Б.Хурц нарт холбогдох шүүх хурал Даваа гариг хүртэл хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

LiveБ.Хурц нарт холбогдох шүүх хурал Даваа гариг хүртэл хойшиллоо

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал Даваа гариг хүртэл хойшиллоо
18 : 59
2019-8-16

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал Даваа гариг хүртэл хойшиллоо

Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдаан түр хугацаагаар завсарлаад байна.  Өнөөдөр үдээс хойш шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нотлох баримтыг шинжилж байна гэсэн бол дөнгөж дууссан гэдгийг Төв аймгийн Шүүхийн мэргэжилтэн хэлсэн. 

Ингээд түр завсарлаад хуралдаан эргэж орохоор болсон ч хохирогчдын талаас завсарлага авах хүсэлт гаргасан учраас шүүх хуралдааныг наймдугаар сарын 19-ны буюу ирэх даваа гаригийн 09.00 цаг хүртэл хойшлууллаа.

 

18 : 32
2019-8-16

Шүүх хурал: Нотлох баримтуудтай танилцаж дуусчээ

Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдаан түр хугацаагаар завсарлаад байна.  Өнөөдөр үдээс хойш шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нотлох баримтыг шинжилж байна гэсэн бол дөнгөж сая дуусаад завсарласан байна. Одоо шүүгчдэгч нарын хууль зүйн дүгнэлтээ танилцуулах ажил эхлэх юм байна.  

 Төв аймгийн Шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн Б.Жавхланбаяр "Шүүх хуралдаан түр завсарласан байна, эргээд орно. Ерөнхийдөө нотлох баримттай танилцах, судлах ажил дуусч байна. Өнөөдөр шүүх шийдвэрээ гаргах эсэхийг урьдчилж мэдэхгүй байна. Одоо өмгөөлөгч, улсын яллагч дүгнэлтээ танилцуулна. Ямар ч гэсэн шүүхийн процесс хуулийн дагуу үргэлжилж байна" гэсэн тайлбарыг өгсөн юм. 

14 : 28
2019-8-16

Шүүх хурал: Шүүгдэгчдийн өмгөөлөгч нотлох баримтыг шинжилж байна

Б.Хурц нарын шүүх хурал түр завсарлаад эргээд орж байна. Үдээс өмнөх хуралдаанаар нотлох баримтуудыг шинжилсэн бөгөөд одоо

 Төв аймгийн Шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр, “Өчигдрийн шүүх хурал бичлэгүүдээ шинжилж, нотолж дууссан. Өнөөдөр бичгийн нотлох баримтууд болох хавтаст хэргийг судлан, шинжилж байна. Хохирогч, улсын яллагч нар шинжилж дууссан, одоо шүүгдэгчийн өмгөөлөгч судалж  байна. Эд мөрийн баримтаар нэг видео бичлэг авагдсан байгаа. Үүний дараа дүгнэлтээ танилцуулж, хуулийн дагуу процессын дарааллаар шүүх хурал явж байна” гэсэн тайлбарыг өглөө.

13 : 42
2019-8-16

Шүүх хурал: Нотлох баримтуудыг нягталж байна

Шүүх хурал 13.30 цагт нэг цагийн завсарлага авлаа. Маш нууцын зэрэглэлтэй ирсэн энэ хэргийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 17.1.2-т заасанчлан 20 жилийн хугацаанд нууцлах учраас сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөд хүндхэн байгааг өмгөөлөгчид хэлж байлаа.

Хурлын завсарлагааны үеэр шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ “Одоогийн байдлаар нотлох баримтыг судалж байна. Шүүх хурал 85 хувьтай явж байна. Ирэх даваа гаригт шүүх хурал дүгнэлтийн хэсэгтээ орох байх.Тэгэхээр оройхон тийшээ хэрэг шийдэгдэнэ гэсэн үг” гэв.

10 : 21
2019-8-16

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна

Төв аймаг дахь Сум  дундын Эрүүгийн  хэргийн анхан  шатны  шүүхэд  Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг  мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр /2019.08.16/ тав дахь өдрөө хэлэлцэж байна. Шүүх хурал 09.00 цагт эхэлсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн яг одоо нотлох баримтуудыг судлан шинжилж байгаа аж.

Шүүхээс  Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнийг яллах эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах гэсэн гурван шийдвэрийн аль нэгийг гаргах магадлал тун өндөр хэмээн албаны хүмүүс хэлж буй.  Дээрх гурван шийдвэрээс хэргийг нотлох баримт дутуу хийгдсэн гэх үндэслэлээр  нэмэлт мөрдөн байцаалтад буцааж магадгүй гэх мэдээлэл байна. 

22 : 14
2019-8-15

Б.Хурцын шүүх хурал өнөөдөр эцэслэгдэх үү?

Төв аймаг дахь Сум  дундын Эрүүгийн  хэргийн анхан  шатны  шүүхэд  Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг  мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр /2019.08.16/ тав дахь өдрөө хэлэлцэх гэж байна. Өнөөдөр шүүх хурал эцэслэн шийдэгдэнэ хэмээн олон хүн найдлага тавьж буй.

Шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар  оролцохоор байгаа бөгөөд өмнөх шүүх хурлын үеэр ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасны дагуу эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн, ялтан Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нар шүүх хуралд оролцож  байна.

 Ямартай ч дээрх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж магадгүй гэх  таамаг бас бий.  Ингэхдээ  дор  дурдсан тохиолдолд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргадаг байна. 

  • Урьд сонсгосон ял дээр өөр ял нэмж сонсгох, эсхүл ялыг хүндрүүлэх,
  • Уг хэрэгт холбогдуулан өөр этгээдийг эрүүгийн хариуцлагад татах үндэслэл байгаа бөгөөд түүний хэргийг тусгаарлах боломжгүй байх,
  • Хэргийг буруу нэгтгэсэн буюу тусгаарласан,
  • Яллагч хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд  шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахдаа хэргийг буцааж байгаа үндэслэл, нэмж шалгах асуудлыг тодорхой зааж, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэсэн байвал зохино хэмээн заажээ.

Шүүх хурлын эхний өдөр буюу наймдугаар сарын 12-ны өдөр. Шүүх хурал 09.00 цагт товлогдсон ч 10.00 цагт эхэлсэн юм.  Хуралд Б.Хурц нарын есөн шүүгдэгч нараас гадна С.Зориг агсны эхнэр Б.Булган, С.Зориг агсны амь насыг хохироосон гэх  Б.Содномдаржаа нар, тэдний өмгөөлөгч нар, хохирогч, гэрчүүдийн өмгөөлөгч гээд 49 хүн оролцож байна.  Улмаар хаалттай шүүх хуралдаанд С.Зоригийн  амь насыг хөнөөсөн хэргийн  Түр хорооны гишүүд болох Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй   долоон гишүүн   ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан ч татгалзсан нь шүүгчид хөндлөнгөөс нөлөөлж, хууль зөрчих эрсдэлтэй гэж үзсэнээс уг шийдвэрийг гаргасан аж.

НУУЦ КАМЕР БАЙРШУУЛЖ, БАЙЦААСАН ЗЭРЭГ АСУУДАЛ БИЙ

Хурлын завсарлагааны үеэр шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяр сэтгүүлчдэд яриа өгөхдөө  “Миний үйлчлүүлэгч нарыг яллаж байгаа зүйл анги нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хэрэглэдэг мөрдөн шалгах ажиллагааны үед хэрвээ мэдүүлэг өгөхийг албадан хэрэг бүртгэгч хүнийг зодсон байх юм бол ялладаг зүйл анги. Гэтэл болсон процесс нь хоригдол хүн хоригдлоо зодсон. Ялтан Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нар ялтан  Б.Содномдаржааг зодсон. Тэгэхээр тэдний  хүн зодсон үйлдэл нь Эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр явна. Хэрвээ хүний биед гэмтэл учруулахгүйгээр зодсон тохиолдолд сахилгын арга хэмжээгээ авна. Тагнуулын байгууллагын тагнах турших үйл ажиллагаа буюу гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээ явагдсан. Нууц камер байршуулж, байцаасан зэрэг асуудал бий” гэсэн юм. Хуралдаан 20.00 цагт завсарлаж 13-ны 09.00 цагт үргэлжлэхээр болсон юм.

"ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ ГЭСЭН УТГАТАЙ БИЧГИЙГ Б.ХУРЦАД ӨГСӨН"

Шүүх хурлын хоёр дахь өдрийн анхаарал татсан нэгэн үйл явдал бол генерал асан Б.Хурцыг шүүх хурлын завсарлагаанаас гарч ирэхэд нэгэн эмэгтэй захиа дамжуулсан нь хэвлэлийнхний камерт өртсөн. Харин үүнийг түүний өмгөөлөгч Г.Батбаяр "Хариуцлагаа хүлээ гэсэн утгатай бичгийг Б.Хурцад өгсөн" хэмээн тайлбарласан юм. Ийнхүү хоёр дахь өдөр 09.00 цагаас эхэлсэн шүүх хурал нам жим байдалтайгаар 20.00 цагийн үед завсарласан. 

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ 20 ЖИЛИЙН ХУГАЦААНД НУУЦЛАНА

Харин гурав дахь өдөр шүүгдэгч, хохирогч нарыг асууж  дууссан бөгөөд  гэрч нараас асуулт асуусан юм. Маш нууцын зэрэглэлтэй ирсэн энэ хэргийг  Төрийн болон албаны нууцын тухай  хуулийн 17.1.2-т заасанчлан 20 жилийн хугацаанд нууцлах гэнэ. Шүүх хурал болж буй танхим нь 55 мкв бөгөөд тус өрөөнд 49 хүн оролцож байгаа учир агааргүйтэх зэрэг асуудал их гарч байгааг албаны хүмүүс онцолж байв. Тиймдээ ч хохирогчийн өмгөөлөгчийн амьсгалах агаар дутмагаас болж, бие нь муудаж эмчийн туслалцаа авсан. Хуульд зааснаар шүүх 22.00 цагаас хойш хийхийг хориглодог учраас маргааш нь үргэлжлүүлэн хийхээр болсон юм.

ЭД МӨРИЙН БАРИМТАД ДАН БИЧЛЭГ БИЙ

Дөрөв дэхь өдрийн шүүх хурлын үйл явцын талаар  Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн Б.Жавхланбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Шүүх хуралдаан хуульд заасан дарааллын дагуу явж байгаа бөгөөд одоогоор эд мөрийн баримтаа шинжлэн судалж байна. Шүүх хурлын үйл явцыг харвал маргааш үргэлжлэн хуралдах төлөвтэй байна. Танхимд байгаа хүмүүсээс өчигдөр биеийн байдал нь муудах явдал гарсан ч өнөөдөр хэвийн үргэлжилж байна.

Шүүх хурлаар эд мөрийн баримтад ирсэн бүх баримтыг шинжлэх ёстой. Дараагаар нь бичгийн нотлох баримтыг шинжлэх ёстой. Тэгээд дүгнэлтүүд гарна.Шүүхийн байгууллага бол хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтыг бүгдийг нь судлах ёстой. Эд мөрийн баримтад дан бичлэг бий. Манай аймгийн шүүх хуралдааны танхим бусад газрынхтай харьцуулахад том хэмжээтэй. Шүүх хуралдаанд оролцож буй дөрвөн гэрч мэдүүлэг өгч дууссан" гэв.  Шүүх хуралд оролцогчдын тээвэрлэх машин болон Төв аймгийн шүүхийн эргэн тойрон дахь хамгаалалтаа зузаатгасан байсан бөгөөд шүүх хурал оройн 22.00 цаг хүртэл үргэлжилсэн юм. 

ТАВАН ӨДӨР ХУРАЛДАЖ БУЙ ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР ЭЦЭСЛЭГДЭХ ҮҮ?

Харин өнөөдөр шүүх хурал 09.00 цагт товлогдсон бөгөөд өнөөдөр шүүх хурлын дүн гарч магадгүй гэх таамаг олон хүнд байгаа ч зарим эх сурвалжийн мэдүүлж буйгаар өнөөдөр ч үргэлжилж, Даваа гариг руу шилжиж магадгүй гэсэн таамаг байгаа гэдгийг хэлж байлаа.

Б.Хурц нарын есөн хүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 тус тус зүйл ангиар буруутгаж буй.

  • 133 ДУГААР ЗҮЙЛ.ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИХ

133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • 251 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ

 251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж