭЦЭГ