"Таван хүүхэд өнчрүүлсэн, муухай хүүхэн гэж хэлүүлж байлаа"

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

МАРТАГДАШГҮЙ ТАНИЛ

"Таван хүүхэд өнчрүүлсэн, муухай хүүхэн гэж хэлүүлж байлаа"

"Таван хүүхэд өнчрүүлсэн, муухай хүүхэн гэж хэлүүлж байлаа"

Монголын нэрт зохиолч Ч.Лодойдамбын зохиолоос сэдэвлэсэн “Гарын таван хуруу” киног хүмүүс сайн мэднэ. Уг алдартай дэлгэцийн бүтээлийн зураг авалтыг 1982  онд Дархан хотод анх авч, 1983 онд дэлгэцнээ гарч эхэлсэн. Тэгвэл энэ удаагийн “Мартагдашгүй танил” булангийн зочноор энэ киноны Хорлоогийн дүрээр ард түмнийхээ сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн жүжигчин Л.Цогзолмааг урилаа. Киноны гол дүр болох Шагдарын сэтгэлийн булаасан Хорлоогийн дүрд Дарханы театрын гоцлол бүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Л.Цогзолмаа тоглосон байдаг. Тэрбээр одоо БНСУ-д амьдардаг бөгөөд эх орондоо амрахаар ирээд байхад нь түүнтэй ярилцах боломж олдсон юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний урилгыг хүлээн авч, ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа?

-Танай “NEWS” агентлагийн хамт олонд ч гэсэн баярлалаа. Сайтын уншигчдад нь энэ өдрийн мэндийг хүргэе. Утсаар яриад л байсан. Өнөөдөр уулзаж, ярилцаад сууж байгаадаа баяртай байна.

-Та хамгийн сүүлд хэдэн онд ямар хэвлэлд ярилцлага өгсөн бэ?

-Би хамгийн сүүлд 1999 онд байна уу. Солонгос улс руу явахын л өмнөхөн нэг хэвлэлд ярилцлага өгч байсан санагдана. Тэр цагаас хойш хэвлэлд огт ярилцлага өгсөнгүй ээ.

-Эх орондоо хэзээ ирэв. Сайхан амарч байна уу? 

-Монголдоо ирж амраад нэг сар болчихлоо. Наадмын дараахан ирээд л удахгүй БНСУ руу буцах гэж байна даа. Эх орондоо ирээд үнэхээр сайхан амарлаа. Хүн чинь хөдөө нутагтаа л байгаад баймаар санагддаг болчихдог юм байна. Тэр хүслээ биелүүлэхээр энэ жил албаар хөдөө нутгийг зорьж сайхан амарлаа. Ер нь би Солонгос улсын халууны улирал эхлэхээс л өмнө эх орондоо ирээд амрах дуртай. Хэтэрхий халуунд бас хэцүү шүү дээ. Өнгөрсөн жил Монголдоо наймдугаар сард ирээд, удалгүй буцсан. Энэ жил арай удаан хугацаагаар амарлаа.

-Уран бүтээлээ хийгээд эх орондоо байсан бол гэж бодогддог уу. БНСУ-д амьдраад хэдэн жил болж байна вэ?

-Тухайн үедээ гэр бүлийн асуудлаас болж гадаад улсыг зорих болсон юм. Тэрнээс биш би Дархан-Уул аймгийн театртаа бүжиглээд, бүжгийн багшаар ажилладаг байлаа. Тэр битгий хэл 2000 оны дөрөвдүгээр сард хамгийн сүүлд Үндэсний дуу бүжгийн чуулгын бүжигчид, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчидтэй Ким Ир Сений хаврын баярт оролцохоор 150 гаруй төлөөлөгчтэй оролцсон. Би тэр баярын концертод “Мандухай” бүжгээ бүжиглэж байсан юм. Тэр цагаас хойш яг 19 жил өнгөрсөн байна.

-Олон жил болсон байна шүү? 

-Харин тийм ээ. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд хийж үзээгүй ажлаа хийгээд л амьдарсан даа. Гэхдээ бид зүгээр байгаагүй ээ. Тэнд одоо болтол хийл хөгжмийн багш хийдэг, Хөгжим бүжгийн дунд сургуулийн хийлийн ангийг төгсөөд, Свердловскийн хормейстерийн төгссөн хийлч, Соёлын тэргүүний ажилтан н.Энхээ маань байсан. Бид хамтдаа олон тоглолт хийсэн. Миний дараагаар Дарханы театрт портнёр маань байсан Б.Отгонбаяр маань очиж, н.Даваасамбуу хөтлөгчөө хийгээд, бид хоёр чинь бүжиглээд л, н.Энхээ маань “Хэнтийн өндөр ууланд” бүтээлээ тоглоод, бүр “Андууд” гэдэг чуулга байгуулж байлаа. Бид тэр үедээ олон улсын цөөнгүй фестивальд оролцож байсан. Бид чинь энд тэнд л янз бүрийн үйлдвэр ажиллаж байгаад хааяа нэг уулзаж, тоглолтоо хийдэг байлаа. Тэгээд бид чинь “Төмөрчин, модчин” гээд зарлуулчих уу гээд л хоорондоо марзагнана.

-Гэр бүлээ бидэнд танилцуулж болох уу?

-Би Солонгос нөхөртэйгөө БНСУ-д амьдардаг. Нөхөр маань үнэхээр сайн хүн бий. Анх 2005 онд ханиа эх орондоо дагуулж ирээд, ойр дотны бүх хүмүүстэйгээ танилцуулж байлаа. Бид хоёр 2003 онд анх танилцаж байсан юм. Анхны нөхөр маань ч гэсэн сайн хүн байсан. Бид ганц хүүтэй. Хүү маань эхнэр хүүгийн хамт амьдардаг. Одоо ач маань Санхүү, эдийн засгийн их сургуульд суралцдаг.

-Таныг бүжигчин мэргэжлээр нь хүмүүс төдийлөн мэддэггүй юм шиг санагддаг. Бүжигчин мэргэжлээрээ Дарханы театртаа хэдэн жил ажилласан бэ?

-Тийм. Би Дарханы театрт 1974 оноос хойш 2000 он хүртэл бүжигчнээр ажилласан. Намайг тухайн үеийн Дарханыхан ямар бүжигчин байсныг сайн мэднэ. Хөгжим бүжгийн дунд сургуулиа төгсч очсон жилээ 1974 онд Баянхонгор аймагт театрын нээлт болж, Сэлэнгэ, Дархан, Баянхонгор гурван аймгийн чуулга уулзалтад явсан. Тухайн үедээ “Энэтхэг”, “үелзүүр” Долгор хэмээх Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Долгор багш биднийг анх дагуулан явж байлаа. Мэргэжлийн багш маань шинэхэн төгсөгч долоон бүжигчнээр цыган, орос бүжиг хийлгээд л олон төрлийн бүжиг дэглэж, бүжиглүүлдэг. Тэр чуулга уулзалтад явснаараа Дарханы бүжигчид гарч ирсэн гэж хэлж болно. Мөн бид сургуульд байхдаа 1973 онд Дэлхийн залуучуудын оюутны 10 дугаар наадамд оролцож байсан.

Биднийг анх сургуулиа төгсч ирэхэд театрын маань дөнгөж суурийг тавьж байсан. Бид Д.Долгор багштайгаа театрынхаа  сууринд нь давс, цай хийж байлаа. Театрыг маань Орос ах нар барьж, яг хоёр жилийн дараа 1976 онд нээлтээ хийсэн дээ. Тэгээд өөрсдөө дагалдан бүжигчингээ бэлтгээд овоо 20 орчим бүжигчинтэй болчихсон байсан чинь 1983 онд манай Б.Батжаргал маань нэг төгсөлтийн 23 хүүхэд авч ирж, театр маань өргөжин чуулгын хэмжээний 43 бүжигчинтэй болсон юм. Энэ үеэс Дарханы Залуучууд театрын дэргэдэх  орчин үеийн “Залуус” бүжгийн чуулга нэртэй болсон.

-Театртаа бүжиглэж байсан сайхан цагаа дурсахгүй юу. Бүжгийн хэчнээн гоцлолтой вэ?

-Манай чуулга уран сандаа 160 гаруй бүжигтэй. Надад бүжиглэж байсан гоцлолууд олон бий. Гавьяат жүжигчин Д.Долгор багш маань надад зориулан энэтхэг бүжгээс гадна “Ямандаг” хэмээх хос бүжгийг дэглэж байлаа. Жишээлбэл, Мандхай, Энэтхэг, Ямандаг, Хэвтүүл, Баяд, Мянгад, Үелзүүр, Эрдэнэс гэх мэт. Тэр дунд орчин үеийн бүжиг ч багтаж байгаа. Дархан хотынхон намайг энэтхэг бүжгээр минь их сайн мэднэ. Олон ч удаа дахиулдаг байлаа. Миний хувьд үйл явдалтай, тоглолттой бүжиг хийх дуртай байсан.

Бүжиглэхээс гадна бүжгээ амьдруулж, жүжиглэх дуртай. “Дурсамж”, “Гунигт амьдрал”, “Дурлалын дууль”, “Бид хоёр”, “Испани”, “Догь эр” гээд л. Манай чуулгын бүжигчин, Хөгжим бүжгийн дунд сургуулийн 1984 оны төгсөгч н.Өлзийсайхан 1990 хэдэн онд “Дон Жуан” модерн балетийг анх удаа тавьсан. Мөн би 1989 онд Улаан-Үдэ хотын “Байкал” чуулгын гоцлол дуучидтай Агын нутгаар 45 хоног аялан тоглолт хийж, Мандхай, Энэтхэг, Мянгад, Баяд бүжгээ бүжиглэж явлаа. Тэр үед надтай хамт талийгаач бүжигчин н.Батсүх маань “Жалам хар” бүжгээ бүжиглэж байсан юм.

Бид 1980-аад онд наймуулхнаа бүжгийн бригадаар хоёр цагийн хөтөлбөртэйгээр 45 хоног хөдөөгүүр явсан. Бүжгээ эхлэхийн өмнө тайлбарлаж, үйл явдлыг нь ярьж өгдөг байлаа. Жишээлбэл, Баян айлын залууст уруу татагдан, ДОХ тусч нас бардаг эмэгтэйн тухай жүжгийг тайлбартайгаар тоглоно. Тэгэхээр үзэгчид бүгд шимтэн үзэж, хоорондоо ярилцаад л дотор нь орж үздэг байлаа.

-Та залуудаа хайрын захиа хэр авч байсан бэ?

-Би ерөөсөө хайрын захиа авч байгаагүй ээ. Надаас эмээдэг байсан юм байлгүй дээ. Би Хөгжим бүжигт байхдаа их ичимхий хүүхэд байсан. Бага ангид байхын л дандаа дарга болдог хүүхэд байлаа. Бага сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн дарга хүртэл байсан. Бага ангийн хувийн хэрэгт маань “Дарга болох дуртай” гэж  хүртэл бичсэн байсан гэдэг. Би эцэг, эхээс есүүлээ. Би таван эрэгтэй дүү, нэг эмэгтэй дүү, эгчтэй хүн. Олон эрэгтэй дүүтэй байсан учраас эршүүд өссөн. Охидын тоглодог жарта, дээс гэж бараг мэдэхгүй өссөн.Т эгээд долдугаар ангидаа Хөгжим бүжигт орж, тэнцэж байлаа.

-Ер нь яагаад бүжигчин болохоор шийдсэн юм бэ. Эсвэл таны багын мөрөөдөл байв уу?

-Би багын жүжигчин болох мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Хэнтий аймгийн Соёлын ордонд байнга жүжиг үзээд л “Ийм хүн болох юм сан” гэж мөрөөднө. Аав маань хариуцлагатай нарийн бичгийн дарга хүн байсан учраас театраар үнэ төлбөргүй жүжиг, бүжиг их үзнэ. Тэгсэн нэг өдөр аймгийн Соёлын ордонд “Жүжигчин шалгаруулж авна” гэлээ. Би ч дуу дуулж, шүлгээ уншаад тэнцчихлээ. Гэхдээ урлагийн сургуульд орлоо гэснээс бүжгийн ангид орсноо мэдээгүй байсан. Тэгээд аав, ээж хоёроосоо зөрсөөр  байгаад л хот руу Хөгжим бүжгийн дунд сургуульд сурахаар ирсэн.

Сургууль дээрээ ирсэн чинь “Ингээд бүжигчин болж, насаараа бүжиг бүжиглэнэ” гэдгийг сонсоод дотор муухай оргиод л явчихлаа. Аавдаа бүжиглэхгүй гэж хүртэл хэлж байлаа. Аав маань тэгэхэд “Одоо чинь ингэж юмнаас шантарч байгаа бол юу ч сурахгүй” гэж хэлж байсан. Тэгээд бүжгийн ангидаа суралцаж, бүжиглэсэн чинь зовохгүй бүжиглэж байна. Бүжигчин болох гараагаа ингэж л эхэлж байсан даа.

МУГЖ Д.Долгор багшийн хамт шавь нар нь

-“Гарын таван хуруу” уран сайхны кинонд тоглох болсон тухайгаа яриач. Таныг И.Нямгаваа найруулагчийн анхны эхнэр Ч.Цэнгэлийн найз байсан гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Бид нар чинь 1974 онд Дарханы театрт очиход дараа жил нь 1975 онд И.Нямгаваа манай театрт уран сайхны удирдаачаар очсон. Тэгээд манай найз Ч.Цэнгэлтэй суусан юм. Бид гурав их дотно найзууд. Цэнгээ бид хоёр Хөгжим бүжигт сурч байхын их сайн найзууд байлаа. Гаваа өмнө нь бид хоёрт “Драмын найруулагч мэргэжилтэй юм чинь уран сайхны кино найруулж үзнэ” гэж л ярьдаг л байсан.

Тэгсэн нэг өдөр Гаваа намайг өрөөнд дуудлаа. Гүйгээд очтол өрөөнд нь Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гуай сууж байсан. Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гуай киноны зөвлөх учраас бүх хүмүүсээ үзүүлж байсан нь тэр. И.Нямгаваа ч өөрөө намайг Хорлоод тоглуулна гэж бодсон юм билээ. Тэгээд Ч.Долгорсүрэн гуайгаас намайг асуухад “Өө сайхан сайхан. Адилхан байна” гээд л зөвшөөрч байлаа. Их азтай шүү. Тэгж л анх удаа уран сайхны кинонд тоглож үзсэн дээ. Өмнө нь Дарханы Соёлын ордонд ажиллаж байхдаа бригадаар тоглолт хийж, ганц нэг жүжгүүдэд тоглож юм.

-Тухайн үедээ та гэр бүлтэй байсан уу? 

-Тэгэлгүй яахав. Би гэр бүлтэй болоод хүү маань зургаан настай байсан. Хүмүүс намайг энэ киноны Хорлоогийн дүрээр сайн мэднэ. Би ерөөсөө эмзэглэдэггүй ээ. Харин ч залуу насыг минь дэлгэцийн бүтээлд мөнхөлж өгсөн Гаваадаа баярлаж явдаг. Гэхдээ би өөрийгөө жүжигчин мэргэжлээр суралцаад тоглосон бол арай сайн тоглох байсан гэж боддог. Одоо киногоо харахаар учир дутагдалтай зүйл зөндөө харагддаг. Хамгийн гол нь ам барьж үзээгүйгээс дуу оруулалт дээр алдаа гарсан. За тэгээд мундаг жүжигчин Л.Лхасүрэн ахтай тоглохдоо эхний дубль дээр сайн тоглож байснаа хоёр, гурван удаа давтаад ирэхээр би муудаж эхэлнэ. Уг нь би улам сайжрах ёстой байдаг. Ингээд бодохоор Л.Лхасүрэн ахад хэцүү байсан болов уу гэж боддог.

Хэрвээ “Гарын таван хуруу” киног тайзан дээр тоглосон бол би илүү сайн тоглох байсан. Зураг авалтын үеэр амаа барих гээд дотоод сэтгэлээ мартчихсан учраас дуу их хуурай болсон гэж боддог .Би анхнаасаа Гаваагаас “Гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал эгчээр миний дууг оруулаад өгөөч” гэж хэлсэн. Жишээлбэл цахиур төмрийн дууг Ардын жүжигчин Н.Дагийранз гуай оруулж, олонд хүргэсэн байдаг шүү дээ. Тэр үед миний дууг туршлагатай хүн оруулсан бол аврагдах байсан. Гэхдээ хүмүүс тэр талаас нь боддоггүй юм билээ. Миний хувьд тэр кинонд тоглосондоо ч баяртай байна.

-Нийгэм нээлттэй биш байхад гарсан кино шүү дээ. Кинонд тоглосны дараагаар хүмүүс хэрхэн хүлээж авч байв?

-Хотод тоглолтоор төрийн концертод оролцохоор ирэхэд “Хүмүүс шивэр авир” гээд л таныг яриад өнгөрч байна гэдэг байсан. Тэр битгий хэл ресторанд хоол идэж байхад хэсэг залуус “Бид хоорондоо мөрийцсөн юм. Та Хорлоо мөн үү” гэж асууж байлаа. Бас нэг удаа Баян-Өлгий аймагт бригадаараа казах айлд зочилсон чинь сүүлдээ нөхөр нь над руу дайраад “Айлын таван хүүхэд өнчрүүлээд. Муухай хүүхэн” гээд уурлаж билээ. Тэгсэн найруулагч И.Нямгаваа “Энэ хүн гэр бүлтэй. Тэр бол кино шүү дээ” гэж тайлбарлаж, өгч байсан юм.

“Гарын таван хуруу” киноноос өөр ямар кинонд тоглосон билээ?

-Миний хувьд “Гарын таван хуруу” уран сайхны киноноос хэд хэдэн кинонд туслах дүрд тоглож байсан. Жишээлбэл, “Би эмээ болохгүй”, “Тэнгэрийн цааз”, “Нандин эрдэнэ”, “Үлгэр дууссан хойно” зэрэг монголын уран сайхны киноны туслах дүрүүд бий.

-Тэгвэл “Гарын таван хуруу” кинонд тоглохоос өмнө санал ирж байсан уу?

-Өмнө нь Ж.Сэлэнгэсүрэн найруулагч 1980 онд “Эхлэл” уран сайхны кинонд хөдөөний охины дүрд тоглоод өгөөч гэдэг санал тавьсан. Наадмын дараахан яг амралт таарсан учраас зөвшөөрч, Булган аймгийн Хялгантад хоёр сар байсан. Тэр кино маань Монгол, Зөвлөлтийн ажилчдын найрамдлын тухай өгүүлэх учраас найруулагч маань Орос жүжигчдээ авч ирэхээр Улаан-Үдэ рүү явсан байсан. Бид чинь тэнд өдөрт нэг хонь гаргаад л намайг “Морь унаж сурч бай” гээд хоёр сар боллоо. Тэгээд л миний ажилд орох хугацаа болж Дархан руу буцаж, туслах дүрээр очсон охин маань тоглосон.

 

 

-Одоо “Гарын таван хуруу” киноны уран бүтээлчидтэйгээ холбоотой байдаг уу. Өнгөрөгч дөрөвдүгээр сард киноны бяцхан жүжигчид 37 дараа уулзсан байсан. Та дуулсан уу?

-Бид хоорондоо холбоотой байдаг. Ноднин охин маань болж тоглосон Б.Гантигмаатайгаа Монголд амарч байгаад санаандгүй таарч, уулзсан. Би өнгөрсөн жил Баянбуурал амралтын газар амраад явж байхдаа Б.Гантигмаа Ш.Дэлгэржаргал эгч хоёртойгоо санаандгүй вокзал дээр тааралдаж, сүйд болсон. Тэр үеэрээ “Таныг Б.Амарсанаа гэж найруулагч асуугаад байна” гэж байсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард найруулагч Г.Доржсамбуу гуайн хүү Д.Цогт найруулагч “Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчдийг уулзуулсан юм билээ. Би тэгэхэд л М.Батхишиг, Н.Бат-Амгалангаа олон жилийн дараа ямар болсныг зурган дээрээс харсан. Саяхан тэд нар маань утсаар холбогдоод уулзаж, хоёрдугаар ангийг хийх талаараа ярилцья гэж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж