Дэлхийн хамгийн том арал болох Грийнландыг худалдан авч, АНУ-д нэгтгэх санааг Ерөнхийлөгч Дональд Трамп гаргасан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Сүүлийн үед их гүрнүүд хойд туйлын зүг анхаарлаа хандуулах болсон билээ. Тиймээс ч томоохон улс орнууд Грийнландыг геополитикийн өндөр ач холбогдолтой гэж харж байгаа юм. Тус аралд дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэгт орших АНУ-ын цэргийн бааз 1951 онд байгуулагдаж байсан билээ.
Нийт газар нутгийнх нь 85 хувь нь 3 км зузаан мөсөөр хучигдсан энэхүү арал нь дэлхийн нийт цэнгэг усны 10 хувийг дангаараа бүрдүүлдэг гэдэг. Одоогоор Данийн Вант Улсын өөртөө засах эрхтэй газар нутагт тооцогддог бөгөөд 56 мянга орчим хүн амтай. Орон нутгийн засаг захиргаа нь дотоод асуудлаа мэддэг бол гадаад харилцааг нь Дани улсын засгийн газар зохицуулдаг юм.
Өмнө нь дэлхийн хоёрдугаар дайны дараа 1946 онд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн уг арлыг 100 сая ам.доллартай тэнцэх алтаар худалдаж авах санал тавьсан ч Дани улс татгалзаж байжээ. Одоогоор энэ асуудлаар Цагаан ордон ч, Данийн засгийн газар ч тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм.
Эх сурвалж: GUARDIAN