Хамгийн олон хумслагчтай УИХ Монгол Улсын эцэг хуульд өөрчлөлт оруулах юм чинээ хэн санах билээ. Гэвч хувь заяаны шоглоом юм уу бүү мэд, 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авсан МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь. Одоогоор эрх баригч нам Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх хүрээнд Ерөнхийлөгчөөс мэдүүлсэн санал дээр “зодолдож” байна. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн тоог 108-д хүргэж, сонгогдох хугацааг таван жил болгох заалтад бүлгийн гишүүдийн байр суурь нэгдээгүй л дуулдана. Саналаа хэлэхээрээ “гишүүдийн тоог нэмж болохгүй” гэх хэрнээ санал хураахаар эсрэг кноп дардаг. Суудал дээрээ хэд хувирч буй саналыг баталгаажуулахын тулд санал бүр дээр гишүүн бүрээр гарын үсэг зуруулж авч байгаа мэдээлэл ч бий.
УИХ-ын гишүүний хууль тогтоох, шийдвэр гаргахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх, сонгогчийн төлөөллийг сайжруулах зэрэг агуулгаар хөөвөл гишүүний тоог нэмэх амьдралын шаардлага үүссэн байж болох ч дагалдуулж хариуцлагын заалт тусгахгүйгээр парламент хариуцлагатай болох боломжгүй юм. Тэр тусмаа УИХ-ын гишүүнийг таван жилээр сонгодог болох заалт Үндсэн хуульд тусвал албан тушаалаа урвуулан ашигласан байсан ч насаараа УИХ-д сонгогдсоор хариуцлага хүлээхгүй сугарч үлдэх боломж нь улам нэмэгдэх юм.
Бэлээхэн жишээ нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас авсан тэрбум, тэрбумын зээл, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулсан хуулийн хулгай зэргийг нэрлэж болно.
Улсын ерөнхий прокуророосоо эхлээд ЖДҮХС-тай нэр холбогдсон УИХ-ын нэр бүхий гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах шаардлага байна гэдэг хүсэлт УИХ-д оруулж ирэхэд хүлээж авалгүй, буцаасан. Харин ч дахиад асуудал оруулж ирэхээс болгоомжилсон уу, Авлигатай тэмцэх газрын дарга, Улсын ерөнхий прокурор хоёрыг албан тушаалаас нь чөлөөлж, энэ асуудал нам болсон.
Гэтэл шалгая, хариуцлага хүлээлгэе гэхэд УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэх бамбай нь банкных нь хуулгыг ч үзэх эрхгүй болтол хамгаалчихсан байдаг. Хэрэв Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг байхаар тусгаад өгчихвөл нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн дор амьдардаг тэгш бус харилцаа үгүй болно.
Уг нь УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох заалтыг Үндсэн хуульд тусгаж өгөх шаардлагатай гэх саналыг тавьснаас хойш сарын хугацаа өнгөрлөө. Одоо хэр нь эрх баригчид саналаа хэлээгүй л байна. Ач холбогдлоор нь авч үзвэл УИХ-ын гишүүний тоог нэмэхээс ч илүүтэй өндөр ач холбогдолтой санал юм. Товчхондоо УИХ-ыг сонгодог парламент руу нь хөгжүүлэхийг хүсч л байгаа бол УИХ-ын гишүүн нь хариуцлага хүлээдэг байх заалтыг Үндсэн хуульд тусгаж өгөх шаардлагатай. Тэр цагт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны хэрэг гарна. Эл заалт тусаагүй цагт УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулаад ч нэмэргүй. ЖДҮ-ийн зээлийн хулгайч нь хүртэл мөнгөөр цохиод, намынхаа даргын хормойноос зүүгдээд дахиад сонгогдоно. Өнгөрсөн 27 жилийн туршид гарсан алдаа дахиад л давтагдаж, монголчууд тамын тогооныхоо үлгэрээр амьдарна. Ямар ч зарчмын том өөрчлөлт гарахгүй гэсэн үг.
Чуулган, байнгын хороо хуралдахад ирц бүрддэггүй өнөөх л улиг болсон жүжиг дахиад л тоглогдоно.
Худлаа гэвэл өнгөрсөн хавар УИХ гишүүдийн ирц, саналыг хурууны хээгээр бүртгэдэг төхөөрөмжийг 600 гаруй сая төгрөг зарцуулан байж нэвтрүүлсэн ч онцын өөрчлөлт үзүүлж чадаагүй. УИХ-ын дарга Г.Занданшатар ирцээ бүрдүүлэхийн тулд УИХ, Засгийн газрын гишүүдийг нэгбүрчлэн нэрээр нь дуудаж, хуралдаа орж ирэхийг сануулсаар хаврын чуулганаа өндөрлүүлсэн.
Технологи ч хууль тогтоогчдыг хариуцлагатай болгож чадахгүй байна. Иймээс сонгогчдынхоо эрх ашиг, улсынхаа эрх ашгийг хамгаалсан хууль тогтоогч сонгогддог болгох хамгийн чухал заалт бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг байх эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуульд суулгах шаардлага байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ