Монголчууд бид эртнээс “Ах нь сургадаг, дүү нь сонсдог”, “Хүн ахтай, дээл захтай”, “Ахын сургааль алт” гэх мэт ардын зүйр үгээр үр хүүхдээ сургаж ирсэн ард түмэн. Тэр хэрээр хүүхэд, залуус ахмад буурлаа хүндэлж, тэд ч мөн хойч үедээ үгээ хэлж, сургаалиа айлдсаар ирсэн билээ.
АХ НЬ СУРГАХАА БАЙСАН УУ, ДҮҮ НЬ СОНСОХОО БОЛЬСОН УУ?
Гэтэл өнөө цагт нийгмийн аль ч түвшинд энэ байдал ховор үзэгдэл болжээ. Гудамжинд тамхи зуух өсвөр насны охидыг өөрийн охин шиг санаж, сургааль айлдах өвөө, эмээ алга. Хулгай хийж, хүн зодож, архи уух залууст ухаарлын ганц үг хэлэх настан үгүй. Салбартаа гологдох, туршлага дутуу мэргэжилтнүүдийг чиглүүлээд өгөх эрдэмтэн мэргэд байхгүй. Эрх мэдэл, ашиг сонирхлын төлөө увайгүй үйлдэл гаргах албан тушаалтнуудад хатуухан үг хэлэх сэхээтэн буурлууд ч алга.
Яг л Монгол гэрийн хоймор эзэнгүй, хоосон байгаа мэт. Тэдний ярих, заах, чиглүүлэх, ухааруулах бүр загнах нь хүртэл бидэнд үгүйлэгдэж байна.
Гэвч тэд энэ нийгмийн болж, бүтэхгүй бүхнийг харсан мөртлөө нүдэн балай, чихэн дүлий амьдарсаар…Ах нь сургахаа больсон уу, дүү нь сонсохоо байсан уу. Энэ асуултыг гудамжинд яваа ахмадууд болон залууст тавилаа.
Чингэлтэй дүүргийн иргэн Д.Жамсран /нас 72/:
-Одоогийн залууст шаардлага тавихаар эргээд зодуулчих шахна. Их хэцүү дээ. Түүний оронд зөрөөд өнгөрсөн дээр байдаг юм. Ганц ширүүн цохилтыг даахгүй хөгширсөн улс чинь аль болох эвийг нь олж амьдарна шүү дээ. Залууст хэлэхгүй биш хэлж үзсэн. Уусан пивоныхаа савыг хүүхдийн тоглоомын талбайд хаячихаар нь хогийн саванд хий гэж би хэллээ. Гэтэл өөдөөс чаддаг юм бол өөрөө хийхгүй юу гээд инээлдээд явсан. Тэрийг хаяхад юуных нь хүч орох билээ.
Сүхбаатар дүүргийн иргэн Б.Оюунчимэг/нас 67/:
-Уг нь зарим залууст үг хэлмээр л байдаг юм. Гэхдээ хэллээ гээд ойлгох ч юм уу. Одоо чинь хаа сайгүй л хүний эрх ярьдаг болсон. Миний асуудал танд падгүй гэх байлгүй. Тэрнээс архи уучихсан гуйваад явж буй залуу охидод ингэж битгий уу гэж хэлмээр санагддаг. Мэдээж үр хүүхдүүд ойр тойрныхондоо сургааль үгээ хэлнэ, сургана. Хэдэн жилийн өмнө автобусанд явж байхад нэг залуу хүний цүнх рүү гараа хийчихсэн зогсож байсан. Болиоч гээд хэлсэн чинь намайг баахан элдвээр хараасан шүү. Ер нь ийм ухамсрын доройтолтой залуус бас байна. Эцэг эх нь хүмүүжүүлж чадаагүй байх.
Сонгинохайрхан дүүргийн иргэн З.Энхтайван /нас 65/:
-Бид чинь уг нь үгээ хэлдэг шүү дээ. Даанч тэтгэврийн хөгшчүүл гээд тоодоггүй юм. Иргэдийн амьдрал хүнд, үнэхээр бухимдалтай байна. Зурагтын ард түмнээ сонсдог нэвтрүүлэгт ах нь байнга холбогддог. Үзэл бодол, үгээ хэлдэг. Бидний дээр сандайлаад суучихсан хэдэн олигархуудад хандаж хэдэн үг хэлмээр байдаг юм. Даанч биднийг хүн гэж тоохгүй шүү дээ. Миний бодлоор шинжлэх ухааны эрдэмтэд, хуучин цагийн дарга, сэхээтнүүд, Монгол уламжлал, түүхээ сайн мэддэг судлаачид нэгдэж нийлээд энэ төр удирдаж байгаа нөхдийг хянадаг, шүүдэг, тусалдаг болмоор байна. За бидний үе өнгөрсөн гээд гэртээ дурсамжаа бодоод хэвтээд байж боломгүй байгаа юм.
Ө.Билгүүн, оюутан /нас 19/:
-Мэдээж настай хүн шаардлага тавьж, үг хэлбэл хүлээж авалгүй яах вэ. Харин ч сайхан санагдах юм биш үү. Надад бол тийм зүйл тохиолдож байгаагүй байхаа, сайн санахгүй байна.
Н.Одонтуяа, орчуулагч /нас 24/:
-Заавал настай хүн биднийг сургах албагүй. Заримдаа биднээс ч ухамсаргүй настай хүмүүс таардаг. Гудамжинд нус, цэрээ хаяд л яг хөдөө хээр яваа юм шиг. Тэдэнд яагаад бид шаардлага тавьж болохгүй гэж.
Б.Сонинбаяр, инженер /нас 35/:
-Намайг бага байхад гудамжны настай хүмүүс бүгд өвөө, эмээ шиг минь санагддаг байв. Айлын хүүхэдтэй зодолдож, нохой чулуудаж хөөхөд, машины урдуур гүйхэд дандаа болдоггүй юм гэж анхааруулж хэлнэ. Бүр дүрсгүйтээд байвал ганц ширүүн дуугархад бид нам болдог байлаа. Тэгэхэд одоо бараг хажуу айлынхаа хүмүүсийг ч бид танихгүй байна. Нэг сайхан дурсамж ярихад, бага байхад хонь гаргасны дараа хорооллынхоо айлуудад шинэ шөл амсуулна гээд ах бид хоёр тараадаг байж билээ. Тэгээд савандаа гоё чихэр, печеньтэй харина. Ийм сайхан дотно, элгэмсэг байж дээ.
АХМАДЫН ҮГ ТӨРД ХЭРЭГТЭЙ, ТҮМЭН ОЛОНД Ч ТУСТАЙ
Танилын ярьсан нэгэн жишээг дурдая. Хэдэн жилийн өмнө ОХУ-д сурч байхдаа найзтайгаа агаарт гарчээ. Суух гэтэл бороо орсны дараа сандал нойтон байсан тул суух хэсэг дээр хөлөө тавиад түшлэг дээр нь суучхаж. Удаа ч үгүй сандлын ирмэгийг таягаар тогшжээ. Хартал хөмсгөө зангидсан нэгэн өвгөн “УУЧЛААРАЙ, ЭНЭ САНДАЛ МИНИЙ ЭХ ОРНЫ НЭГ ХЭСЭГ, ТА ХОЁР ДЭЭР НЬ ГИШГЭЧХЭЖ” гэж ууртайгаар хэлжээ. Тэр дор нь үсэрч буугаад өвгөнөөс уучлалт гуйсан тэд өөрсдөөсөө ч ичжээ. Энэ явдлаас хойш сандал дээр гарч хэзээ ч суухаа больсон гэнэ лээ. Учир нь дараагийн хүн сууж чадахгүй гэдгийг маш сайн ойлгосон хэрэг. Яг ийм л шаардлага, хатуу үг, зөвлөгөө манай нийгэмд одоо дутагдаж байна. Ялангуяа попрох дуртай, гаргасан шийдвэрээсээ буцдаг, сэтгэлийн хөөрлөөр ажил явуулдаг манай улс төрчдийн хувьд ул суурьтай, шинжлэх ухааны үндэстэй туршлагатай салбар салбарын ахмад буурлуудын жинтэй үг хэрэгтэй байна. Хаяа Д.Бямбасүрэн гуай зурагтаар ярьж харагдахыг эс тооцвол үнэндээ тэд тэтгэврийн хөгшид хэмээн өөрсдийгөө "Иргэний үүрэг"-ээс чөлөөлсөөр. Орчин үеийн залуус өндөр мэдлэг, чадвар шаардах өрсөлдөөний нийгэмд амьдарч байна. Тэр хэрээр амбицлах, албан тушаалд дурлах, мөнгөтэй баян болохыг мөрөөдөж байна. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ хамгийн гол нь эх орноо гэсэн сэтгэл, ирээдүйгээ харах ухаан, нэгнээ гэсэн хүн чанар, үндэсний бахархал түүх соёлоо гээж болохгүй. Үүнийг тэдэнд чиглүүлж, заах хүмүүс бол ахмад буурлууд.
“Хар авдарт эрдэнэ бий
Хазгар өвгөнд эрдэм бий
Хамаагүй басч болохгүй” гэж нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн хэлж байсан удаатай. Нээрээ л хөдөөгийн захын настай айлд буухад амаа ангайтал үүх, түүх сонсоод гарах үе байдаг. Яагаад гэвэл тэд Монгол ухаан, ёс заншил, уламжлал, үүх түүхээ авч үлдэж чадсан. Харин одоо үүнийгээ хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй. Үүний тулд хүний, өөрийн гэлтгүй залуустаа шаардлага тавьж, зөвлөн ухааруулж тусалмаар байна. Та нарын үг төрд ч хэрэгтэй, түмэн олонд ч тустай.
Нөгөө талаар төрөөс бодлоготойгоор ахмадуудад ажлын байр гаргаж өгөх боломж бий. Төр, хувийн хэвшлийн ямар ч салбарт нэг зөвлөх ахмадын ажлын байрыг сайн дураар болоод бодлогоор бий болгох боломж бий. Ахмад зөвлөхийн ажлын байрыг бий болгож, тодорхой цалингийн жишиг тогтоогоод өгвөл эсэргүүцээд байх хүн тун ховор болов уу. Өнөөдөр Монгол улсад 300 мянга гаруй ахмадууд амьдарч байна. Энэ нь нийт хүн амын есөн хувийг эзэлж байна гэсэн үг. Цаашдаа 2030 он гэхэд 12 хувьтай тэнцэх магадлалтай байна. Тэгэхээр ийм тооны ажлын байр, нийгмийн оролцоо, оюун болон хөдөлмөрийн бүтээмж манайд сул байгаа юм. Хүн ам ингэж насжих тусам ахмад настны чадамж, хүсэл сонирхолд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэтгэврийн бус орлогыг нэмэгдүүлэх, оролцоог хангах зэрэг хэрэгцээ шаардлагыг төрийн хэмжээнд харж үзэх цаг хэдийн болжээ.
Холбоотой мэдээ