Аварга Э.Оюунболдоос сэргээш илэрсэн ч хүлээн зөвшөөрсөнгүй

Хуучирсан мэдээ: 2019.08.18-нд нийтлэгдсэн

Аварга Э.Оюунболдоос сэргээш илэрсэн ч хүлээн зөвшөөрсөнгүй

Аварга Э.Оюунболдоос сэргээш илэрсэн ч хүлээн зөвшөөрсөнгүй

"Ньюс" агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн дуулиант үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Өнөө жилийн үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболд өчигдөр /2019.08.17/сэргээш илэрснээ мэдэгдсэн ч хүлээн зөвшөөрсөнгүй. Долоо хоногийн турш ам чанга явсны эцэст фейсбүүк хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн нь энэ юм. Тэрбээр “Зохион байгуулалттай гэмт хэргийн золиос боллоо, миний шээсийг сольсон байна. Хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, шалгаж өгнө үү. Би гуравдагч орон руу хандаж, шинжилгээ өгмөөр байна. Мөн би ДНК шинжилгээг өгмөөр байна” гэж мэдэгдсэн юм.

Тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээгээр хоёр бөхөөс допинг илэрснийг өнгөрсөн даваа гаригт  /2019.08.12/ Үндэсний баяр наадмын комиссын Үндэсний бөхийн комисс албан ёсоор мэдэгдсэн.

Сэргээшийн хариу ирсэн байсан тул шинжилгээ өгсөн бөхчүүд дараалан мэдэгдэл хийсээр байсан ч наадмын түрүү авсан аварга Э.Оюунболд ганцаараа тайлбар хийлгүй үлдсэн нь сэргээш илэрсэн бөхийн нэг нь болов уу гэх хардлагад хөтөлсөн. Хардлага ч үнэн болж, батлагдаж байна. Гэхдээ  бөхчүүдийн дундах хагарал аварга Э.Оюунболдыг хорлов уу, эсвэл сэргээш хэрэглэснээ булзааруулж, бөхчүүдийн хагарал руу нялзаав уу гэдэг нь хууль хяналтын байгууллагынхан хэрэг явдлыг шалгаж байж, эцэслэгдэх ёстой.

Нөгөөтэйгүүр, гуравдагч оронд шинжилгээ хийлгэх болбол шинээр шинжилгээ өгөх үү, эсвэл өмөхөө дахин илгээх үү гэдэг асуудал анхаарал татаж буй. Өмнөх шинжилгээг илгээвэл шээс солигдсон болж таараад буй. Харин шинээр шинжилгээ авч, илгээнэ гэвэл аварга Э.Оюунболд цусаа цэвэршүүлэх эмчилгээ хийлгэсэн байвал яах вэ, энэ тохиолдолд шинжилгээний хариу үнэн зөвөөр гарах аргагүй болох юм.

Допингийн асуудал хэсэгтээ л маргаан дагуулах нь тодорхой болоод байна. Гол нь хэргийн үнэн мөнийг олох нь хуулийн байгууллагынхны, мөн Монголын Допингийн холбоо, Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооныхны зорилго юм. Хэрэв энэ хэргийн үнэн мөнийг олж чадахгүй бол дараа, дараагийн наадмын бөхийн допингийн шинжилгээнд итгэх аргагүй болно.

Шүүх засаглал хараат бус байх зарчим хэрэгжихгүй байна

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгаж, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар( ТЕГ)-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурор (УЕП)-ын орлогч Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн даваа гаригт Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч дууссангүйХохирогч Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэгээс тавьсан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авснаар завсарлага наймдугаар сарын 19-ний өдөр хүртэл буюу хоёр дахь долоо хоногтоо үргэлжлэх болж байна.

Тэрбээр хүсэлтдээ өмгөөлөгч Д.Оюунчимэг  2019 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 9 цагаас хойш тасралтгүй 5 өдөр илүү цагаар ажилласан, 17 өмгөөлөгч, 2 улсын яллагч 5 өдөр хэлэлцсэн хэргийнхээ талаарх хууль зүйн дүгнэлтийг танилцуулна, энэ нь өнөөдөр ажлын цагт багтахгүй учраас 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ.

Эл хэрэг нь маш нууцын зэрэглэлтэй, 20 жилийн турш нууцлагдах ёстой гэдгээрээ онцлогтой. Гэвч шүүх хурлын үйл явцтай холбоотой зарим мэдээлэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын чихэнд хүрсэн байж болзошгүй нь анхаарал татаж буй.

Өөрөөр хэлбэл, шүүх хурлын нууц задарсан байж болзошгүй нь шүүх засаглал улс төрөөс хараат бус байх зарчим хэрэгжихгүйд хүрч байна гэж үзэх үндэслэл бий болгож байгаа юм.

Монголын дипломат Германд шүүгдэж байна

Монголын дипломаттай холбоотой хоёр дахь дуулиантай мэдээ өнгөрсөн баасан гаригт /2019.08.16/            “The World news”-т нийтлэгдэв.

Тус мэдээнд “2018 онд Германы цагдаа нар Будапешт дахь Монгол Улсын Консулын газрын атташе Т.Мөнхбат /53 настай/, жолооч Э.Оргил /38 настай/ нарыг дипломат дугаартай “Мерседес Бенз” машинтай А17 чиглэлийн хурдны зам дээр явахад нь саатуулсан. Тэд 150 мянган ширхэг өвчин намдаах зориулалттай “Лоразепам” эмийг хил нэвтрүүлэх гэж байсан бөгөөд энэ нь зах зээлийн ханшаар 600 мянган еврогийн үнэ хүрэх бараа юм. Дээрх монголчуудад холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Сэжигтнүүд “Будапешт дахь Консулын газрын машинаар Берлинд хүргэх дипломат шуудан зөөж байсан. Дотор нь юу байгааг мэдээгүй” хэмээн мэдүүлээд буй юм.

Сүүлийн үед А17 чиглэлийн зам нь хууль бус бараа тээвэрлэдэг гол зам болоод байна. 2019 оны зургадугаар сард энэ замаар 70 кг героин тээвэрлэж явсан Монгол Улсын хоёр дипломат баригдсан бөгөөд тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдээд байна” хэмээн бичжээ.

Албан бус мэдээллээр Будапешт дахь Монгол Улсын Консулын газрын атташе Т.Мөнхбатыг чөлөөлсөн байсан гэх мэдээлэл буй. Гэхдээ чөлөөлөгдөхөөсөө өмнө дээрх хрээгт холбогдов уу, эсвэл хэрэгт холбогдсоных нь дараа чөлөөлөв үү гэдэг тодорхойгүй байгаа юм.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж