Монголын тайга дахь цаатангуудын гайхалтай амьдрал

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Монголын тайга дахь цаатангуудын гайхалтай амьдрал

Монголын тайга дахь цаатангуудын гайхалтай амьдрал

Та бүхэнд “Forbes” сэтгүүлийн нийтлэлч Бреанна Уилсоны монголын цаатангуудын амьдралын талаар өгүүлсэн сонирхолтой нийтлэлийг орчуулан хүргэе.  “Forbes” сэтгүүл уг нийтлэлийг өчигдрийн /2019.08.18/ дугаартаа онцолжээ. Бреанна Уилсон Хөвсгөлийн тайгад аж төрдөг угсаатны цөөнх болох цаатангуудын дунд нэг өдрийг өнгөрөөхдөө өөрт төрсөн сэтгэгдлээ нийтлэл болгон уншигчдад хуваалцжээ.


Тайгын амьдрал тийм ч амар зүйл биш. Гэнэт хаа нэгтэйгээс чоно гараад ирж магадгүй. Цаг агаар нь ч тааварлашгүй. Гар утасны сүлжээ гэдэг бол аз сорьсон тоглоом. Сүлжээтэй газарт очихын тулд нэлээд хол зам туулах хэрэгтэй болдог.

Гэхдээ эндхийн амьдрал үнэхээр ер бусын. Дэлхий дээр цаа буга хөлөглөн амьдардаг цорын ганц угсаатан бол монголын цаатангууд. Энд ердөө 44 өрх амьдралын энэ өвөрмөц хэв маяг, уламжлалаа хадгалан үлджээ. Тэдний аж амьдрал бүхэлдээ нэг л зүйлээс хамааралтай. Тэр бол цаатангуудын малладаг цаа буга. Тэд сүүгээр цай сүлэхээс эхлээд цаа бугаа амьдралынхаа бүхий л хэрэгцээнд ашигладаг. Ганцхан махыг нь л тэр бүр хэрэглээд байдаггүй. Яалт ч үгүй цаа нь үхсэн тохиолдолд л махыг нь иддэг.

Ингээд би өөрийн хэрэглэх ойр зуурын юмаа цүнхлээд энэ гайхалтай бас тэс өөр ертөнцтэй танилцахаар явсан юм. Цаатан гэр бүл болох Ганбат, Отгонцэцэг нарын гэрт ирээд би тэдний өдөр бүр иддэг амтат талхаа хэрхэн барьдагийг, хоточ нохой нь шөнө хотоо чононоос хэрхэн хамгаалдагийг, цаатан өвөө шөнө болоход цаануудаа хэрхэн аргамждагийг гэх мэт тэдний амьдралын нэг өдөртэй өөрийн биеэр танилцаж, бас их ч зүйлийг сурсан юм.

Зөвлөлтийн фургон машинаар хоёр өдөр, дараа нь хагас зэрлэг монгол морины нуруун дээр хоёр өдөр яваад бидний хэлмэрч, судлаач Эрик Купертэй хамт зорьсон газартаа ирсэн юм. Эрик зун болгон жуулчдыг дагуулан цаатангууд дээр авчирч, тэдний аж амьдралтай танилцуулдаг. Цаатангуудын амьдрал дунд өнгөрүүлсэн нэг өдрийн хором мөч бүр нь надад үнэхээр үнэ цэнэтэй санагдаж байлаа.

ЦААТАНГУУДТАЙ ХАМТ ӨНГӨРҮҮЛСЭН НЭГ ӨДӨР

Гэрийн эзэгтэй Отгонцэцэгийн нэг өдөр бусад өдрүүдийн адил өглөө 05.30  цагт саалиндаа гаран эхлэв. Өглөөний яг энэ цагт тайгад маш хүйтэн байдаг аж. Тиймээс тэр өвлийн дээлээ өмссөн байв. Сааль нэг цаг орчим үргэлжилж Отгонцэцэгийн хувингууд дүүрэх нь тэр. Хэрэглээд илүү гарсан сүүгээ маргааш өдөр нь ээдүүлж бяслаг болгодог байна. Эндхийн хүмүүс ийм жиндүү газар, ийм эрт босоод борви бохис хийлгүй ажиллах хэрнээ бүгдийнх нь нүүрэнд инээмсэглэл тодроостой. Тэдэнд өглөө ямар ч халуун кофе байхгүй гээд боддоо. Үнэндээ надад ч бас маш сайхан байсан.

Өглөө 10.00 цагийн үед Отгонцэцэгийн эмээ зочилж ирсэн нь бас нэгэн гайхалтай завшаан байв. Аль хэдийн 80 гаран насалсан түүний хараа нь жаахан муудсан ч морь унахдаа үнэхээр гаргууд сайн. Тэр биднийг ирсэн сургаар ач охиныдоо ирж, бидэнд түүх домог хуучилж, өөрийн төрөлх Тува хэлээрээ дуу хүртэл дуулж өгсөн. Түүнийг дуулж эхлэхэд яагаад ч юм өөрийн эрхгүй нулимс урсаад л байсан. Мөн түүний залуучуудад өгч буй сургаалийг нь би хэзээ ч мартахгүй. Тэрбээр “Хэрэв хэн нэгэнд чинь морь хэрэгтэй болсон бол түүнд морио өгөх хэрэгтэй. Тэр сайн хүн бол морийг чинь буцаагаад авчраад өгнө. Өөрт байгаа зүйлээ үргэлж бусадтай хуваалцаж бай. Чиний бусдад өгч буй зүйл заавал том байх албагүй” хэмээгээд энэ зан чанар цаатан хүмүүст илүү шингэсэн байдаг гэж хэлсэн юм.  

Өдрийн хоолны үнэр тайгын цэнгэг агаартай сүлэлдэн үнэхээр сайхан үнэртэж байлаа. Өнөөдрийн өдрийн хоол гогодтой /сонгины төрлийн ургамал/ бин, гурилтай шөл бөгөөд хажуу уулын бэлээс түүсэн шинэхэн гогодоор бингээ амтлав. Тэдний амьдардаг энэ газар их намгархаг учир ямар нэгэн ногоо тариалах боломжгүй юм. Цаатангууд тайгад ургадаг олон төрлийн өвс ургамлыг хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна, эмийн зориулалтаар ч өргөн хэрэглэдэг. Отгонцэцэг урцныхаа гадаа өлгөж хатаасан хонины мах болон өөрийн гараар зуурч, элдсэн гурилаар маш амттай гурилтай шөл хийв. Бид энэ хоолыг байнга идсэн хэрнээ амтнаас огт уйдахгүй байлаа.

Үдээс хойш бид Ганбат болон түүний өвөөг дагаад модонд явлаа. Бид өөр өөрсдийн цаагаа унан ойролцоох уул руу явцгаав. Энэ үед л би ийм балчиг намагтай, энхэл донхол газарт цаа буганаас өөр тохирох унаа байхгүй гэдгийг ойлгосон юм. Цаг орчим явж мод бэлтгэх ойдоо очоод модоо тайрч бэлдээд отог руугаа буцацгаав.

Отогтоо буцаж ирэхэд өдрийн хийх ёстой ажлууд ихэнх нь дууссан байлаа. Амрах цаг болжээ. Гэхдээ амралтын цаг нэг цаг орчим үргэлжилнэ. Бусдыгаа амарч байх зуур өвөө отгийнхоо байр байдлыг ажин, элдвийг эргэцүүлэн зогсоно.

Өглөө эрт саалийн дараа бэлчээрт гарсан цаанууд аль хэдийн уулын хормой тойроод явчихжээ. Орой ч болж хол бэлчсэн цаануудаа хураан айлууд өөр өөрсдийн хашаандаа тусгаарлан хашлаа. Энэ бол цаатангуудын нэг өдөрт заавал хийх ёстой ажлуудын бас нэг хэсэг.

Өнөө оройн зоог бол бууз. Отгонцэцэг хажуу талын урцанд буузныхаа махыг гараараа татан, тэндээ жигнээд хажуу айлын дүү охиноор бидэнд амттай буузаа явуулсан байв. Оройн хоолны дараа дуусгаагүй нэг ажил үлдсэн нь бэртэж гэмтсэн цааныхаа шархыг цэвэрлэж тос түрхэх байсан юм. Ингээд нэг завгүй өдөр дууслаа. Хэдий өглөөний 05.30 цагт боссон ч би огт ядраагүй. Цаатангуудтай өнгөрүүлсэн нэг өдөрт хийсэн бүх л ажлууд надад маш нарийн төвөгтэй санагдсан ч тэдний хувьд энэ нь жирийн байдаг л нэг өдөр. Энэ дуусашгүй үргэлжилсэн ажлыг өнөөдөр хийнэ. Маргааш нь ч үргэлжилнэ. Тэрний цаад өдрүүдэд ч хийх л болно. Энэ бол хялбар ажил биш. Тэд зүгээр л өөрсдийн ажлаа дэндүү сайн мэддэг учир огт төвөгшөөдөггүй. Эндхийн амьдрал дэлхийн бусад газрынхтай огт адилгүй. Нэг үгээр хэлбэл гайхалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж