Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр /2019.08.19/ зургаа дахь өдрөө хэлэлцэх гэж байна. Өнөөдөр шүүх хурал эцэслэн шийдэгдэнэ хэмээн олон хүн найдлага тавьж буй.
Шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар оролцохоор байгаа бөгөөд өмнөх шүүх хурлын үеэр ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасны дагуу эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн, ялтан Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нар шүүх хуралд оролцож байна.
Харин өнөөдөр шүүх хурал 09.00 цагт товлогдоод буй. Б.Хурц нарын есөн хүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 тус тус зүйл ангиар буруутгаж буй.
133 ДУГААР ЗҮЙЛ.ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИХ
- 133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
251 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ
- 251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ