Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, төр болон бизнесийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор Аж үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн яам болон “Эрдэнэс Монгол” ХХК хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар харилцан тохиролцож өнөөдөр /2015.06.04/ төрийн ордонд санамж бичиг байгуулав.
Энэ үеэр Д.Эрдэнэбат сайд “Яамд бол төрийн бодлогын байгууллага. “Эрдэнэс Монгол” ХХК бол төрийн бизнесийн байгууллага. Төрийн бодлогын хэмжээнд хэрэгжиж байгаа уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн төслүүдийг төрийн оролцоотой бизнесийн байгууллагуудаараа дамжуулан хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа. Аж үйлдвэрийн яамны хувьд “Эрдэнэс Монгол” ХХК-аар дамжуулан нүүрснээс шингэн түлш гаргах, нүүрс боловсруулах үйлдвэрийг байгуулах төслүүд дээр хамтран ажиллана” гэдгээ хэлж байлаа.
Мөн Эрчим хүчний сайд Д.Зоригт “Ойрын жилүүдэд хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа эрчим хүчний томоохон төслүүд дээр хамтарч ажиллахаар өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, стратегийн ордууд болох Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Багануурын нүүрсний уурхайн лицензийг “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн охин компаниуд эзэмшдэг. Томоохон цахилгаан станц баригдахын хэрээр ихээхэн өргөтгөл, шинэчлэл хийж нүүрс олборлолтыг нэмэгдүүлж, шинээр бий болох эх үүсвэрүүдийг тасралтгүй, найдвартай түүхий эд, түлшээр хангах шаардлага үүсч байна. Энэ ажлыг ойрын хугацаанд бизнесийнх нь зарчмаар үр дүнтэй зохион байгуулахаар бид бодлогоо нэгтгэх үүднээс хамтран ажиллах шийдвэр гаргацгаасан” хэмээн онцоллоо.