Ерөнхийлөгчийн тулгалт, шүүхийн гацаа

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн тулгалт, шүүхийн гацаа

Ерөнхийлөгчийн тулгалт, шүүхийн гацаа

Өнгөрсөн долоо хоног улс төрийн хүрээнд төдийгүй нийгмийн анхаарлын төвд хоёрхон л сэдэв байлаа. Нэг нь МАН, Ерөнхийлөгчийн хоёрын тохиролцоо, Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал. Түүний хажуугаар бөхчүүдийн допингийн асуудлыг эс тооцвол дээрх хоёр үйл явцаар амьсгалсан өдрүүд байлаа.

Хэдийгээр үйл явдлын хувьд өөр, өөр ч энэ хоёр асуудал хоёулаа улс төрийн хүрээнд огтлолцох асуудал. Учир зангилаа нь нэг хүнд ч холбогдож болох үйл явц гэж улс төрийн хүрээнд жиг жуг гэлцэнэ лээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ МАН-ЫГ ТУЛГАЖ, МАН ДОТООДДОО "ХАГАРАЛДАВ"

Үндсэн  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд ирүүлсэн Ерөнхийлөгчийг хүслийг гүйцээхийн тулд МАН-ын дотоодын зөрчлийг нь хурцатгав. Бүхэл бүтэн зургаан өдрийн турш МАН дотооддоо зөвшилцөж чадахгүй байсаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл гацаанд байна. Угтаа бол хаврын чуулганаа өндөрлүүлээд үргэлжлүүлээд ээлжит бус чуулган зарлаж, шууд л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл рүү ханцуй шамлан МАН-ыг Ерөнхийлөгч анхааралтай ажиглаж байлаа. Тиймдээ ч өөрийн саналаа оруулж, бүтэн сар гаруй хугацаанд МАН-ын бүлэг нэгдэж, ойлголцож чадахгүй байсаар байна. Өнгөрсөн долоо хоног МАН-ын бүлэг бүтэн тав хоног хуралдаж, Ерөнхийлөгч өөрийн биеэр МАН-ын бүлгийн хуралд суусан ч  үр дүнд хүрсэнгүй. Үнэн хэрэгтээ МАН дотоодын болон 2020 оныг угтсан тэмцэлдээ ид шатаж байна. Тэдний санал нэгдэж чадахгүй байгаа гол асуудал нь бол сонгуулийн тогтолцоо. Нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн санал болгосон холимог тогтолцоог үхэн хатан дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь жижиг буюу 2016 оны сонгуулийн тогтолцоогоор явах ёстой гэж үзэж байгаа.  Жижиг тойргийг дэмжиж байгаа нь ихэнх нь шинээр, анх удаа сонгогдсон гишүүд. Харин улс төрийн карьерийн хувьд дахин сонгогдох магадлал бага, олон удаа сонгогдсон акулуудын хувьд сонгуулийн тогтолцоог холимог буюу жагсаалт, тойрог гэсэн хувилбараар явах ёстой гэж үзэж байгаа. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо нэмэх асуудлыг танай намыг гишүүд өөрсдөө захиалсан шүү гээл бүлгийн хурал дээр нь орж ирээд мад тавих жишээтэй.  Хэн холимог тогтолцоог дэмжинэ, тэд өөрсдөө намын жагсаалтад орох сонирхолтой гэсэн үг.  Парламентын хугацааг таван жил болгох, УИХ-ын гишүүдийн тоог 108 эсвэл 99 болгох дээр бол МАН дотооддоо тохиролцох боломжтой. Үүн дээр маргалдаад байгаа зүйл тун бага.

Ирэх даваа гаригт МАН-ын бүлэг дахин хуралдаан зарласан. Дахиад л тохиролцох гэж оролдоно, нэг талдаа шийдвэрээ гаргаад явах уу эсвэл энэ хэвээр улс төрийн зөрчилдөөнөө хурцатгах уу гэдэгт нааштай хариу өгнө гэдэг юу л бол.

ОЛОН ХОЛБОГДОГЧТОЙ, ОЛОН ХОНОГИЙН ШҮҮХ ХУРАЛ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал таван өдөр шөнө дөл болтол хуралдсан ч энэ долоо хоног руу шилжив. Б.Хурц нарын нийт есөн хүнд холбогдох хэргийг Төв аймгийн шүүхэд хэлэлцсэн бөгөөд гэрчээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Амгаланбаатар, С.Зориг агсны эхнэр Б.Булган нар оролцсон юм.  Шүүх хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Ж.Батзандан тэргүүтэй улстөрчид оролцох хүсэлт гаргасан ч шүүх зөвшөөрөөгүй. Энэ нь ч зөв биз. Хууль зүй, дотоод хэргийн сайд хэрэгт нөлөөлөх, оролцох нь хориотой учраас шүүх энэ удаад зөв шийдвэр гаргасан.

Энэ удаагийн шүүх хурал “туслах” дүрүүдтэй. Таван өдрийн турш хоёр тал болж, нэгнийнхээ эсрэг дуугарсан иргэний нийгмийн байгууллага, иргэд,  шүүх хуралд оролцогчдын хамаарал бүхий этгээд гээд шүүх хурал эхэлсэн цагаад үүдийг нь сахиж, зарим нь олон нийтэд “тавилттай” жүжиг үзүүлснийг дурдахгүй өнгөрөмгүй. Мэдээж тэдэнд эрх ашиг, сонирхол бий. Гэхдээ тэднийг, буруу эсвэл зөвтгөх гэсэнгүй, ийм дүр зураг аль ч улс төр, шуугиантай үйл явдлуудад хачир болдог үзэгдэл бий болоод удаж буй учир.

Шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгчид, шүүгч, улсын яллагч нар нотлох баримт, хавтаст хэрэгтэй Баасан гаригт танилцаж дууссан. Түүний дараа өмгөөлөгч, улсын яллагч, шүүгч нар хууль зүйн дүгнэлтээ танилцуулах байсан ч  хохирогчдын талаас завсарлага авах хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан өндөрлөсөн. Харин өнөөдөр хууль зүйн дүгнэлтээс шүүх хурал эхэлнэ. Шүүх хурал дахин хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй ч шүүх дүгнэлтээ энэ долоо хоногтоо багтаан гаргах болов уу гэсэн таамаг олон нийтийн дунд бий.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж