Налайхын замыг 10-р сарын сүүлээр нээнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.17-нд нийтлэгдсэн

Налайхын замыг 10-р сарын сүүлээр нээнэ

Налайхын замыг 10-р сарын сүүлээр нээнэ

Улаанбаатар хотын авто замын ачаалал, зам тээврийн ослыг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил нийслэлд ид өрнөж байна. Тухайлбал, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам засварын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр эхэлсэн. Тус авто зам тавих ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчийн компани ажиллаж буй. Налайхын зам нь олон улсын стандартад нийцсэн дөрвөн эгнээтэй, бүрэн гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замтай болох юм.

Өнгөрсөн хугацаанд дээрх замыг заасан хугацаандаа ашиглалтад орохгүй гэх яриа гарах болсон. Тэгвэл Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлэхдээ "Усархаг бороо орж буй өдрүүдэд технологийн горимыг алдуулахгүйн тулд замын ажлыг зогсоодог. Бусад өдрүүдэд бороотой өдрийн ажлуудыг нөхөж хийхийг хичээж байна. Иймээс бороо орж байгаатай холбоотойгоор тодорхой хэмжээний хоцрогдол бий. Гэхдээ Налайхын замыг аравдугаар сарын сүүлээр нээнэ. Шинээр барьж буй Баянзүрхийн гүүртэйгээ уялдуулж, ашиглалтад оруулна. Ингээд Баянзүрхийн гүүр, Налайхын зам авто замын хөдөлгөөн нэвтрүүлээд эхэлнэ" гэв.

Зам засварын ажилтай холбогдуулан Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахаар болсон билээ. Тухайлбал, 3.5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчиж байгаа.

Налайхын замыг анх 1953 онд БНХАУ-ын төмөр замын тавдугаар ангиар бариулж байжээ. Түүнээс хойшхи 60 жилийн хугацаанд энэ зам дээр олон хүн амь нас, эрүүл мэндээ алдсан байна. Олон жилийн насжилттай, олон хүний аминд хүрсэн, энэ зам урсгал засвар авах ямар ч боломжгүй болсон аж. Тиймээс БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барихаар болсон нь энэ юм.

Сонирхуулахад, энэхүү бүтээн байгуулалтад 36.5 сая ам.доллар зарцуулах бөгөөд Налайх дүүргийн малчин өрхүүдийн мал, Горхи, Тэрэлжийн зэрлэг ан амьтан зам гарч байхдаа автомашинд мөргүүлэх тохиолдол их гардаг учраас гол зам дагуу, амьтны нүхэн гарц барихаар төлөвлөсөн нь онцлог аж.

Налайхын зам ийм болно

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж