Торгуулиа төлдөггүй жолоочийн эрхийг хасъя

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

Торгуулиа төлдөггүй жолоочийн эрхийг хасъя

Торгуулиа төлдөггүй жолоочийн эрхийг хасъя

Хүн нь ч хариуцлагагүй, төр нь ч арчаагүйн тод жишээг 334 удаагийн торгууль тавиулж, нийт дүн нь 7-8 сая төгрөг болсон жолооч харуулж байх шиг. Найман сая төгрөг бол бага мөнгө биш, хоёр сая төгрөгийн төлбөртэй сургуульд дөрвөн жил суралцах сургалтын төлбөр, хуучин ч гэлээ “Приус-10” худалдаад авах үнэ.  Хөдөөд бол хашаа, байшин авахад хүрэлцэх мөнгө.

Торгууль нь хэдэн жилийг дамнан хуримтлагдсаар 8 сая төгрөгт хүрсэн байж болох ч 334 удаагийн торгууль  тавиулсан гэдэг нь жолоо барих эрхийг нь хасахаас өөр сонголтгүй гэсэн үг юм. Гэтэл одоо ч жолоо барьж яваа.

Хэдий торгуулийнх нь мөнгөн дүн тодорхойгүй ч 100-гаас дээш торгуулсан  600 орчим тээврийн хэрэгслийн жолооч байгаа бол 10-аас дээш зөрчилтэй торгуулиа төлөөгүй 63 мянган жолооч байна. Зөрчил  хянан шалгах шийдвэрлэх журмаараа бол автомашин жолоодож яваад зөрчил гаргаж, торгууль тавиулсан бол 15 хоногийн дотор сайн дураараа төлөх үүрэгтэй аж. Заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан харъяалах шүүхэд хүсэлт гаргах ёстой.  Гэтэл хэн, хэн нь хуулиа мөрдөөгүй. Жолооч ч тэр, хяналт тавих ёстой газар нь ч ажиллаагүй.  Зөнд нь орхисон.  Торгуулиа төлөөгүй байхад хэн ч албадан арга хэмжээ авдаггүй болохоор торгуулж буйгаа ч юман чинээ боддоггүй бололтой. Түүнээс биш 100, 300 удаа торгуулна гэдэг бол  өөртөө дүгнэлт хийж, жолоо барихад тэнцэж чадаж байна уу гэдгээ шүүн тунгаачих хангалттай дохио.

Автомашин жолоодно гэдэг бол өөрийн төдийгүй өрөөлийн амь насыг давхар хариуцаж явдаг харилцаа. Хийх ажилгүйдээ Тээврийн цагдаагийн газрынхан “Яараад яахав дээ” аян өрнүүлж, өдөр бүр “Хурд хэтрүүлэх зөрчил буурахгүй байна. Бүсээ бүсэл, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг ханга” гэж ярьж, замд самбар байрлуулж, хурд хэмжиж зогсож байна гэж бодоогүй биз. Осол аваараас урьдчилан сэргийлэх гэж тэр.

Статистик мэдээгээр автомашины осол аваар буурахгүй байна. Жилд автомашины ослын улмаас 500 гаруй хүн амь насаа алдаж, 2000 гаруй хүн эрэмдэг зэрэмдэг болж байна. Хэдийгээр осолд орсон автомашины 70-80 хувь нь буруу талдаа хүрдтэй байна гэдэг мэдээлэл байдаг ч хамгийн том шалтгаан нь дүрэм барьдаггүй жолооч нартай холбоотой юм. Дүрэм барьдаггүй гэдэг нь торгууль тавиулдаг жолооч нар. Улаанбаатар хотын иргэдийг өдөр бүр шахам бухимдуулдаг автомашины түгжрэл мөн л  дүрэм биелүүлдэггүй жолоочоос л болж  гардаг. Гүйцэж түрүүлнэ, ногоон гэрлээр гарна, гарцаар, ногоон гэрлээр гарч явахад сигналаа орилуулна. Дүрэм зөрчиж, машин мөргөчихөөд буруугаа хүлээхгүй, бусдыг элдвээр зүхнэ.

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулахын тулд авто замаа бүсчлэлээр хувааж, торгуулиа төлөөгүй жолооч нарыг “А” бүс рүү нэвтрүүлэхгүй байх зохицуулалт хийх санал гаргаад хойшлууллаа. Уг нь бол энэ саналаасаа ухрахгүйгээр зоригтойгоор хэрэгжүүлэх байсан юм. Тэр цагт дүрэм зөрчигчид буурч, түүнийг дагаад осол аваар ч буурах давхар боломж байв.

Ирэх жилийн сонгуулиа бодсон уу, иргэд дэмжсэнгүй гээд хойшлуулсан. Ардчилсан тогтолцоотой орон ард түмнээсээ асуух нь зүйн хэрэг боловч дэмжихгүй байна гэдэг нь шийдлээсээ ухар гэсэн үг биш юм. Судалгаа нь дээрх бүсчлэлийг хэрэгжүүлэхэд түгжрэл саарах үр дүн гарсан бол хэрэгжүүлээд л үзэх ёстой. Амьдралд туршиж байж, алдаа оноог нь мэддэг болохоос биш  санал асуулга бүхнийг шийдэгч биш.

"Бүсчлэл хэрэгжвэл иргэдээ баян, ядуугаар нь ялгаварсан хэрэг болно” гэж хэсэг шуугисан. Ядуу болохоороо 10, 15, 7, 8 сая төгрөгийн үнэтэй машин унан давхиж, 7-8 сая төгрөгийн торгууль тавиултлаа явдаг юм уу. Хуулиа мөрдөж байж, эрхээ эдлэх ёстой гэдгийг хаа, хаанаа бодолцох цаг нь болжээ.

Иймээс 100, 300 удаагийн торгууль тавиулсан хэрнээ хашрахгүй, дахин, дахин дүрэм зөрчиж байгаа жолооч нарын толгойг илэх хэрэггүй. Жолоо барих эрхийг нь хасдаг болооч ээ. Хууль эрх зүйн боломжгүй байгаа бол санал гаргаад хуульдаа өөрчлөлт оруулаач ээ.

Дүрэм барьдаггүй хариуцлагагүй жолооч нараас болж хэдэн хүн амиараа хохирох ёстой юм бэ?.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж