“Надад бэйсболл малгай бэлэглээч
Нар дээрээс тусвал хэцүү юмаа
Дэлгүүр орж худалдаж авахаар
Дэмий гадуур сэлгүүцэж явнаа” хэмээн хэнэггүйхэн хэрнээ хэмнэлтэй дуулах “Альтернатив” дуучин Отгоо уран бүтээлдээ эргэн ирлээ. Тэрбээр тайзнаа эргэн ирэх ирэхдээ өөрийн анхны бие даасан цоо шинэ пянзыг гаргаж, сонсогч фенүүддээ бэлэг бариад буй билээ.
Түүний өөрийн нэрээр нэрлэсэн “Отгоо” шинэ пянзны баяр өчигдөр /2019.08.17/ “Vinyl Music Lounge”-д болж, нэгэн үдшийг сонсогчидтойгоо амьд хөгжмийг мэдэрч, хачин гоё өнгөрүүллээ. Дуучин Отгоогийн шинэ пянз нь Монголын рок поп урлагийн эмэгтэй уран бүтээлчдээс анхдагч гэдгээрээ онцлог.
“Альтернатив” Отгоогийн дуунууд хайр дурлал, амьдралын мөн чанарыг өөрийн өнгө аяс, өвөрмөц шийдлээр өгүүлж, дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог цөөн эмэгтэй уран бүтээлчдийн нэг. Тэр ч утгаараа дуучин Х.Отгончимэг бие даасан дөрөв дэх студийн уран бүтээл болох пянзанд багтсан таван шинэ дууныхаа үг, аяыг өөрөө зохиожээ. Тэрбээр анхны пянзанд багтсан “Чимээгүйд” цоо шинэхэн дуугаа цугласан зочиддоо дээжлэн хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
“Сүүдрээс ус урсана
Сүйх тэрэг цаг хугацааг зөөвөрлөнө
Сүүдрээс нулимс урсана
Сүмийн дэргэд хот босно
Амттайхан улаахан гүзээлзгэнийг
Амьдрал, амьдрал гэж нэрлье” хэмээн өгүүлэх “Гүзээлзгэний амьдрал” энэ дуу бол түүний шинэхэн пянзны дээж уран бүтээл. Уг дууны үгийг яруу найрагч Б.Эрдэнэсолонго бичиж, өөрөө аяыг нь хийсэн байна.
Пянзны баяр дээр “Чимээгүйд”, “Хөөсөн бөмбөлөг”, “Хайрлах уу”, “Диваажин”, “Гүзээлзгэнийн амьдрал” гэх цоо шинэ дуунуудыг сонсож, урилгаар орчин цагийн хөгжмийн төлөөлөл болох “The SHOM”, “The Lemons” хамтлаг уран бүтээлээ хүргэсэн юм.
Монгол уран бүтээлчдийн хамгийн сүүлийн пянз 1984 онд ЗХУ-д хэвлэгдсэн гэдэг. Түүнээс хойш 2013 онд “Хурд” хамтлаг 29 жилийн ойдоо зориулан алтан пянз гаргаж байсан бол үүний дараа 2018 онд амьд хөгжмийн “Лемонс”, “Колорс” хамтлагууд өөрсдийн пянзаа гаргаж шинэ түүхийг бичиж эхэлсэн юм. Энэ давалгааг эмэгтэй уран бүтээлчдээс түүчээлэн үргэлжлүүлж буй дуучин бол “Альтернатив” Отгоо ажээ.
Түүний Япон улсад хэвлүүлсэн энэ пянз цагаан өнгөтэй бөгөөд өнгөний сонголт, дугаралтыг судлаачид олон улсын стандартад нийцсэн гэсэн үнэлгээг өгч байв. Ийн дуучин Х.Отгончимэг буюу Отгоогийн шинэхэн пянзны баяр амьд хөгжмийн үдэшлэгээр үргэлжилж, нэгэн үдшийг сонсогчидтойгоо халуун дотно уур амьсгалтай өнгөрүүллээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ