"Надад албан тушаал мөнгөөр худалдаж авах шаардлага байхгүй" | News.MN

"Надад албан тушаал мөнгөөр худалдаж авах шаардлага байхгүй"

"Надад албан тушаал мөнгөөр худалдаж авах шаардлага байхгүй"

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногийн ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА-уудаа тоймлон хүргэж байна


Т.СОДНОЙ: БӨХЧҮҮД ДОПИНГ ХЭРЭГЛЭЖ БУЙ НЬ МӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ

Сүүлийн жилүүдэд манай бөхчүүдээс допингийн асуудал салахаа байсан. Өчигдөр гэхэд /2019.08.12/ шинжилгээ өгсөн 16 бөхийн хоёроос нь допинг илэрсэн талаар “Үндэсний бөхийн комисс”-ын дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Үүнтэй холбогдуулан бид өөрийн амьдралын жараад жилийг Монгол бөх судалж, ном бичиж хэвлүүлсэн Т.Содной гуайтай уулзаж ярилцлаа. Тэрбээр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, биологийн ухааны доктор, профессор, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой, нас сүүдэр 90 дөхөж яваа буурал юм.

-Үндэсний бөхийн үүх түүхийн талаар та олон ном бичжээ. Энэ спортыг хэдийнээс яагаад судлах болов оо?

– Би 1931 онд төрсөн хүн. Хүүхэд байхаасаа л бөхөд хорхойтой, сонирхож явдаг хүүхэд байв. Хаана бөхчүүд байна би тэнд явна. 1951 оноос хойш улсын наадам тасралтгүй үзсэн хүн. Бөхчүүдийн яриа хөөрөө, харилцаа, зан араншин, өмсгөл зодог шуудаг тэр бүү хэл үсний засалтын хэв маягийг хүртэл хажуунаас нь кино үзэж байгаа юм аятай харж явсан хүн. Одоогоос таван жилийн өмнө би “Бөхийн холбоо”-нд “Монгол бөхийн нэвтэрхий толь” хийх санал тавьсан юм. Энэ саналыг маань тус холбоо хүлээж аваад ном бүтээх үйл хэргийг эхэлж, миний бие шинжлэх ухааны зөвлөгөө өгөх, өгүүллэг бичих, редакторлах үүргийг хүлээсэн юм. Ингээд “Монгол бөхийн нэвтэрхий толь” хэмээх 80-аад хуудастай ном хэвлэгдсэн. Энэ бол Монгол хүний биеийн болоод оюуны соёлын их баримтыг түүхэнд үлдээсэн явдал юм. Үүнээс гадна олон ном, өгүүллэг, нийтлэл бичиж байсан.

-Түүхийг судалж байхад Монгол бөх, эр хүн бие бялдар, зан байдлын хувьд ямар байсан бэ? Орчин үед өөрчлөгдсөн болов уу?

-Ерөөс Монгол эр хүнийг бөхчүүдээр төлөөлүүлэн ойлгодог байв. Монгол бөхчүүд гэдэг бие бялдрын хувьд өргөн ханхар, хүч тэнхээтэй, оюун ухаан цэлмэг, зан байдал ёс жудагтай, тайван дөлгөөн, хамгийн гол нь сэтгэл цэвэр байсан юм. Одоо харж байхад тэр хэмжээнд арай л хүрэхгүй байна уу даа гэж зарим талаар бодогддог. Яах вэ, бөхийн ногоон дэвжээн дээр юу ч болдгийг бид сайн мэдэхгүй залуу бөхчүүд хор шартай, зоригтой байх үе бий. Ард олноо баясгах даацтай барилдаан үзүүлэх гэж хүч үздэг хүмүүс. Гэхдээ бөхчүүд маань барилдахдаа сэтгэл цэвэр байхыг чухалчлах хэрэгтэй. Сэтгэл цэвэр гэдэг нь шударга барилддаг, ямар нэгэн ёс зүйгүй үйлдэл үзүүлдэггүй гэх мэт чин үнэнч байдлыг хэлж байгаа ухаантай.

-Сэтгэл цэвэр байх ёстой гэж та хэллээ. Үүнд ямар нэгэн сэргээш хэрэглэхгүй хүч тэнхээ, оюуны бяраар чин үнэнчээр өрсөлдөх орно биз дээ?

-Тэгэлгүй яах вэ, энэ ч бас хамаатай. Дээхэн үеийн бөхчүүд бяр хүч, оюун ухаанаа шавхан, хамаг анхаарлаа хандуулан цэвэр сэтгэлзүйгээр шударга өрсөлддөг байсан. Хаана хүч бяр нь жигдэрсэн бөх байна, түүнтэй барилдах гэж үзнэ. Өөрийгөө хурцална. Амралтын өдөр бүрээр Хөдөлмөр, Барилгачдын нийгэмлэг, Спортын ордон гээд заалны барилдаанууд их хийнэ. Бөхийн спорт хувь хүнээс тэсвэр тэвчээр, хөдөлмөр зүтгэл, сэтгэлзүйн хатыг эн тэргүүнд шаарддаг. Үүнд л залуу бөхчүүд маань хугарахгүй, нугарахгүй байх нь зүйтэй.

-Шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн хоёроос нь допинг илэрсэн тухай ид шуугиж байна. Дор бүрнээ хэн бол гэсэн таамаг дэвшүүлж байна. Хэн ч байлаа гэсэн олон жил бөх судалж, дурладаг хүний хувьд энэ мэдээ танд урам хугармаар сонсогдох байх даа

-Хайран бөхчүүд минь. Яагаад ийм юм хэрэглэчихэв ээ. Уг нь хэрэглэх огт хэрэггүй юмсан гэсэн харамсах сэтгэл төрж байна. Хайран бөх дөө гэж. Тэр сайхан өсөх ирээдүйтэй залуу бөх допинг яагаад хэрэглээ вэ гэдгийн цаана мөнгөний асуудал байна гэж би харж байна. Ерөөсөө л бөхчүүд допинг хэрэглэж буй нь мөнгөтэй холбоотой.

-Нөгөө талаас бөхчүүд өөрсдөө мэдэхгүйгээр хэрэглэчихээд байна уу?

-Үгүй. Допинг хэрэглэсэн бөхчүүд гэмтэл, бэртэл аваад эм уучихсан, хориотой бодис байсныг мэдсэнгүй гэж ярьдаг. Энэ бол худлаа. Үнэндээ үүнийг хэрэглээд амар хялбар аргаар болж өгвөл улсын наадамд түрүүлчих юмсан хүсэл тэднийг хорлоод байна.

Нэг, хоёр наадамд түрүүлж болох юм. Гэтэл энэ цаанаа олон сөрөг үр дагавартай гэдгийг мэдэхгүй байна. Наанадаж өөрийнх нь эрүүл мэнд, цаашдаа өөрийг нь залгах үр хүүхэд олоход нөлөөлнө гэдгийг ойлгохгүй байна. Маргаашийг тэр бөх ердөө бодохгүй байна. Өнөөдөр л түрүүлэх асуудал чухал байна. Яагаад гэвэл энэ чинь мөнгөтэй холбоотой. Өөрөөр хэлбэл түрүүлсэн бөхөд өгч байгаа бай шагналтай холбоотой. Монголчууд бүтэн жилд ганц удаа бөхчүүдээ барилдуулж, баярлаж цэнгэдэг. Харин Японы сумо өрөөсгөл сар бүхэн барилдаантай байна. Шагнал урамшуулал гардуулахад эзэн хаан өөрөө оролцож, насан туршдаа хадгалах, үр хойчдоо үлдээх асар дурсгалтай том цомыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгдөг. Мөнгө яах вэ дагалддаг байх, гэхдээ энэ гол биш. Гэтэл манай Монголын хувьд түрүүлсэн бөхчүүддээ байр, машин гээд хэрэглээний материаллаг шагналаар их урамшуулдаг болж. Энэ нөгөө талдаа бөхчүүдийг эдийн сонирхолтой, шуналтай болгож байна. Үүнийг дагаад ямар ч аргаар болов түрүүлэх сонирхолтой болох, допинг хэрэглэх, найраа хийх зэрэг сөрөг талууд үүсээд байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ


"НАДАД АЛБАН ТУШААЛ МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВАХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ"

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал асанТ.Мөнхсайхан томилогдоод байгаа билээ. Тэрбээр ажлаа хүлээж аваад сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өөрийн мэргэшсэн үений дурангийн мэс заслыг тогтмол хийхээр нэвтрүүлээд байгаа сурагтай. Ингээд тус эмнэлгийн ерөнхий захирлаар томилогдоод удаагүй байгаа анагаах ухааны магистр, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.


-Сайн байна уу. Тантай анх утсаар холбогдоход ажлаа хүлээж аваад удаагүй болохоор ажил ихтэй явна гэж байсан. Ажил нь тавлаг уу?

-Би ажлаа хүлээж аваад нэг сар 10 хоног болсон байна. Энэ хугацаанд нэлээд ажил ихтэй байлаа.

-Шинэ ажил, хамт олонтойгоо танилцсан болов уу. Таныг хэрхэн хүлээж авав?

-Ажлаа хүлээн аваад, хамт олонтойгоо тодорхой хэмжээнд танилцлаа. Манай улсын ууган эмнэлгийн чадварлаг хамт олон маань намайг өндөр сэтгэгдэлтэй хүлээн авсан. Хамт олон маань залуу хүн эмнэлгийн удирдлагаар томилогдож, нэлээдгүй өөрчлөлт, шинэчлэлтийг хийх байх гэсэн хүлээлттэй байх шиг санагдлаа.

-Ажлаа хүлээж аваад нэн түрүүнд ямар асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна вэ?

-Миний хувьд эмнэлгийн бүхий л чиглэлд анхаарч ажиллахыг хичээж байна. Эмнэлгийн богино болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг судалгаанд суурилж, бодитоор гаргахаар ажиллаж байна. Мөн эмнэлгээр үйлчлүүлж буй ард иргэдийн төвөг чирэгдлийг богино хугацаанд багасгах, цаашдаа арилгах тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж зарим ажлыг эхлүүлээд байна. Ялангуяа орон нутгаас эмчлүүлэхээр ирж буй хүмүүс хотод удсанаар санхүүгийн дарамт их учирдаг. Иймээс эхний ээлжинд орон нутгийн үйлчлүүлэгчийн хүлээлтийг багасгах, эмнэлэгт давтан ирэх тоог цөөлөх, үүднээс хамгийн их ачаалалтай байдаг Бөөрний мэс заслын төвийн амбулаторийн үйлчилгээг өөрчилсөн. Ингэснээр иргэд нэг дор бүх шинжилгээ, оношлогоогоо өгч, нэг өдрийн дотор бүрдүүлэх боломжтой юм. Цаашдаа эмнэлгийнхээ бүх төв, тасгийн амбулаторийн үзлэгийг нэг цэгийн үйлчилгээтэй болгоно. Үүний үр дүнд эмнэлгийн ачаалал эрс буурна гэдэгт итгэлтэй байна

Манай эмнэлэг нийт 810 ажилтантай. Сүүлийн жилүүдэд эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдэж байгаа хэдий ч нийгмийн тулгамдсан асуудалтай хүмүүс олон бий. Тиймээс бүх ажилчидтайгаа нэг бүрчлэн уулзаж, асуудлыг нь сонсч, зайлшгүй шаардлагатай хүнд нь дэмжлэг үзүүлэхээр үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтран уулзалтын хуваарь гаргаад байна. .

-Сая танай эмнэлгээр орж ирэхдээ Эрчимт эмчилгээний тасаг засвартай байгааг харлаа. Эмнэлгийн төсвөөр засвар хийж байгаа юу?

-Тийм. Манай эмнэлэг ирэх жил 95 жилийн ойн баяраа хийх учраас эмнэлгээ өнгө засах тал дээр анхаарч ажиллаж байна. Эмнэлгийн орчин нөхцөл сайжирснаар үйлчлүүлэгчдийн сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж, эмнэлэгт ажиллагсдын урам зориг нэмэгдэх гэх мэт олон давуу талтай шүү дээ. Тиймээс үе шаттайгаар эхнээс нь эмнэлгийн бүх тасаг, нэгж болгоныг стандартын дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Эрчимт эмчилгээний тасаг 50 гаруй жилийн дараа бүрэн их засварт орж, энэ долоо хоногт нээлтээ хийх гэж байна.

Манай эмнэлгийн амбулаториор өдөртөө 1600-2000 хүн үйлчлүүлдэг. Тэгэхээр хүлээн авах, бүртгэлийн хэсэг маань үйлчлүүлэгчдэдээ илүү ойртож, зохион байгуулалтаа өөрчлөн ирэх сард нээлтээ хийнэ.

-Таныг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Шинэ албан тушаалыг тань танд хэн санал болгов. Эсвэл та шийдсэн хэрэг үү?

-Эрүүл мэндийн яамнаас надад Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллах санал тавьж, томилсон. Миний хувьд энэ шийдвэрийг гаргахад амар байсангүй. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөсөө ажил амьдралынхаа гарааг эхлүүлж, олон жил ажилласан болохоор өөр эмнэлэг рүү очиж ажиллах шийдвэр гаргахад хэцүү байлаа. Би эрүүл мэндийн салбартаа өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч, эрмэлзэж явдаг учраас дээд удирдлагынхаа саналыг хүлээн авсан.

ДЭЛГЭРЭНГҮЙ


Т.ГАЛСАН: БҮХ НҮГЛЭЭ ӨМНӨХ ҮНДСЭН ХУУЛЬ РУУ ЧИХЭХ НЬ ЮУТАЙ ИЧГҮҮРТЭЙ

Монгол Улсын Ардын уран зохиолч Тангадын Галсантай хөөрөлдлөө.


-МОНГОЛЫН БҮХ НАМ УЛААНБААТАРЫН НАМ БАЙГАА НЬ ГАЖУУДАЛ-

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Ардын уран зохиолчийн саналыг төрд, бас түмэн олонд хүргэхээр зорьж ирлээ…

-Бид 30-аад жил төрөөрөө тоглож, улсаа уруудууллаа. Тэр нүглээ өмнөх Үндсэн хууль руу чихэх нь юутай ичгүүртэй. Одоо найман бум гаруйхан гэр-улстай, гурван сая гаруйхан хүн амтай эх орноо хар! Үнэний онош хэлбэл сэхээн амьдруулахын орон дээр ёолж хэвтэнэ. Амьдрах уу, авслагдах уу гэдэг эгзэг отож, эрлэг эргэлдэж байна. Ийм үед цаашдаа Монгол эх орноо, ард түмнээ тэнхрүүлэх ямар бодлого хэрэгтэй вэ гэдгээс Үндсэн хуулийн өөрчлөлт урган гарч байна даа. Бидний үеийн ахмадууд үүнийг дэмжиж байгаа. Бидний энэ их оронч үзэл гурван саяын хөрөнгийг гудхийлгэсэн хулгайч нарт, үндэсний бүх үйлдвэрийг үрэн таран хийсэн дээрэмчдэд таалагдахгүй. Эх орноо идэгсэд, байгалийн фашистууд гадаадын гар хөл бологсод, ил далд эсэргүүцнэ. Засгийг үүрд зайдалж суухыг мөрөөдөгсөд, гай хөө хоёроо гавьяа сүү болгон сурталчлагсдын уурыг миний хэлэх дараахь саналууд хүргэж, уушгиных нь хөөсийг сахруулна. Энэ сэдвээр уруулаас угзарсан чинь сайн хэрэг.

-Монголд маш олон нам бий. Үндсэн хуульд тэдгээр намуудыг яаж зохицуулвал дээр вэ?

-Монголын бүх нам Улаанбаатарын нам байгаа нь гажуудал. Уг зүй нь аймаг бүхэн нэг нам байгуулууштай. Улаанбаатарын нам бол Увсын, Дорнодын, Баянхонгорын… ард түмний эрх ашгийн илэрхийлэл байж чаддаггүй. Аймаг бүхний тулгам асуудал өөр өөр. Түүнийг тухайн аймгийн нам л төгс илэрхийлж чадна. Тэгээд ч 21 нам 42 хүнээ төрд эмчээр илгээдэг болууштай. Нэг нь Их хурлын, нөгөө нь Бага хурлын гишүүн болж тангараг өргөнө гэсэн үг. Хот, дүүргээс 24 гишүүн нэмэгдээд, 66 болно. Нутаг нэгт ард түмэн төрд төлөөлөл болон өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалах хүнийхээ бүх давуу талыг мэдэж, тооцож сонгоно. Хазгай гишгэх, халаасаа зузаалах харьд үйлчлэх этгээд сонгогдож, төр түйвээх боломж тас үсэрнэ.

-Яагаад?

-Араас нь аав ээж, ах дүү тэргүүтэй ард түмэн хянана. Сонгуульд өрсөлдөөд, эхний гурван байрын оноо авсан, нэг намынхан нь хянана. Итгэл алдсан тохиолдолд Их хурлын дарга нь биш, нутгийн нам нь итгэл хөсөрдүүлэгчийг эргүүлэн татна. Алтаар уйлсан ч ахин үл сонгоно.

-Дахиад сонгууль, дахиад баахан мөнгө урсах юм биш үү?

-Үгүй, 12 жилд дахин сонгууль болохгүй. Мөнөөх онхолдсон түшээгийн оронд, түрүүчийн сонгуулиар түүний ард эрэмбэлэгдсэн өрсөлдөгч шууд УИХ-д тангараг өргөн сууна даа.

-Аймаг болгон нам, хот дүүрэг бүр нам болохоор улс төр намаар “бөөстөх” биш үү? 

-Ардчилсан Монгол Улс (АМУ) нийтийг хамарсан нэг л намтай байна. Мөнөөх 33 нам чинь нийлээд Монголын нам болно. Монголын нам бол Монгол Ардын Нам, Монголын Ардчилсан нам, МАХН гэдэг шиг намын эрх ашгийн жижиг нам бус. Монгол даяарын хувь заяаг дээдэлсэн, Монголын хэтийн заяаны урд хариуцлага үүрсэн том ганц нам болох учиртай. Тийм намыг гурван зууны тэртээ Монгол туургатны дээдэс байгуулсан түүхтэй. Нэр нь Монголын нам байв шүү. Энэ намын гишүүд нь монгол үндсээ гэх чин сэтгэлтэй түүний төлөө эд хөрөнгө, тэр ч байтугай алтан амиа зориулах андгай тангарагтай монголчууд байв. Монголын намын туйлын зорилго нь Манжийн талхинаас Монголоо аврах, тусгаар тогтнолоо гагнах явдал байв. Энэ намын сүүлчийн гишүүд нь Богд гэгээн, Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй ихэс дээдэс. Тэр ч байтугай гяндангийн хуяг цагаан дээлт Дамдин байсныг санацгаа.

-Энэ тухай одоо яриад байдаггүй…

-Мэдэхгүй юмаа мэргэд маань яаж ярих юм бэ. Нам тийм нууц оршдог. Түүхэнд үүргээ биелүүлсэн бол татан буулгадаг. Монголын нам тийм аугаа нам байв. Нам гэдэг үг чинь сэм сэм уулзаад, гүм гүм шивнэлдээд, нам нам дарах гэсэн утгатай. Нам гэдэг үг бэлэн байсны ачаар Бодоо, Данзан нар нам байгуулахдаа үг эрж, үсээ зулгаагаагүй. Партия гэж эх хэлэндээ эрлийз үгийн холион бантан хутгаагүй…

ДЭЛГЭРЭНГҮЙ


"СОЁЛЫН БИЕТ ДУРСГАЛЫГ ХАМГААЛАХ УХАМСАР МОНГОЛЧУУДАД ДУТАГДАЖ БАЙНА"

Түүх тэрлэн он цаг хэлхэх өвөг дээдсийн цогцсыг онголсон булш, хиргисүүр, хүн чулуун хөшөө манай улсын өнцөг булан бүрт бий гэхэд хилсдэхгүй. Тал нутагт сүндэрлэх  буурал түүхийн улбаа болсон эдгээр соёлын өвийн биет өвийг хадгалж, хамгаалах асуудал хурцаар яригдах болжээ. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас чанх хойно байрлах Түрэгийн үед холбогдох гурван метр орчим өндөр хүн чулуун хөшөө унасан байдалтай байсныг нутгийн иргэд босгож, хашлага тойруулан хамгаалалтад авсан байна. Энэхүү чулуун хөшөөнд сийлсэн бичээсийг ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэд өнгөрсөн зургадугаар сард нээн илрүүлжээ. Одоогоор судалгааны ажлыг эхлүүлсэн байгаа юм байна. Энэ талаар тус хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Т.Мөнхтулгатай ярилцлаа


-Та бүхний судалж буй Түрэгийн үед холбогдох язгууртны чулуун хөшөөнд сийлээстэй байх бичээсийг тайлж уншсан уу. Ямар утгыг илэрхийлж байгаа бол?

-Хүн чулуу бол тийм ч түгээмэл биш ховор гэхэд хилсдэхгүй. Ялангуяа Түрэгийн үед буюу VIII зууны эхний хагаст хүн  чулуу эрчимтэй дэлгэрсэн. Ихэнх түрэгийн онгон наран ургах зүг рүү харсан байдгаараа онцлогтой. Үүний тод жишээ нь, Тоникукийн дурсгал. Бид энэ оны зургадугаар сарын 8-нд гурван метр 46 см өндөр бүхий хүн чулуун хөшөөний бичээсийг нээж, одоогоор судалгааны ажил үргэлжилж байна. Бичээсийг бүрэн тайлж уншаагүй байгаа.  Бор-Өндөр сумын нутагт байрлах талын хөшөөны дурсгал болох энэхүү дурсгалыг налуу байхад нь нутгийн иргэд 2016 онд босгож, хашлага татсан юм билээ. Хүн чулууны цээж хэсэгт өргөн тамгатай, тамганы доор хамгийн багадаа гурван мөр бүхий бичээс байгаа юм. Эртний түрэгийн руни хэлээр сийлсэн. Бичээст ишир ургийнх гэдгийг тогтоосон тул язгууртны тахилын онгон гэдэг нь тодорхой. Ишир ургийн тахилын онгон манай улсын нутагт түгээмэл. Мөн баруун, зүүн талдаа бичээс байж магадгүй. Энэхүү дурсгалыг судлах явцад урьдчилсан байдлаар эртний түрэгийн Тудун цолтой хүнээс доош зэрэн зиндааны хүнд зориулсан тахилын онгон гэдгийг нь  тогтоосон.

Ерөнхийдөө монголын нутагт тархсан хүн чулуу хөшөөнд онгин буюу дугуй төгрөг тамга сийлээстэй байдаг ч энэхүү дурсгалт хөшөөн дэх  Ө үсэг хэлбэрийн тамга нь монголд түгээмэл тархаагүй. Уг хөшөөний нүүрэн талаас гадна баруун, зүүн талд болон хойно нь бас ийм тамга бий.

-Хөшөө нь эртний түрэгийн Тудун цолтой хүнээс доош зэрэг зиндааны хүн юм бол ямар учраас язгууртан гэж үзэж байна вэ?

-Түрэгийн үеийн хааны ургийн хүн чулуун хөшөө тахилын онгон ихэвчлэн баруун гараараа цээжиндээ сав барьж, зүүн гар нь гуян дээрээ байдаг. Эсвэл бүс, илд, чинжаал хутгаас барьж буйгаар дүрсэлдэг. Томоохон язгууртны хөшөө бүстэй, бас суугаа байдалтай ч байдаг.  Харин бидний судалж буй эл хөшөөнд бүс дүрслээгүй сууж биш босоо байдалтай өндөр байгаа юм. Гэхдээ язгууртан хүн гэдэг нь тодорхой. Яагаад гэвэл хөшөөг тойруулан хээтэй хашлага байж. Энэ нь хөшөөний эргэн тойрон дахь хагархай хашлагын хэсгээс тодорхой харагдаж буй. Мөн тудун цолтноос доош зиндааных. Бас хааны ишир ургийнх гэдэг нь бичээст тодорхойлогдсон.  Харц боолд тахилын онгон босгож байсан нь ховор.

-Язгууртны хөшөө дурсгал нь ямар онцлог шинжтэй вэ?

-Язгууртны дурсгал хөшөө бол сүр бараа ихтэй. Язгууртны тахилын онгон нь цогцоороо байдаг дурсгал юм.  Дагалдах булш, хэрмээр хүрээлсэн, тахилын сүмтэй зэрэг. Нэг тахилын онгонд тухайн эзэнд нь зориулж хөшөө босгосон байдаг. Тухайн хүний нийгэмд эзлэх байр сууриас шалтгаалан зарц барлаг, шивэгчин зэргийг дүрсэлдэг.

Хүн чулуунууд нь ч бас нэлээн ур шаардсан байдаг. Дагалдаж буй хүн чулуунууд ч нарийн ур хийцтэй, гэхдээ маш ялгаатай. Зарц боол гэхэд хоёр юмуу нэг хөлөө бохирон суусан, хөхүүр шиг сав барьсан байдаг. Ийм олон хүн чулуутай дурсгал монголд маш цөөхөн 20-иос хэтрэхгүй.

Харин зэрэгцсэн олон хашлага бүрт  хүн чулуу байх нь нэг ураг төрөл, хамаатан саданд зориулсан хөшөө гэж үзэж байгаа юм. Сүүлийн үед зарим хүн чулууг хулгайлсан, зөөж гаргасан тохиолдол ч бий. Ихэнх тахилын онгон хүн чулуутай байсан.

ДЭЛГЭРЭНГҮЙ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-08-17 150.129.141.42

САЙДТАЙГАА ЖЕНЕВ ЯВААД МӨНГӨӨ ТӨЛСӨН БАЙХ. ИРЭЭД 1-Р ЭМНЭЛГИЙН ДАРГА БОЛСОН. АТГ НҮДЭЭ АНИАД Л ДҮГНЭЛТИЙГ НЬ ӨГСӨН БАЙХ. ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН БҮХ ТЕНДЕРИЙГ АВЧ БАЙСАН. ХУВИЙН ДУРАНГААРАА МЭС ЗАСАЛ ХИЙЖ, АРЬС ГАДНААС ОРУУЛЖ ИРЖ ЗӨНДӨӨ БАЯЖСАН. ОДОО ТЭР ДУРАНГАА АВААД ЯВЧИХСАН. ЭЛЭГ БӨӨР ГАДНААС ОРУУЛЖ ИРЭХ БАЙХ ДАА. ГЭМТЛИЙН ДАРГА БОЛСОН ХҮН НЬ САЙДЫН ХАМААТАН НЭГ НУТАГЬ ЭНЭ ХҮНТЭЙ НИЙЛЖ ТЕНДЕРИЙН МӨНГӨ ИДДЭГ Л ХҮН

Avatar

Saraa 2019-08-17 66.181.176.42

Бид ч өнөө цагт юмыг дандаа эзэнгүй тайлбарладаг болж дээ. Ялангуяа муу, буруу зүйл хийсэн бол Эзэн байхгүй, харин ямар нэгэн бусад зүйл рүү чихэж сурчээ. Допинг хэрэглэх болсон нь Мөнгөтэй ердөө ч холбоотой биш, харин тэр Бөх гэдэг ажил хийж байгаа мяраалаг нөхрийн Шуналын сэтгэл, сэдэлтэй холбоотой байхгүй юу даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж