Крымын Симферополь руу хөөрсөн, агаарын тээврийн “Урал Эйрланс” компанийн “Airbus A321” зорчигч тээврийн онгоц Жуковскийн нисэх онгоцны буудлын ойролцоо ослын буулт хийжээ. Орон нутгийн Онцгой байдлын албанаас мэдээлж буйгаар, онгоц нисэх буудлын хөөрөх зурвасаас нэг км-ийн зайд орших Рыбаки тосгоны ойролцоох эрдэнэшишийн талбайд газардсан байна. Онгоцны бүх зорчигчийг нүүлгэн шилжүүлжээ.
Тус онгоцоор 226 зорчигч зорчиж явсны дотор 41 хүүхэд байсан аж. Онгоц цахлай шувуудтай мөргөлдсөний улмаас хөдөлгүүр нь эвдэрч, дугуйгаа дэлгэж амжилгүй газардсан байна.
ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн пүрэв гаригт “Зорчигчид бүгд эсэн мэнд газардсан бөгөөд 23 хүн, тэдгээрийн дотор таван хүүхэд хөнгөн бэртэж, эмнэлгийн тусламж авсан” гэж мэдээлсэн байна.
Агаарын тээврийн компаний Гүйцэтгэх захирал Сергей Скуратов “Нисгэгч нар мэргэжлийн ур чадвар гаргаж, ноцтой ослоос сэргийлж чадсан” гэж хэлжээ.
Баасан гаригийн байдлаар, онгоц ослын буулт хийх үеэр бэртэж гэмтсэн хүний тоо 76-д хүрч өссөний дотор 19 хүүхэд байгаа бол нэг эмэгтэй зорчигч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм байна.
Агаарын тээврийн компанийн Гүйцэтгэх захирал Сергей Скуратовын хэлснээр, онгоц цахлай шувуудтай мөргөлдсөний улмаас хөдөлгүүр нь гэмтжээ. Нисгэгчид онгоцыг элгээр нь газардуулсан бөгөөд энэ үеэр нэг тонн орчим шатахуун гоожсон аж.
A321 онгоцны экипажийн дарга Дамир Юсуповын ярьснаар, онгоцонд асуудал гармагц онгоцны багийнхан хэдхэн минутын өмнө хөөрсөн Жуковскийн нисэх онгоцны буудал руу буцахаар төлөвлөсөн байна. Гэвч хоёр дахь хөдөлгүүр хүчээ алдаж эхэлсэн тул яаралтай буухаас өөр аргагүйд хүрчээ. Энэ явдал наймдугаар сарын 15-ны өглөө болжээ. Нисэх онгоцны хөдөлгүүрт хэд хэдэн цахлай орсны улмаас хөдөлгүүр хүчээ алдаж эхэлсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан аж.
Дамир Юсупов онгоцны хөдөлгүүрт асуудал гарах үеэр шийдвэрээ хэд хэдэн удаа өөрчилснөө өгүүлжээ. Хүмүүс нисгэгчдийг баатар хэмээн нэрлэж буй ч Дамир “Би үнэндээ юу ч хийж чадахгүй байсан. Өөрийгөө баатар гэж бодохгүй байна. Хийх ёстой зүйлээ хийж, хүний амь эрсдүүлэлгүй онгоцоо газардуулсан. Энэ бол цорын ганц шийдэл байлаа" гэж хэлжээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ