70 настай тамирчин 1000 км-ийг мориор туулж, аварга болжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

70 настай тамирчин 1000 км-ийг мориор туулж, аварга болжээ

70 настай тамирчин 1000 км-ийг мориор туулж, аварга болжээ

Их Британи, Умард Ирландын Вант улсын “Адвэнтурист”, Монголын “Тэнгри Холдинг” компанитай хамтран зохион байгуулдаг “Монгол Дерби” морин уралдаан амжилттай зохион байгуулагдаж лхагва гаригт /2019.08.14/ өндөрлөжээ.

Энэ жилийн уралдаанд АНУ-ын иргэн 70 настай Боб Лонг 1000 км замыг долоо хоногийн турш туулж түрүүлсэн байна. Ингэхдээ тэрбээр 28 морь сэлгэжээ.

Анх 2009 оноос зохион байгуулагдаж эхэлсэн уг тэмцээнийг өдгөө дэлхийн олон орны адал явдалд дурлагчид сонирхох болсон бөгөөд 2011 онд “Дэлхийн хамгийн хол зайн морин уралдаан” болж Геннисийн номонд бичигдэж байжээ. Их Монгол улсын хүчирхэгжилтийн үед Чингис хааны 1224 онд бий болгосон морин өртөөний шуудангийн системээс үлгэр авч энэхүү уралдааны бүтцийг зохиосон бөгөөд зорилго нь Монголын талд 1000 км үргэлжилсэн тойрог замыг 7-10 хоногийн дотор, хүнд гэмтэл бэртэл авалгүйгээр туулж дуусгах юм.

Нийт оролцогчдын талаас илүү нь замаасаа буцаж, эсвэл гэмтэл авснаар тэмцээнээс гарч, үлдсэн цөөн тооны морьтонгууд л барианы шугаманд хүрч чаддаг байна. Яс хугарах, шөрмөс тасрах зэрэг нь энгийн үзэгдэл бөгөөд оролцогчид сэтгэлээр унаж, зорилгоосоо няцаж бууж өгөх явдал их тохиолддог байна. Жил бүрийн уралдаанд олон орны тамирчид ирж өрсөлддөг ч тамирчдын 40 орчим хувь нь л бариандаа амжилттай ордог гэнэ.

Тэмцээнд оролцогч бүр 25 морьноос өөрөө сонгож, хоорондоо  40 км-ийн зайтай өртөөгөөр өртөөлж, морио сэлгэх журмаар уралдана. Нэг өртөөгөөс нөгөө өртөө хүртэл явахдаа нутгийн хөтөчтэй хамт явдаг. Тамирчид өглөөний 07.00 цагаас оройн 20.30 хүртэл уралдаанаа үргэлжлүүлэх эрхтэй тул цагтаа өртөөнд ирж амжаагүй бол хүрсэн газраа зогсож, тэндээ хоноглох шаардлагатай байдаг аж.

Мөн тамирчид өдөр бүр мешок, эм, хоол хүнс, 00-ийн цаас гээд зайлшгүй хэрэгцээтэй таван килограмм ачаа авч явахыг зөвшөөрдөг. Мөн хөтөчгүй тохиолдолд GPS ашиглан бие даан замаа туулах ёстой.

Тэмцээн эхлэхээс өмнө гурван өдрийн эрчимжүүлсэн сургалт явуулдаг байна. Энэ үеэр тэмцээний талаарх бүх мэдээллийг авахаас гадна, эмчийн туслалцаа яаж авах, өртөөнүүд хаана хаана байрласныг танилцуулна. Оролцогч бүр GPS ашиглаж, нэг өртөөнөөс дараагийн өртөө хүрэх зүг чигээ олох ёстой. Мөн тусгай бэлдсэн талбайд морьдтой танилцаж, эмээллэх болон чөдөрлөх аргад ч суралцдаг аж.

“Монгол дерби”д зөвхөн гадны тамирчид оролцдог бөгөөд оролцогч нь 1000 ам.доллараас доошгүй хандив өгдөг ч тодорхой шагналын сан байхгүй. Ихэвчлэн Америк, Шинэ Зеланд, Австралиас тамирчид ирж оролцдог уг уралдааны үеэр цугларсан хандивыг Монголын алслагдсан нутгуудад хөрөнгө оруулалт болгон өгдөг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж