Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/ өглөөнөөс эхлээд өдрийн 12.00 цаг хүртэл 26 хүүхэд хандсанаас 20 нь хатигтай байна гэсэн мэдээллийн дагуу бид сурвалжилга бэлтгэлээ.
ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа мэдээлэхдээ: “Буглаагаар /хатиг/өвчлөх хүүхэд 27 дахь долоо хоногоос /8.12-ноос/ ихсэх хандлагатай байна.
Наймдугаар сарын 15-ны байдлаар манай Ерөнхий мэс заслын тасгаар хэвтэн эмчлүүлж буй 75 хүүхдийн 16 нь буглаатай байна. Нэг өдөр /24 цагийн дотор/ 23 хүүхэд буглаатай гэж ирсэн. Гэхдээ үүнийг өдөр бүр гэж ойлгож болохгүй. Сүүлийн арваад хоног буглаатай хүүхэд нэмэгдэж байгаа нь анхаарал татаад байгаа юм.
Долоо хоногт дунджаар 30, 40 хүүхэд буглааны улмаас манайд ирдэг байсан бол өнгөрсөн долоо хоногт 61 болж өссөн байна. Энэ тоог долоо хоногт хуваахад өдөрт дунджаар найман хүүхэд ирж байна. Насны хувьд 1-4 насны хүүхэд зонхилж байна” гэв.
Ажил тарсны дараа ЭХЭМҮТ-ийн яаралтай түргэн тусламжаар үзүүлэх хүүхдүүд нэмэгдэж, ачаалал ихэсдэг юм байна. Тиймээс 20.00 цагийн хүлээн авах тасагт очиход эмчид үзүүлэхээр ирсэн хүүхдүүд эцэг эхийн хамт дарааллаа хүлээн, хоёр өрөөнд хуваагдан сууж байв. Тэдний дотор буглаа /хатиг/ зүсэх мэс засалд орохоо хүлээх гурван настай охин ээжийн хамт ирсэн байлаа. Ингээд түүний ээжтэй хэсэг зуур ярилцлаа.
-Хатиг гараад удаж байгаа юу, анхан шатанд нь ямар арга хэмжээ авсан бэ?
-Хатиг гараад долоо хонож байна. Манай охин угийн арьсны харшилтай хүүхэд. Тэгээд бага зэрэг улайгаад байхаар нь харшил гэж бодоод харшлын тос түрхсэн. Тэгээд зүгээр болоогүй. Үүний дараа өмхий ногоон тос тавиад боолт хийсэн юм. Тэгтэл наанаа зүгээр болоод цаанаа үрэвсээд буглачихсан байжээ. Гэхдээ толгой нь овоо нааш гараад ирсэн учир одоо хагалуулах гээд байж байна.
-Юунаас болж хатиг гарсан гэж та бодож байна вэ, өмнө нь гарч байв уу?
-Ингэж гарч байгаагүй. Уг нь том хүнд л ядарснаас болоод гардаг гэж бодож байлаа. Энэ жил манай охинд хатиг гарсныг хараад гайхаж байна. Толгойд нь хоёр, цавинд нь бас гарчихсан байгаа. Бид саяхан галт тэргээр зуслан амралтад явсан. Явахаас өмнө бага зэрэг ялаа хазчихсан юм шиг улайгаад эхэлсэн. Тэгээд гайгүй байх гээд явтал бүр ихдээд ирсэн. Галт тэргэнд бохирдол нь нэмэгдээд, тэгээд амралтанд бүр хүндэрчихлээ гэж би бодож байна.
-Ер нь амьдарч буй орчин, хувийн ариун цэврээс их шалтгаалдаг гэдэг юм байна лээ, хүүхдийнхээ ариун цэврийн сайн сахидаг биздээ?
-Тоглоод ороод ирэхэд нь тогтмол гарыг нь угаана. Манай хүүхэд угаасаа харшилтай учир хоёр хоноод усанд оруулдаг. Гараад ороод ирэхэд гарыг нь тогтмол угаалгана. Хувийн ариун цэвэр сайн сахидаг. Тэгээд ч би өөрөө бас тоосны харшилтай. Гэртээ байнга нойтон цэвэрлэгээ хийнэ. Харин энэ хатиг гэдэг өвчин бидний амьсгалдаг агаар, амьдардаг орчноос их хамаардаг гэж би боддог. Жишээ нь манайх орон сууцанд амьдардаг. Манай байрны гадна орчин гэж авах юмгүй бохир. Тоглоомын талбайд орой болохоор залуус нийлж тамхилна, шүлс цэрээ хаяна. Шөнө нь орон гэргүй хүмүүс хонож архидна. Мэдээж ил задгай бие засна. Хогоор дүүрчихсэн, үнэр танар гэж авах юмгүй. Маргааш өглөө нь энэ газарт хүүхдүүд тоглоно. Өөр тоглох, агаарлах газаргүй юм чинь яах юм бэ. Энэ бүхэн мэдээж нөлөөлдөг гэж би боддог. Баянгол дүүргийн 10-р хороо ер нь хүүхдийн тоглоомын зай талбай багатай, бохирдол ихтэй хэцүү шүү дээ.
-Танай хүүхдийн дархлаа ер нь хэр вэ. Антибиотикийн зохисгүй хэрэглээ хатиг гарахад бас нөлөөлдөг гэх юм?
-Ер нь их өртөмтгий, дархлаа султай. Энэ жил тэгээд их бороо орж байгаа, чийглэг болоод ч тэр үү Д витамин өгөхгүй болохоор хөлрөөд байна. Энэ зунжингаа гадаа тоглуулсан хэрнээ нарнаас витамин авч байгаа юм алга. Эмч нар Д витамин өг гэж зөвлөсний дагуу одоо өгч байгаа. Ер нь манай хүүхэд дороо л ханиад хүрчихдэг. Жилд зун, өвөлдөө хоёр удаа эмнэлэгт хэвтдэг. Эмч нар янз бүрийн эм бичнэ. Харшлын ханиад байна, хатгаа байна гээд л антибиотик бичиж өгнө. Өгөхөөс өөр яалтай билээ, тэгж байж л гайгүй болж байгаа юм чинь. Өрхийн эмч нарын бичиж өгсөн эмэнд намдахгүй. Ахиад ирж антибиотикоо солиулаарай гэж байгаа юм. Тэгээд өөрийг бичээд өгнө. Өндөр тунтай бичихгүй л бол манай хүүхэд амар зүгээр болохгүй. Сая манай хүүхэд нянгийн шинжилгээ хийлгэсэн. Эмч үзээд антибиотик бичиж өгсөн. Цөөн төрлийн антибиотик тохирохоор байна гэсэн. Аминдаа хичээгээд хүүхдээ асраад байгаа хэрнээ л өвдөөд байх юм. Хүмүүсийн ярьдгаар утаа, хөрсний бохирдол нөлөөлдөг юм болов уу.
Гуравхан настай жаахан охин эмнэлгийн коридороор инээд алдан гүйнэ. Удахгүй тэр мэс засалд орж, буглаагаа зүсүүлнэ. Өвдөөд уйлах байх даа гэж бодохоор өр өвдөх шиг боллоо. Гэхдээ алтан гартай эмч нар өвчнийг нь аваад, бүр эдгээнэ шүү дээ. Хэсэгхэн зуур л тэсээрэй дүү минь.
Яг түүн шиг бяцхан үрс сүүлийн үед хатиг /буглаа/ хагалуулах мэс засалд орох нь нэмэгджээ. Тэдний хүзүү, мөчдүүд, өгзөг дээр гарах нь элбэг гэнэ. Хатиг гарах олон шалтгаан байгаа. Хамгийн гол нь эцэг, эхчүүд анхааралтай байж, бага дээр нь эмчид үзүүлж, арга хэмжээ авахгүй бол мэс заслын хэмжээнд хүрч байна. Арван хүүхэд хандлаа гэхэд тэдний нэг нь эрт үедээ, бусад нь хүндэрсэн хойноо ханддаг тухай мэргэжлийн эмч яриандаа онцолсон юм. ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын эмч Р.Нуржанарын зөвлөгөө яриаг хүргэе.
-Хатиг, буглаа гээд яриад байна, хоорондоо ямар ялгаатай юм бэ?
– Буглаа гэдэг нь эмнэлгийн хэллэг. Идээт үрэвсэл гэсэн үг. Буглаа буюу хатиг гэдэг нь арьс зөөлөн эдийн идээт үрэвслийн нэг хэлбэр. Бүгдийг нь хатиг гэж ойлгож болохгүй. Манайд ирж байгаа тохиолдлууд нь дандаа идээлсэн хэлбэрүүд байдаг. Нэгэнт идээлсэн бол зөвхөн мэс заслын эмчилгээ хийнэ. Арьс зөөлөн эдийн идээт үрэвсэл гэдэг нь үе шаттай явагддаг өвчин. Манайд ихэвчлэн хүндэрсэн хойно нь ирдэг. Уг нь бол мэс заслаар нээхгүй, эмийн эмчилгээ хийдэг үе шат байдаг. Харамсалтай нь эхний үе шатанд ирж байгаа хүүхэд бараг байхгүй. Хүмүүс хатигийг өвчин гэж хардаггүй. Зүгээр лент наагаад орхичихдог. Эсвэл гэртээ шахах зэрэг буруу эмчилгээ хийгээд хүндрүүлээд байна. Арван хүүхэд хандлаа гэхэд тэдний нэг нь эрт үедээ, бусад нь хүндэрсэн хойноо ханддаж байна. Уг нь эрт хандвал эмийн эмчилгээ хийгээд явах бүрэн боломжтой.
-Анхан шатны ямар арга хэмжээ авах вэ?
-Ер нь хүний биеийн хаана ч гарсан бай хамгийн эхлээд арьсны ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Угаах, усанд орох ёстой. Тэгээд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авна. Өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийж хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Хатигны лент буюу наалт байдаг. Гэхдээ идээ үүсчихсэн үед нь хэрэглэж болохгүй. Дөнгөж үрэвсэл үүсэж байгаа үед хэсэг газрын үрэвслийг намдаах зориулалттай. Аль хэдийн үрэвсээд эхэлчихсэн үед наалт наах нь эмчилгээний хувьд ямар ч ач холбогдолгүй.
-Хатигны толгой наана, цаана байна гэж ярьдаг. Энэ нь ямар ялгаатай вэ, цаана гэхээр илүү хүнд хэлбэр гэсэн үг үү?
-Наана, цаана гэдэг нь ерөөсөө үрэвслийн үе шатыг л ярьж байгаа юм. Хүмүүс хатигны толгой гараагүй гэж яриад байдаг. Толгой нь гарна гэдэг хэтэрхий олон хоноод өөрөө аяндаа хагарах гээд идээ нь ил болоод ирж байгаа явц. Энэ хоёр адилхан мэс заслын заалттай. Үрэвслийн үе шат далд байгаа тохиолдолд толгой ил гарахгүй. Өөрөөр хэлбэл наана, цаана гэдэг нь идээт үрэвсэл хэр гүн байна гэдгийг ялгаж байгаа юм.
-Хатиг халдвартай юу. Нян, вирусээр дамжиж үүсгэгддэг үү?
-Хатиг бол нянгаар үүсгэгдэнэ. Нянгийн халдвар шүргэлцлийн замаар халдахгүй. Харин вирусын халдварууд хүнээс хүнд дамжина. Тэгэхээр хатиг халдвартай биш гэсэн үг.
-Сүүлийн үед хатиг их гарч байна. Ялангуяа бага насны хүүхдүүд өвчилж байна, шалтгаан юу вэ?
-Олон хүчин зүйл нөлөөлдөг. Нэн тэргүүнд ариун цэвэр буюу арьсны эрүүл байдал алдагдсанаас болж үүсч байна. Нөлөөлөх хүчин зүйл гэдэгт бол амьдралын хэвшил, буруу хооллолт, ариун цэврийн нөхцөл, хүрээлэн буй орчин, агаар, хөрс, ундны усны бохирдол зэрэг орно. Гэхдээ энэ бүхэн мэдээж шууд нөлөөлөхгүй. Хүний дархлааны тогтолцоонд өөрчлөлт оруулж улмаар хүн янз бүрийн өвчинд илүү өртөмтгий болж байгаа юм. Тэрнээс шууд агаарын бохирдол хатиг үүсгэж байгаа юм биш. Дархлааны тогтолцоо өөрчлөгдөж байгаа учраас хүн иймэрхүү төрлийн өвчинд илүү мэдрэг болж байна гэсэн үг. Нөгөө талаар арьсны эмгэг идээт үрэвслийг хамгийн их үүсгэж байгаа зүйл нь антибиотикийн замбараагүй, зохисгүй хэрэглээ. Заавал антибиотикоор эмчлэх шаардлагагүй өвчнүүдийг дур мэдэн хэрэглэдэг. Ялангуяа вирусын гаралтай томуу, халдварын хөнгөн хэлбэр, ханиадыг гэрийн нөхцөлд антибиотикоор их эмчилж байна. Жоргүй олгож байгаа нөхцөл байдал үүнд их нөлөөлж байгаа. Яагаад гэхээр арьсны идээт эмгэгүүдийг эмчлэхдээ бид үүсгэгчийн шинжилгээ авч үздэг байгаа. Өөрөөр хэлбэл ямар төрлийн нянгаар үүсгэгдсэн байна ямар бүлгийн антибиотик хэрэглэх вэ гэдгийг илрүүлэх шинжилгээ авдаг. Хүн болгон дээр идээний шинжилгээ авна гэдэг эмнэлгийн талаас маш их зарлагатай. Гэхдээ бид авдаг. Ямар төрлийн нянгаар үүсгэгдсэн байна гээд аваад үзэхээр дандаа антибиотикт мэдрэг бус, их цөөхөн төрлийн антибиотикт эмчлэгдэхээр байгаа юм. Арьс зөөлөн эдийн үндсэн эмчилгээ бол антибиотик. Гэтэл идээний шинжилгээг харахаар баргийн антибиотикт эмчлэгдэхгүй хэлбэрийн нянгууд давамгайлж байгаа юм. Энэ нь замбараагүй, зохисгүй хэрэглээтэй шууд холбоотой.
Дээр нь хүмүүсийн идэж ууж байгаа хүнсний хэрэглээ их нөлөөтэй. Одоо үед чихэрлэг төрлийн хүнс маш их байна. Цагаан гурил, боов, талх, газтай ундаа, сахар гээд эрүүл бус хооллолт энэ өвчин ихсэхэд нөлөөлдөг.
-Хэдий хугацаанд бүрэн эдгэдэг вэ? Хатиг нэг гарахаараа 7, 21 удаа гардаг гэсэн яриа байдаг?
-Үгүй шүү дээ. Хүний биеийн эсэргүүцлээс хамаарна. Нэг газар буглаа үүслээ гэхэд заавал долоо гарч байж эдгэнэ гэж байхгүй. Өвчний ийм явц гэж ерөөсөө байхгүй. Хэрэв олон гараад байвал тухайн хүний дархлааны тогтолцоо муу байна гэж ойлгох хэрэгтэй. Буглааг төдий хугацаанд эдгэрнэ гэж эцэг, эхчүүд хүлээгээд байдаг. Гэтэл тийм эдгэрэх тогтсон хугацаа гэж байхгүй. Хамгийн гол нь хүүхдийн асаргаа сувилгаа ямар байна, цагт нь эм өгч, боолт, шарлага хийж байна уу гэдгээс шалтгаална. Мөн хүн бүрийн дархлааны тогтолцооноос хамаарна. Эмнэлгээс өвчин 100 хувь эдгэж гардаггүй. Эдгэрэлтийн явц эхэлж, намжилтын байдалтай болсон үед гардаг. Түүнээс хойш бүрэн эдгэртэл эцэг эхчүүд, асран хамгаалагчид анхаарна. Өнөөдөр 1-4 настай хүүхэд өвдөөд байна гэдэг чинь нэг талаас эцэг эхийн асаргаа сувилгаа сул байгаатай холбоотой. Хувийн ариун цэвэр сайн сахих хэрэгтэй. Түүнээс дээш насны хүүхэд цэцэрлэг, сургуулиар хүмүүжээд өөрсдөө ядаж гараа угаадаг болоод ирэхээр арай өвчлөх нь багасдаг. Үүнээс гадна саун бассенд хүмүүс их орж байна. Хүүхдийнхээ хувцасыг томчуудын хувцастай хамт угааж байна. Хүүхдийн асаргаа сувилгаа гэдэгт эдгээр хүртэл ордог. Халдварын эх үүсвэрүүд хаанаас, юу ч байж мэднэ.
-Ахуйн, хувийн ариун цэвэртэй холбоотой гэлээ. Хүмүүс гар хөлөө угааж хувийн ариун цэврээ сахихгүй байгаа нь юутай холбоотой вэ. Тэгтлээ ядуурсан уу эсвэл хэтэрхий хэнэггүй байна уу?
-Гэрээ цэвэрлэ, хогоо шүүрд, шалаа угаа гэж эмч нар ерөөсөө ярьдаггүй шүү дээ. Харин бохир зүйлд хүрсний дараа гараа сайн угаа л гэж хэлдэг. Хүүхдэдээ ч бас ингэж зааж, сургахыг зөвлөдөг. Ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарын ариун цэвэр сайн байх юм бол маш олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж болно гэдэг.
-Үнэндээ эцэг эхчүүд хүүхдийнхээ гар хөлийг сайн угаалгадаг гэдэг. Бүр өдөр бүр усанд ордог том хүнд хүртэл хатиг гараад байна. Энэ юутай холбоотой вэ?
-Ерөөсөө л дархлааны систем муудсантай холбоотой. Яг адилхан нөхцөлд, адилхан ажлын ачаалалтай байгаа хэрнээ нэг нь зүгээр яваад, нөгөөх нь өвдөөд байна. Тэр хоёр хүний дархлааны систем хоёр өөр байна гэсэн үг.
-Тэгэхээр дархлаагаа л дэмжих ёстой юу?
-Гэхдээ хүүхдийн дархлаа дэмжинэ гээд сайн гэсэн болгоныг уулгаж болохгүй. Ялангуяа эм, химийн бодисоор харьцангуй эрүүл бойжиж байгаа хүүхдийн дархлааг дэмжиж болохгүй. Харин өвчилсөн тохиолдолд болно. Дархлааг дэмжихийн тулд хамгийн түрүүнд хүний хэвийн амьдрах бололцоог бүрдүүлэх ёстой. Тогтмол температурт байж, агаар салхинд гарах, илчлэгтэй хоол хүнс хэрэглэх, тодорхой шингэнийг уулгах, тогтсон цагт насанд нь тохирсон нойроо авч байх, утас долгионоос хол байлгах, тоглож наадаж өөрийн гэсэн хөдөлгөөнтэй байх гэх мэт хэвийн амьдралын нөхцөлийг л хүүхдэд бүрдүүлэх ёстой. Ингэж чадвал хүүхдийн дархлааны систем хэвийн байх юм.
-Хатиг хүндэрсэн тохиолдолд үхэлд хүргэдэг гэж үнэн үү?
-Байж болно. Хатиг уг нь заавал үхэлд хүргэх албагүй шүү дээ. Гэхдээ хүндрээд, тоохгүй яваад байвал үхэлд хүргэх тохиолдол байна. Хүүхдийн тусламж үйлчилгээн дээр эцэг эхчүүдийн гол алдаа бол алгуурладаг байдал.
Хүүхэд өвдөөд аргагүйн эрхэнд аав ээжийг унтуулахгүй, уйлаад тайван суулгахгүй болсон үед л эмчид хандаж эхэлдэг. Эцэг эхийн хэнэггүй байдал хүүхдийн өвчнийг хүндрүүлдэг.
-Хүүхдэд хатиг гарсан тохиолдолд өвдөлт хэр зэрэг байдаг вэ?
-Үрэвсэл явагдаж байгаа юм чинь тэр хэсэгт халуу оргино, улайна, өвдөнө, бага насны хүүхэд халуурна, тайван биш, хоолондоо дургүй болж, нойр хямрана гээд идээт үрэвслийн үед гардаг шинж тэмдгүүд ажиглагдана.
-Нүд, нүүр, дух гээд толгойноос дээш хэсгээр хатиг гарахад мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг гэсэн ойлголт байдаг?
-Тийм зүйл байхгүй. Мэдрэлд нөлөөлнө гэж буруу ойлголт.
-Ардын уламжлалт байдлаар эмчилдэг. Энэ нь хэр нөлөөтэй байдаг вэ?
-Ялангуяа хөдөөнөөс ирсэн хүмүүс ардын уламжлалаар эмчилж байна гээд янз бүрийн юм түрхсэн байдаг. Гэхдээ эдгээр нь нөлөө байхгүй. Ихэвчлэн хүмүүс өмхий ногоон тос түрхчихсэн ирдэг. Нийлмэл эмчилгээний нэг хэсэг болж зөөлөн эдийн идээт үрэвсэлд уг тос хэрэглэгдэнэ. Хүүхдийн хувьд дур мэдэн эмчилгээ хийх бол сайн биш.
-Эмчилгээний хувьд ямар үе шатуудтай байдаг вэ?
-Эхлээд яаралтай эмчид ирж үзүүлнэ. Тухайн мэргэжлийн эмч үзээд аль шатанд байгааг тодорхойлсны дараа буглааг нээх үү, эм уулгах уу, физик эмчилгээнд явуулах уу, эсвэл хавсарсан эмчилгээ хийх үү гэдгийг шийднэ. Дулаан буюу физик эмчилгээ, өмхий ногоон тос, антибиотик эмчилгээ тэгээд мэс засал хийх /зүслэг/ зэрэг нийлээд цогц эмчилгээ болдог.
-Жил бүр хатиг гардаг, гарахдаа удаа дараа давтах тохиолдол байдаг гэж сонсож байсан. Үүнийг цус бохирдсонтой холбож тайлбарладаг?
-Хүмүүс цус бохирдсон гэж ойлгоод байдаг. Үнэндээ идээнээс илэрч байгаа нян нь цусанд орсон байдаг. Энэ нь идээт үрэвсэл нэлээн тархмал байдлаар явагдаж байна гэсэн үг. Суурьшмал амьдралтай хүмүүсийн дийлэнх нь сүрьеэгийн савханцрыг тээгээд явж байдаг. Хэзээ дархлаа суларна, өвдөхөд бэлэн байна. Хэвийн амьдралын нөхцлөө бүрдүүлээд явбал тэр хүн хэзээ ч өвдөхгүй. Түүнтэй адил тухайн хүн ямар нэгэн идээт үрэвсэл аваад байгаа мөөгөнцөр, нян биедээ тээгээд яваад байна. Биеийн эсэргүүцэл гайгүй болоход хатиг намжмал байдалд орчихно, суларвал гараад ирнэ. Тэгэхээр эхлээд үүсгэгчийг шинжлүүлэх нарийн шинжилгээнд орох ёстой. Үүний дараа эмчилгээг төгс хийж байж бүрэн эдгэнэ. Нян заавал өндөгний цусаар илрэхгүй. Том хүмүүст эмгэг нян их байдаг. Тэдгээр нь хамар, нармай, шүд, хоолойд байна. Тэгэхээр өндөгний цусаар илрэхгүй тохиолдолд эдгээрийг заавал шинжлүүлэх ёстой.
Холбоотой мэдээ