Ерөнхийлөгч, МАН хоёр тохиролцож чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч, МАН хоёр тохиролцож чадахгүй байна

Ерөнхийлөгч, МАН хоёр тохиролцож чадахгүй байна

НЭМЭЛТ: 13.00 ЦАГ

УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн оруулж буй саналуудыг хүлээж авах эсэх асуудлаар өнөөдөр хуралдсан ч  зөвшилцөлд хүрч чадаагүй бөгөөд ирэх долоо хоногийн Даваа гаригт дахин хуралдахаар болжээ.

МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН:

-МАН-ын бүлэг тав дахь өдрөө МАН, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг нэгтгэх, засах ажлыг хийж байгаа. УИХ-аас Ерөнхийлөгчөөр ахлуулсан зөвшилцлийн ажлын хэсэг, УИХ-аас хоёр ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Одоогоор эцсийн шийдэлд хүрээгүй байна. Ард нийтийн санал асуулга явуулах, гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа болон сонгуулийн тогтолцоо гэсэн асуудал дээр Ерөнхийлөгч, Ардчилсан намтай зөвшилцөх шаардлагатай байна. Өнөөдөр Ардчилсан намын зөвлөлтэй уулзаж, ирэх долоо хоногоос зөвшилцөх ажлын хэсгийн ажлыг яаравчилж, эрчимжүүлэх шаардлагатай гэсэн байр суурьт нэгдлээ. Ардчилсан намаас ирүүлсэн саналуудыг бас ярилцаж байна, тодорхой шийдэлд хүрээгүй. Гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 108 болгохыг дэмжихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Харин тогтолцоо, УИХ-ын бүрэн хугацаа, ард нийтийн санал асуулга зэрэг дээр бол дахин зөвшилцөх ёстой гэсэн саналд нэгдээд байгаа. Цаашид зөвшилцлийн ажлын хэсэг уулзалтуудаа хийгээд явна" гэсэн тайлбарыг өглөө.

Өнөөдөр УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногийн хуралдааныг хувиарыг гаргах юм байна.


МАН-ЫН БҮЛГИЙН 40 ГИШҮҮН ЦААСААР САНАЛ ӨГЧЭЭ

УИХ дахь МАН-ын бүлэг дөрвөн өдөр хуралдаж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх эцсийн санал хураалтыг цаасаар авчээ. Тодруулбал, тус намын бүлэг өчигдөр үдээс хойш 15.00 цагт хуралдаж, санал авахаар товлосон юм. Гэвч бүлэг хуралдаагүй, гишүүд зөвхөн цаасаар саналаа хураагаад таржээ. Гишүүдийн саналыг нэгтгэж дуусаагүй бөгөөд МАН-ын 40 гишүүн саналаа өгсөн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцсон байна. Ингээд Ерөнхийлөгчийн санал болгосон гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцоог намын жагсаалт, тойрог гэсэн холимог болгох, парламентын хугацааг таван жил болгох саналуудыг МАН-ын бүлэгт өгсөн.

Тус намын бүлгийн хуралдаанд Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцож, зөвшилцөх ажлын хэсэгтэй хэд хэдэн уулзалт хийсэн ч МАН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналууд дээр байр сууриа нэгтгэж чадахгүй байгаа. Ялангуяа УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгох, парламентын хугацааг таван жил болгох зэрэг асуудлаар санал нэгдэж чадахгүй, зөвшилцлийн ажлын хэсэг ч тохиролцоонд хүрч чадахгүй байгаа юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал сөхөгдөх үед л УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой гэсэн санал явсаар ирсэн. Тэгвэл Ерөнхийлөгч энэ удаад 108 гишүүнтэй болох ёстой гэсэн саналыг оруулж ирснийг МАН-ын бүлэг хэлэлцэж, дундын хувилбар гаргаж ирэх саналыг ч гаргаад байсан юм. Мөн сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулах, парламентын хугацааг таван жил болгох саналууд МАН-ыг дотор нь мөн Ерөнхийлөгчтэй “муудалцахад” хүргээд байгаа юм.

МАН-ын бүлэг өчигдрийн цаасаар авсан саналаа өнөөдөр 11.00 цагт дахин хуралдаж, саналаа нэгтгэнэ. Тэд ямар шийдвэр гаргахаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжлэх эсэх нь шийдэгдэх юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж