Монголд анх удаа цахилгаан болон дулааны эрчим хүчийг тусгаарласан Амгалан дулааны станц өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Д.Зоригтоос тодрууллаа.
-Эрчим хүч, дулааны хангамж тааруу гэх гомдол Эрчим хүчний яаманд хэр ирдэг вэ?
-Нийслэлийн хүн ам, суурьшил нэмэгдэх тусам дулааны хүрэлцээ муудах болсон. Иргэн, аж ахуй нэгжээс дулааны талаар Эрчим хүчний яаманд ихээр ханддаг. Тэр болгоныг дулаанаар хангах бололцоо тааруу байдаг. Гэхдээ Амгалангийн дулааны станц намраас ашиглалтад орж нийслэлийн зүүн хэсгийн айл өрхийг дулаанаар хангаад эхлэхээр байдал сайжирна. Зүүн хэсгийн дулааны сүлжээгээр дамжуулан төвийн дулааны ачааллыг ч бууруулна гэсэн үг. Ялангуяа дулаан хангамж доголддог Зайсангийн өрхүүдийн асуудал шийдэгдэх юм.
-Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Өвлийн бэлтгэл, их засварын ажлыг хийж байна. Нийтдээ 1400 гаруй ажлыг графикийн дагуу хийнэ. Одоогоор өвлийн бэлтгэл 50 орчим хувьтай байна. Саяхнаас эрчим хүчний үнэ тарифт тодорхой хэмжээний өөрчлөлт гарлаа. Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт орсон. Энэ хүрээнд 2015 ондоо багтаад төвийн болон дорнод бүсийн эрчим хүчний систем анх удаа алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдлээ. Орлогоороо зарлагаа нөхөх хэмжээнд хүрсэн гэж харж байна. Харин баруун болон өмнөд бүсийн хувьд алдагдалтай хэвээр байна. Учир нь гадаадаас эрчим хүч импортолдог.
Цаашид эрчим хчүний салбарын үнэ тарифын бодлогыг харьцангуй либеральчилна. Нөгөө талаас бага орлоготой, эрчим хүчний бага хэрэглээтэй өрхүүдэд уян хатан бодлого барж ажиллавал ойрын жилүүдэд энэ салбарын алдагдлыг бууруулна гэж үзэж байна.
Эрчим хүчний салбарын алдагдлаа бууруулахын тулд үнэ тарифын зохицуулалт хийж байна. Мөн салбарын хэмжээнд 15 орчим тэрбум төгрөгийн зардал хэмнэж, бүсээ чангална. Ингээд оны эцэст эрчим хүчний салбарын алдагдал буурна.
-Оросоос нийлүүлэх эрчим хүчний үнэ нэмэгдсээр байна. Цаашид ч нэмэгдсээр байх болов уу?
-Бид гадаадаас эрчим хүчээ авч байгаа учраас санал болгосон үнэ дээр нь хэлэлцээр хийдэг. Харамсалтай нь хагас жил бүр үнэ нь нэмэгдэж байна. Хэдий тийм ч ойрын хэдэн жилдээ гадаадаас эрчим хүч авах зайлшгүй шаардлага бий. Гол нь бид өөрийн эрчим хүчний эх үүсвэрээ хурдан хугацаанд ашиглалтад оруулах шаардлагатай.
-Эрчим хүчний компаниудыг хувьчлах асуудал яригдаж байсан?
-Бүрэн хувьчлах биш. Эрчим хүчний компаниудыг олон нийтийн болгоно. Бирж дээр нэмэлт хувьцаа гаргаад хөрөнгө оруулагч, ард иргэд хувьцаа авдаг болно гэсэн үг. Ингээд нээлттэй хувьцаат компанийн зарчмаар ажиллана.
-Амгалангийн станц ашиглалтад орохоор энэ өвөл нийслэлчүүд гал алдахгүй өвөлжиж чадах болов уу?
-Энэ өвөл ард иргэд, хэрэглэгчдээ эрчим хүчээр найдвартай хангахын төлөө бүхий л бэлтгэлээ хангаж байна.
Б.ЗАЯА