С.Баярын дараагийн зохиол Долдугаар сарын 1-н

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

С.Баярын дараагийн зохиол Долдугаар сарын 1-н

С.Баярын дараагийн зохиол Долдугаар сарын 1-н

Ерөнхий сайд асан С.Баяр хорих ангид хоригдсон хар өдрүүдээрээ “Жаран хоног, Жарны бутархай”  ном бичиж, шуугиулсан бол дараагийн зохиолоо 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээнтэй холбоотой баримт,  фактуудыг оруулан бичиж эхэлжээ.

Монголын түүхэнд хар өдөр хэмээн тэмдэглэгдэж үлдсэн 2008 оны долдугаар сарын 1-ний тэр өдөр УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн нам, хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд жагссан ч эцэстээ олныг хамарсан үймээн болж хувирсан юм. Үймээний үеэр таван залуу буудуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн дээрх үймээний  улмаас 1000 гаруй хүн хоригдож, шалгагдсан юм. Буудах тушаалыг хэн өгсөн бэ гэдэг асуулт одоо ч олон нийтэд эргэлзээ дагуулсан, үнэн зөв нь олддоггүй фактын нэг хэвээр байгаа. Тэгвэл тухайн үеийн Засгийн газрыг удирдаж байсан Ерөнхий сайд С.Баяр хоёр дахь бүтээлдээ энэ асуудлыг хөндөх биз ээ.

УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд Ерөнхий сайд асан С.Баяр тус хуулийн төсөлтэй холбогдуулан “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн нь өнөөдрийн дугаарт  хэвлэгдээд байна. Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүний дэмжиж гарын үсэг зуран өргөн барьсан дээрх төслийг боломжийн сайн төсөл хэмээн дүгнэжээ.

Сонгуулийн тогтолцоонд холимог хувилбар оруулж ирэх нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлсний зэрэгцээ УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэж үзсэн байна. Харин шүүх засаглалын тухайд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд шүүмжлэлтэй ханджээ. Дээрх асуудлуудын тухай ярилцлагаас нь иш татан хүргэж байна.

-Гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцооны холимог энэ зохицуулалт манай нөхцөлд хэр буух вэ?

-Парламентын тогтолцооны суурь зарчим талаасаа бол пропорциональ элемент заавал байх учиртай. Бүрэн пропорциональ биш юм аа гэхэд хагас нь байх нь зүйтэй. Холимог тогтолцооны хувь харьцааг нь Үндсэн хуульдаа тусгах нь зөв ч байж мэднэ. Эс тэгвээс сонгууль болгоны өмнө хуулиараа оролддог гаж практик арилахгүй. Гишүүдийн тоог нэмэх нь амьдралын шаардлага. Иргэдийн сонгох төлөөллийг сайжруулах, нэг гишүүний хууль тогтоох, шийдвэр гаргах жин нөлөөллийг багасган жигдлэх талаасаа энэ бол зөв санал. Харин яг хэдээр нэмэхийг УИХ-ын гишүүд тооцоо, үндэслэлтэй шийднэ биз. Тэр 108 гэх тооны нарийн үндэслэлийг би мэдэхгүй. “Сумо бөхийн 68 дугаар аваргатай учраас 68 хувийн татвар оногдуулъя” гэдэг шиг юм арай биш байлгүй дээ гэж найдъя.

-Гишүүдийн зүгээс өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд шүүхийг хараат бус, хариуцлага нь тодорхой байлгахаар тусгажээ. Энэ зорилгодоо хүрч чадах болов уу?

-УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөл чамбай болсон тухай би түрүүн хэлсэн. Шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлийн тун зөв саналууд орсон харагдсан. Харин Ерөнхийлөгч энэ бүх саналыг нь хасах, шүүгчид хариуцлага тооцох эрхийг өөртөө авах төсөл оруулж байгаа нь буруу.

-Өнөөдрийн Шүүх засаглал улс төрөөс хараат гэдэгтэй та санал нийлэх үү?

-Нийлнэ. Би үүнийг арьс махаараа мэдэрсэн хүн. Одоо тэгээд Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналаар нь явах юм бол шүүх эрх мэдэл хараат байтугай “халаасных нь” болох талдаа гарах биз.

Мөн түүнээс сэтгүүлч "Өнөөдрийн Монголын улс төрд итгэл найдвар, гэрэл гэгээ байна уу?" гэж асуухад "Гэрэл гэгээний хувьд бол мэдэхгүй юм. Харин итгэл найдвар бол байнга л байх ёстой биз дээ" гэх хариулт өгсөн нь төр барьж байгаа эрхмүүдийн ажилд тавьсан бас нэг үнэлгээ болов уу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж