Э.Оюунболд яагаад цолны найраа хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

Э.Оюунболд яагаад цолны найраа хойшлуулав

Э.Оюунболд яагаад цолны найраа хойшлуулав

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Улсын аварга Э.Оюунболдын цолны мялаалгын наадмын тов цуцлагдав. Түүний зүгээс Баяр наадмын зохион байгуулах зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны эцсийн шийдвэр гарах хүртэл тодорхойгүй хугацаагаар цолны найраа хойшлуулаад байгаа аж. Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ганбаатараар ахлуулсан аварга Э.Оюунболдын цолны наадмыг зохион байгуулах комисс байгуулагджээ. Тус комисс хэд хэдэн хуралдсан бөгөөд ийнхүү наадмыг албан ёсны шийдвэр гартал, тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Э.Оюунболдын хувьд одоогоор ямар нэг тайлбар өгөөгүй ч нутгийн зөвлөлийнхөнтэйгээ уулзжээ. Түүний хувьд допинг хэрэглэсэн гэдэгтэйгээ санал нийлэхгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Баттай бус ч эх сурвалжийн хэлж буйгаар Э.Оюунболдыг нутгийн зөвлөл дэмжиж, сар бүр өндөр цалин олгож, бэлтгэлийг нь сайн хангахад анхаарсан аж. Тиймээс ч Э.Оюунболдын зүгээс бэлтгэлээ сайн хангаж, барилдсан гэжээ. Мөн тэрбээр,

 "Би ямар наадамд түрүүлж үзээгүй биш,  шинжилгээ авдаг, хориотой бодис хэрэглэж болохгүй гэдгийг мэддэг хүн шүү дээ" гэж  Хэнтийн аймгийн нутгийн зөвлөлийн удирдлагын хүрээнд болсон уулзалт дээр хэлсэн гэнэ.

Ямар ч Э.Оюунболдын хувьд ч нутгийн зөвлөл, удирдлагын хувьд ч Баяр наадмын Бөхийн салбар хороо хуулийн дагуу албан ёсны шийдвэр гаргах хүртэл цолны найраа тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, байр сууриа илэрхийлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.

Даваа гаригаас эхлэн улсын цолтой хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Хэдийгээр тавын даваанд давсан 16 бөхөөс 14 нь өөрсдийнхөө олон нийтийн сүлжээгээр дамжуулан допинг хэрэглээгүй гэдгээ илэрхийлсэн боловч одоогоор албан ёсны мэдээлэл ил гараагүй. Учир нь Баяр наадмын зохион байгуулах хороо хуулийн дагуу бөхчүүдийн нэрийг зарлах хуулийн зохицуулалттай. Тиймээс бөхчүүдийн шийдвэрийг харж, “В” сорьцыг шинжлүүлэхгүй гэвэл албан ёсны мэдээллийг наймдугаар сарын 19-нд буюу ирэх даваа гаригт мэдээлнэ гэсэн юм.

Хэрвээ хориотой бодис хэрэглэсэн гэх хоёр бөх "В" сорьцийг шинжлүүлнэ гэж Допингийн эсрэг үндэсний төвд хандвал дахин 10-аас дээш хоногоор сунгагдах юм. Учир нь "В" сорьцын шинжилгээг БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэх учир дахин хариу гарах хугацаа хойшлогдоно.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж