"Соёлын биет дурсгалыг хамгаалах ухамсар монголчуудад дутагдаж байна"

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

"Соёлын биет дурсгалыг хамгаалах ухамсар монголчуудад дутагдаж байна"

"Соёлын биет дурсгалыг хамгаалах ухамсар монголчуудад дутагдаж байна"

Түүх тэрлэн он цаг хэлхэх өвөг дээдсийн цогцсыг онголсон булш, хиргисүүр, хүн чулуун хөшөө манай улсын өнцөг булан бүрт бий гэхэд хилсдэхгүй. Тал нутагт сүндэрлэх  буурал түүхийн улбаа болсон эдгээр соёлын өвийн биет өвийг хадгалж, хамгаалах асуудал хурцаар яригдах болжээ. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас чанх хойно байрлах Түрэгийн үед холбогдох гурван метр орчим өндөр хүн чулуун хөшөө унасан байдалтай байсныг нутгийн иргэд босгож, хашлага тойруулан хамгаалалтад авсан байна. Энэхүү чулуун хөшөөнд сийлсэн бичээсийг ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэд өнгөрсөн зургадугаар сард нээн илрүүлжээ. Одоогоор судалгааны ажлыг эхлүүлсэн байгаа юм байна. Энэ талаар тус хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Т.Мөнхтулгатай ярилцлаа.


-Та бүхний судалж буй Түрэгийн үед холбогдох язгууртны чулуун хөшөөнд сийлээстэй байх бичээсийг тайлж уншсан уу. Ямар утгыг илэрхийлж байгаа бол?

-Хүн чулуу бол тийм ч түгээмэл биш ховор гэхэд хилсдэхгүй. Ялангуяа Түрэгийн үед буюу VIII зууны эхний хагаст хүн  чулуу эрчимтэй дэлгэрсэн. Ихэнх түрэгийн онгон наран ургах зүг рүү харсан байдгаараа онцлогтой. Үүний тод жишээ нь, Тоникукийн дурсгал. Бид энэ оны зургадугаар сарын 8-нд гурван метр 46 см өндөр бүхий хүн чулуун хөшөөний бичээсийг нээж, одоогоор судалгааны ажил үргэлжилж байна. Бичээсийг бүрэн тайлж уншаагүй байгаа.  Бор-Өндөр сумын нутагт байрлах талын хөшөөны дурсгал болох энэхүү дурсгалыг налуу байхад нь нутгийн иргэд 2016 онд босгож, хашлага татсан юм билээ. Хүн чулууны цээж хэсэгт өргөн тамгатай, тамганы доор хамгийн багадаа гурван мөр бүхий бичээс байгаа юм. Эртний түрэгийн руни хэлээр сийлсэн. Бичээст ишир ургийнх гэдгийг тогтоосон тул язгууртны тахилын онгон гэдэг нь тодорхой. Ишир ургийн тахилын онгон манай улсын нутагт түгээмэл. Мөн баруун, зүүн талдаа бичээс байж магадгүй. Энэхүү дурсгалыг судлах явцад урьдчилсан байдлаар эртний түрэгийн Тудун цолтой хүнээс доош зэрэн зиндааны хүнд зориулсан тахилын онгон гэдгийг нь  тогтоосон.

Ерөнхийдөө монголын нутагт тархсан хүн чулуу хөшөөнд онгин буюу дугуй төгрөг тамга сийлээстэй байдаг ч энэхүү дурсгалт хөшөөн дэх  Ө үсэг хэлбэрийн тамга нь монголд түгээмэл тархаагүй. Уг хөшөөний нүүрэн талаас гадна баруун, зүүн талд болон хойно нь бас ийм тамга бий.

-Хөшөө нь эртний түрэгийн Тудун цолтой хүнээс доош зэрэг зиндааны хүн юм бол ямар учраас язгууртан гэж үзэж байна вэ?

-Түрэгийн үеийн хааны ургийн хүн чулуун хөшөө тахилын онгон ихэвчлэн баруун гараараа цээжиндээ сав барьж, зүүн гар нь гуян дээрээ байдаг. Эсвэл бүс, илд, чинжаал хутгаас барьж буйгаар дүрсэлдэг. Томоохон язгууртны хөшөө бүстэй, бас суугаа байдалтай ч байдаг.  Харин бидний судалж буй эл хөшөөнд бүс дүрслээгүй сууж биш босоо байдалтай өндөр байгаа юм. Гэхдээ язгууртан хүн гэдэг нь тодорхой. Яагаад гэвэл хөшөөг тойруулан хээтэй хашлага байж. Энэ нь хөшөөний эргэн тойрон дахь хагархай хашлагын хэсгээс тодорхой харагдаж буй. Мөн тудун цолтноос доош зиндааных. Бас хааны ишир ургийнх гэдэг нь бичээст тодорхойлогдсон.  Харц боолд тахилын онгон босгож байсан нь ховор.

-Язгууртны хөшөө дурсгал нь ямар онцлог шинжтэй вэ?

-Язгууртны дурсгал хөшөө бол сүр бараа ихтэй. Язгууртны тахилын онгон нь цогцоороо байдаг дурсгал юм.  Дагалдах булш, хэрмээр хүрээлсэн, тахилын сүмтэй зэрэг. Нэг тахилын онгонд тухайн эзэнд нь зориулж хөшөө босгосон байдаг. Тухайн хүний нийгэмд эзлэх байр сууриас шалтгаалан зарц барлаг, шивэгчин зэргийг дүрсэлдэг.

Хүн чулуунууд нь ч бас нэлээн ур шаардсан байдаг. Дагалдаж буй хүн чулуунууд ч нарийн ур хийцтэй, гэхдээ маш ялгаатай. Зарц боол гэхэд хоёр юмуу нэг хөлөө бохирон суусан, хөхүүр шиг сав барьсан байдаг. Ийм олон хүн чулуутай дурсгал монголд маш цөөхөн 20-иос хэтрэхгүй.

Харин зэрэгцсэн олон хашлага бүрт  хүн чулуу байх нь нэг ураг төрөл, хамаатан саданд зориулсан хөшөө гэж үзэж байгаа юм. Сүүлийн үед зарим хүн чулууг хулгайлсан, зөөж гаргасан тохиолдол ч бий. Ихэнх тахилын онгон хүн чулуутай байсан.

 –Энэхүү соёлын дурсгалд маш ховор тамгыг дүрсэлсэн байсан гэсэн шүү дээ. Бичээсээс гадна тамгыг нь судалж байгаа юу?

-Сүүлийн жилүүдэд археологийн салбар эрчимтэй хөгжиж байгаа ч тамгыг гардаж, судалсан зүйл одоогоор байхгүй. Зөвхөн тамга судалдаг хүн монголд цөөхөн. Ялангуяа эртний Түрэгийн үед холбогдох тамгын судалгаанд ахиц байхгүй.

Та хэлэхдээ уг хөшөөг налуу байхад нутгийн иргэд 2016 онд босгож, хамгаалалтад авсан гэсэн. Хөшөөг судлах явцад байгалийн болон хүний нөлөөгөөр эвдэрч сүйдсэн зүйл байсан уу. Соёлын өвийн биет дурсгал бүхий хүн чулуу, буган чулуу хөшөөний хадгалалт хамгаалалтын асуудал хөндөгдөх болсон шүү дээ?

– Монголын нутгаас эртний түрэгийн үед холбогдох тахилын онгон  ойролцоогоор 130 орчим олдсон гэж үзэж байгаа. Энэ бол язгууртны ангилалд багтсан хүн чулууны тоон баримт. Тахилын онгон бол хүн чулуутай.

Ардчилал гарахаас өмнө 1960, 1970 оны үед эдгээр хөшөө дурсгалыг хамгаалалтад авах тухай асуудлыг ярьж эхэлсэн. Байгалийн нөлөөгөөр эвдэрч сүйдэж устаж үгүй болох аюулд хүрсэн тул улсын хамгаалалтад авах шаардлагатай гэж үзэж байв. Өнөө үед хүний нөлөөгөөр эвдэрч сүйдэх, устах аюулд хүрсэн.

Дотоодын аялагчид өвөг дээдсээс үлдээсэн соёлын дурсгалт зүйлсийг зөв боловсон үзэж харах соёл хэвшиж тогтоогүй. Машинтайгаа дурсгалын дэргэд бууж, ойролцоо нь хүнд хөнгөнөөр бие засч, тухайн дурсгалыг үзсэн болчхоод л буцаж байна. Зарим нь мэдэхгүйгээс болж дугуйгаа эвдэг зэрэг тухайн өв соёлын дурсгалт зүйлсийг эрсдэлд оруулдаг.  Үүнд хүмүүсийн ухамсар маш чухал. Дээрээс нь газар зохион байгуулалт манай улсад тааруу байна. Хөшөө дурсгалын дэргэд уул уурхай явуулах, айл буух, барилга байгууламж барих, ногоо тарьснаас болж хөрсийг нь эвдэж сүйтгэхээс гадна үндсэн дүр төрхийг нь алдагдуулж байна. Энэ асуудал өмнө нь ард түмний сүсэг бишрэл, хөшөө дурсгалтай харьцах ёс заншлаар зохицуулагддаг байсан бол одоо энэхүү монгол ёс заншил алдагдсан.

Өнөөдөр соёлын биет дурсгалыг хайрлан хамгаалах ухамсар монголчуудад дутагдаж байна. Газар олголт, уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зохицуулж, хянадаг төрийн удирдлагын систем манайд алга. Тухайн газар нутаг, бүсэд соёлын биет дурсгал байдгийг мэдэхгүйгээс л газар олгочихдог. Үүнд тухайн орон нутгийн Засаг захиргаа хяналт тавих ёстой. Жишээ нь, Талын хөшөөний дурсгалт газарт байрлах бидний судалж буй Түрэгийн үед холбогдох язгууртны хүн чулууны урд өөр нэг язгууртны хүн чулуу бий. Тэр хөшөө гэхэд л нэгэн ашигт малтмалын компанийн хайгуулын лицензтэй газрын буланд багтсан. Иймд эдгээр соёлын биет дурсгал устаж үгүй болох өндөр эрсдэлтэй л гэсэн үг.

-Танай байгууллагын зүгээс эдгээр соёлын биет дурсгалыг судлахаас гадна хадгалалт хамгаалалтын асуудалд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

Манайх судалгааны байгууллага учраас хадгалалт хамгаалалт тавих  боломжгүй. Судалгаа хийхийн тулд  тухайн орон нутаг руу явахдаа өөрсдөөсөө зардал мөнгөө гаргадаг. Тухайн эрдэм шинжилгээний байгууллагад өгч буй судалгааны төсөв олон улстай харьцуулахад үнэхээр ичмээр. Бидний гурван жилийн судалгааны ажлын төсөв хөрөнгө дээд тал нь 50 сая төгрөгөөс /18.000 ам.доллар/ хэтэрдэггүй. Энэ бол хөгжингүй орны нэг профессерын сарын цалинтай л дүйнэ. Бидэнд төрөөс дэмжлэг байхгүй, академийн статус нь төрийн бус байгууллага учраас тэр. Ирээдүй рүү хандсан ямар ч бодлого, зохицуулалт байхгүй.

-Соёлын биет дурсгалын хадгалалт хамгаалалтын асуудал нь дээрх олон хүчин зүйлсээс шалтгаалж устаж үгүй болох эрсдэлд орчихсон байхад танай байгууллагын зүгээс судалгааны байгууллага гээд зүгээр гараа хумхиад сууж байна гэсэн үг үү. Холбогдох байгууллагуудад нь энэ асуудалд хамтарч ажиллах талаар санал тавьж байв уу?

Салбар бүрт өөр өөрсдийн тодорхой чиглэлтэй байгууллага бий. Соёлын өвийн үндэсний төв, музей, орон нутгийн музей, их сургуулийг түшиглэсэн судалгааны байгууллага гээд салбарууд байна. Эдгээр шат шатны байгууллагын үүрэгт соёлын өвийг хадгалж хамгаалах ёстой гэсэн зүйл тусгагдаагүй. Соёлын өвийн үндэсний төв бол гарцаагүй соёлын өвийг бүртгэж, хянадаг. Харамсалтай нь хүчин чадал нь хүрэлцэхгүй байна. Бүртгэл мэдээллийг нь хариуцсан ганц, хоёр л хүн бий.

 Гэтэл Монгол Улс өргөн уудам нутагтай, тэр бүрт соёлын өвийн дурсгал бий. Энэ бүхнийг цөөхөн хүн хянана гэвэл хүчрэхгүй. Орон нутагт соёлын өвийг хариуцсан ганцхан мэргэжилтэнтэй. Хүн хүч нь хүрэлцдэггүй. ШУА-ын Түүх, Археологийн хүрээлэнд ч бас хүн хүч хүрэлцдэггүй.

Түрэгийн үеийг хариуцсан мэргэжилтэн гэхэд хоёр, гурван  хүний бүрэлдэхүүнтэй. Судалгааны ажлаа ч хүчрэхээргүй. Орон нутгийн засаг захиргаа нь тухайн бүс нутгийн соёлын дурсгалт зүйлсийг хадгалж хамгаалах учиртай. Соёлын биет дурсгалт газарт хамгаалалтын бүс гаргаж, ядахдаа л мал оруулдаггүй байх ёстой. Уул уурхайн лиценз олгодоггүй байх хэрэгтэй. Налайхаас цаана байрлах Тоникукын гэрэлт хөшөөнд зориулан гаднын хөрөнгө оруулалттай хар зам татсан. Гэтэл энэхүү дурсгалаас 300 орчим метрийн зайд   Үндсэн хуулийн цэц нь газар авахтай зэрэгцэн бусад аж ахуй нэгж байгууллага, иргэд ашигтай байрлал гэж үзээд газар авч эхэлсэн. Энэ нь тухайн дурсгалт газрын үндсэн дүр төрхийг алдагдуулж буй хэрэг юм.

Тоникукын гэрэлт хөшөөнөөс гадна Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон зэрэгт эртний соёлын дурсгалт барилга байгууламжууд өндөр барилга байгууламжаар хүрээлэгдсэн өрөвдмөөр л байдалтай байна шүү дээ. Монголоос өөр соёлын өвийн дурсгалдаа ингэж ханддаг улс орон байхгүй болов уу.

Манай орны өнцөг булан бүрт байх хүн чулуу, буган чулуу хөшөөнд хяналт тавих боломжгүй гэдэг ч энэ нь гаднын зарим жуулчдад том боломжийг олгож байгаа бололтой. Хадгалалт хамгаалалт, хяналтгүй байдлаас үүдэн соёлын өвийн биет дурсгалын дахин давтагдашгүй тэрхүү хийц загвар,тамга бичээсийг хуулбарлан өөрсдийн музейд соёлын өв болгон танилцуулах асуудал гарч байна гэж зарим эрдэмтэд хэлж байна билээ?

– Тухайн дурсгалт газарт хүн олон очих тусам эвдэрч сүйдэх эрсдэл өндөр. Дурсгалт газар бүрийг хамгаалах хайс хашлагын хөрөнгө зардал байхгүй. Маш өндөр зардал гарна л даа. Ер нь хэв авч хуулдаг, хулгайлдаг асуудал их.  Хуулийн зохицуулалт байхгүй. Үүнийг хуулийн зохицуулалт байх ёстой. Нөгөө талаас хөшөө дурсгалыг сэргээн засварлах нэрийдлээр гаднын орнуудтай хамтран ажиллах асуудалд бодолтой хандах ёстой. Манай байгууллага тухайн зүйл нь эртний дурсгалт зүйл мөн үү бишүү гэдэгт лавлагаа гаргахаас цааш хэтэрдэггүй л байгууллага. Тиймээс ямар нэгэн хяналт тавьдаггүй.

Монгол Улс палеонтологи, археологийн салбарт олдвор цуглуулгаараа баялаг. Ялангуяа соёлын биет өв, дурсгалт зүйлсэд түшиглэн аялал жуулчлалын салбарыг илүү хөгжүүлэх боломжтой гэх ?

– Олон улсад түүх соёлын дурсгалт газрыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлдэг арга технологи олон бий. Гэтэл манайд энэ бол бас л асуудал дагуулна. Жишээ нь, Хархорум хот.

Энэ хотын тухай амьдралынхаа турш судалсан Баяр гээд багш маань Японы эрдэмтэнтэй хамтран эртний Хархорум хотын нутаг дэвсгэрийг модон шонтой өргөст төмрөөр тогтоож өгсөн ч сүүлийн үед энэ нь алга болсон учраас мал байтугай хэн дуртай нь л  эртний хотын туурийг ашиг хонжоо олох сонирхлоор хулгайгаар ухсан тохиолдол цөөнгүй.

Мөн Германы эрдэмтэдтэй хамтран Түмэн хааны цогцолборт газрыг байгаль дээрх ил музей болгосон ч өнөөдөр сайн харж хамгаалж чадахгүй л байдалтай байна. Ялангуяа эртний түрэг, уйгарын үед холбогдох соёлын биет дурсгалд түшиглэн ил музей байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Гэтэл дурсгалын дэргэд музей барих, түүнийг дагаад музейн ажилчид нь газар авч эхэлбэл хороолол үүсэх ч эрсдэлтэй. Ер нь дэд бүтэц муу байх тусам соёлын өвийн дурсгал сайн хадгалагдаж байна. Соёлын өвөө хайрлах тухай хүнд бага наснаас нь л ойлгуулах чухал байна. Зөвхөн тэр чулууг хайрлах биш түүнийг тойрсон орчны тухай л цогц ойлголт юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж