by Ука Төмөр
Би гурилан идэх юманд их дуртай. Гэхдээ өөрийгөө аль болох хянахыг хичээдэг. Гэвч ойрд өөрийгөө хянаж чадахгүй гурилан бүтээгдэхүүн их идэж байгаа. Идэхгүй бол өөрийн эрхгүй бие организм нэхээд ч байх шиг. Дэлгүүр ороод хажуугаар нь зүгээр өнгөрөх гэхээр хажуунаас “Ука зүгээр ш дээ, ав ав. Ганц удаа идэхэд яав л гэж. Идсэнийхээ дараа сайхан гүйгээд л боллоо ш дээ!” гээд л дотор байдаг мангас маань намайг байнга ятгана. Ёооё, энэ мангасаа давж чадахгүй хичнээн ч их амттан идэв ээ, бүү мэд! ккк
Тэгээд дасгал хийгээд овоо сайхан хавтгайрч байсан гэдэс эргээд гараад ирсэн байхыг харлаа. Хичнээн уур хүрэв ээ! Дасгал хийгээд л байдаг, хийгээд л байдаг яав аа! Нэмэр алга. Зарцуулсан хүч хөдөлмөр ямар ч үр дүнггүй байхыг хараад урам хугарлаа. Ингээд өөрийгөө харсан чинь нөгөө гурилан бүтээгдэхүүнээ аль хэдийн гартаа бариастай байхыг хараад “Гурилан бүтээгдэхүүнийг сонгосноор би тарган байхыг сонгожээ” гэдэг бодол өөрийн эрхгүй орж ирлээ.
Миний өмнө хийсэн сонголтууд өнөөдрийн “би”-г үүсгэсэн. Миний өнөөдрийн хийж буй сонголтууд маргаашийн “би”-г үүсгэнэ.
Хувь тавилан тохиолдлоор биш сонголтоор үүсдэг гэдэгт би итгэдэг.
АМЖИЛТЫН ТАРНИ
Би сонголтоороо хувь тавилангаа бүтээж байна!
Би сонголтоороо өөрийгөө бүтээж байна!