Афганистаны нийслэл Кабул хотод нэгэн хуримын хүлээн авалтын үеэр амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 63 хүн амь үрэгдэж, 200 орчим хүн шархадсан харамсалтай хэрэг амралтын өдрүүдэд болсон билээ.
Уг халдлага нь Кабул хотын хазара угсаатан ихээр төвлөрсөн баруун дүүрэгт орших нэгэн хуримын ордонд болсон бөгөөд халдлагыг Талибанчууд үйлдсэн байж магадгүй гэж сэжиглэж байсан юм. Гэхдээ Талибчууд уг халдлагыг үйлдээгүй хэмээн мэдүүлж, эмгэнэл илэрхийлсэн байна.
Харин уг халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэн гэдгээ ням гаригт /2019.08.18/ хүлээн зөвшөөрсөн бөгөөд амиа золиослогч нь тус бүлгийн гишүүн Пакистаны иргэн байсан гэнэ. Тус улсад 2014 оноос хойш идэвхжсэн Исламын улс зэвсэгт бүлэг өнгөрсөн хугацаанд Хазара цөөнхийн эсрэг олон тооны аллага зохион байгуулаад байгаа билээ.
Энэхүү халдлага нь АНУ Афганистанаас цэргээ гаргах, Талибанчуудтай энхийн хэлэлцээр байгуулахаар оролдож буй үед болсон юм.
Хэлэлцээрийн дагуу АНУ өөрийн цэргийг Афганистанаас гаргасны дараа Талибанчууд энэ улсыг терроризмын бааз болгохгүй байх амлалт өгөх ёстой. Хоёр тал тохиролцоонд хүрсэн ч Исламын улс бүлэглэл тус улсад аюул занал учруулсан хэвээр байгаа нь энэ юм.
Эх сурвалж: CBS NEWS