Халх голын дайныг анх удаа биет загвараар бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

Халх голын дайныг анх удаа биет загвараар бүтээжээ

Хуягт танк, их буу, пулемёт гээд одоогоос 80 жилийн өмнө Халх голын дайны хүнд бэрх цаг үеийг жижиг моделиудаар дүрслэн харуулжээ. Зөвлөлтийн ахан дүүсийн танк гэхэд хол зам туулж, аян замын тоосонд дарагдсан харагдана. Байлдааны талбайд Монголын талаас гарамгай баатар Л.Дандар, БНМАУ-ын анхны Улсын баатар Ш.Гонгор, Маршал Х.Чойбалсан гээд түүхэн баатрууд тушаал өгч буйг дүрсэлсэн байх юм.

Ийн Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан Монголын пластик модель сонирхогч фэйсбүүк группийн уран бүтээлчид Монгол цэргийн музейтэй хамтран анх удаа диорам байдлаар сонирхолтой үзэсгэлэнг дэлгэх гэж буй нь энэ.

Уран бүтээлчид тусгайлан зассан байлдааны талбайд бэлэн болсон загваруудаа дэглэн байрлуулж байлаа. Тэд жилийн өмнөөс санаагаа гарган ярилцаж, хамтран бүтээснээр Зөвлөлт, Монголын армийн хуягт, танк, машин 16 ширхэг, онгоц дөрөв, их буу, пулемёт дөрөв, Зөвлөлтийн цэрэг, офицерууд 51, Монголын морин цэргүүд 11, Японы армийн хуягт, танк, машин 10, онгоц хоёр, их буу, пулемёт гурав, цэрэг, офицер 51 ширхэг гээд нийт 100 гаруй жижигрүүлсэн загварыг хийж дуусгаад буй юм.

Зөвлөлт, Монголын армийн баатруудаас гэхэд Маршал Г.К.Жуков, Х.Чойбалсан, Л.Дандар баатар гээд дүр төрхийг нь яг адилхан дууриалгасан бол хөдөлгөөн нь хүртэл өөр өөр байв. Тухайн үед монгол цэргийн морь, ачаа нь ямар байсан, буу зэвсэг, малгайн тэмдэг, морины хэмжээг хүртэл нарийн судалж, давхилт бүрийг ондоо хийсэн байлаа.

Монголын пластик модель сонирхогч фэйсбүүк группийн үүсгэн байгуулагч Ч.Лхагважаргал танилцуулахдаа “Манай фэйсбүүк группт хуванцар жижиг байлдааны техник сонирхлоороо хийдэг хүмүүс нэгдсэн байдаг. Бид өмнө нь гэр гэртээ л жижиг загваруудаа хийдэг байсан. Энэ удаа санаа нэгдэж, хөрөнгө босгоод Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан анх удаа диорам байдлаар үзэсгэлэн дэлгэх гэж байна. Үзэсгэлэнг гаргах санаачлагыг жилийн өмнөөс гаргаад моделиудаа цуглуулж, угсраад өнөөдөр байрлуулж байна. Манай группийн 10 гаруй уран бүтээлч хамтран 100 гаруй загваруудаа бүтээлээ. Олон улсын стандартаараа 1х35 буюу нэг метрийг 35 хуваасан хэмжээ бий. Бид энэ жишгээрээ бүх моделио энэ хэмжээгээр хийсэн. Бид судалгаагаа тухайн үеийн зурагнуудаас харж хийсэн. Агуулгын хувьд тэр тулаан гэж онцлоогүй ч Халх голын дайнд оролцож байсан байлдааны техникүүд болон Японы цэрэг арми ямар хувцас, техниктэй байсныг дүрслэхийг хичээлээ. Энэ дашрамд Япон болон АНУ-аас мөнгө санхүүгээр тусалсан залуустаа баярлалаа гэж хэлмээр байна” гэв.

Байлдааны талбайд нэмэлтээр “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” уран сайхны киноны хоёр цэргийг дүрслэн харуулсан нь сонирхол татаж байлаа.  Загвар бүр хийцээсээ шалтгаалаад харилцан адилгүй хугацаа зарцуулдаг ажээ. Бэлэн модель угсраад хийхэд нэг, хоёр хоногтоо хийчихдэг бол нарийн ажиллагаатай хийвэл 2-3 долоо хоног суудаг гэдгийг уран бүтээлчид хэлсэн юм.

Монгол цэргийн музейн ерөнхий менежер Ж.Алтангэрэл үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай музейд Халх голын түүхт 80 жилийн ойн баярын хөтөлбөр, төлөвлөгөө гарчихсан байгаа. Түүхт ойд зориулсан сонирхолтой үзэсгэлэн наймдугаар сарын 22-ны өдөр 11.00 цагт нээлтээ хийнэ. Манай энэ удаагийн үзэсгэлэн Халх голын дайн ямар нөхцөлд, орчинд болж байсныг бодитоор дүрслэн харуулж буйгаараа онцлог. Бид хүүхэд залуустаа түүхэн цаг үеийг илүү ойлгуулж, эх оронч үзлийг төлөвшүүлэхийн тулд диорам байдлаар үзэсгэлэнгээ дэглэж, газар орныг дүрслэн харуулахыг зорьж байна. Халх голын  өмнөх 60, 65, 70, 75 гэсэн ойн үзэсгэлэнгээс 80  жилийн ой үзэсгэлэн онцлог болж байгаа. Уг үзэсгэлэнд цуглуулагч нартай хамтран эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дөхөм болж буй биет загваруудыг сонирхуулна. Хүүхэд, залуус эхлээд тоглоом байдлаар сонирхон хүлээн авч, тухайн үеийн дайнд хэрэглэж байсан техник хэрэгсэлтэй танилцах боломжтой болох юм” гэлээ.

Үзэсгэлэнгийн үеэр Батлан хамгаалахын яамны төв архивтай хамтран тухайн үеийн архивын цаасан баримтуудыг дэлгэн тавих бөгөөд Монголын түүхэн баатруудын эдэлж хэрэглэж байсан хувцас, хэрэгслийг олонд сонирхуулах ажээ.

Монгол цэргийн музей нь нийт 13 төрлийн 10 мянга орчим сан хөмрөгтэй. Халт голын дайны түүхт 80 жилийн ойн үзэсгэлэнг наймдугаар сарын 22-ноос эхлэн энэ оныг дуустал олны хүртээл болгоно гэдгийг музейн ажилчид хэлж байв.

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж