НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Лхагва гаригт Хүний дархлал хомсдолын вирус/ДОХ/-ын эсрэг хөтөлбөрийн даргаар Уинни Бянеймаг томиллоо. Өмнөх дарга Мичель Сидибэ нь албан тушаалаа ашиглан хүчирхийллийн хэргийг нуун дарагдуулахыг оролдсон болон эцгийн эрхт ёсыг гааруулж, ажлын орчинд дарамт үүсгэсэн гэх хэргээс болж өнгөрсөн тавдугаар сард албан тушаалаасаа огцорсон юм. Хараат бус шинжээчдийн байгууллагаас ДОХ-ын эсрэг сан нь Мичель Сидибэгийн удирдлага дор НҮБ-ын үнэт зүйл, хууль журмыг даган мөрдөхөө больсныг мэдээлжээ. Мичель Сидибэ нь бүтэн 10 жилийн турш тус хөтөлбөрийг удирдсаны эцэст албан тушаалаасаа буусан нь энэ. Гэсэн ч Антонио Гутеррес түүний удирдлага дор мэргэжилтнүүд ДОХ-ын аюулыг дэлхий дахинд сурталчилж, 2030 он гэхэд халдварын тархалтыг бүрэн зогсоохоор ажиллаж байсныг нь сайшаажээ.
НҮБ-ын ДОХ-ын эсрэг хөтөлбөрийг тойрсон дуулиан өнгөрсөн онд өндөр авч, Швед улсаас тус агентлагийн санхүүжилтийг царцаах арга хэмжээ авахаа зарлаж байв. Хохирогч нэгэн бүсгүйн өнгөрсөн гуравдугаар сард мэдээлснээр дээд албан тушаалтан нь Бангкок хотын зочид буудлын цахилгаан шатанд өөрийг нь оролдож, бэлгийн дарамт үзүүлсэн гэдгийг мэдэгдсэн юм. Хөндлөнгийн ажиглагч байгууллагаас тус хөтөлбөрийн ажлын орчинд сөрөг хандлага газар авсныг хүчирхийллийн хэргийн хамт дэлгэн тавьсан юм. “Associated Press” агентлагийн олж авсан баримтаас үзвэл ДОХ-ын эсрэг хөтөлбөр нь бэлгийн дарамт үзүүлсэн хэргээс гадна санхүүгийн зөрчлийг ч нуун дарагдуулдаг нь илэрчээ.
Харин шинэ тэргүүн Уинни Бянейма нь дэлхийн ядууралтай тэмцэх 20 бие даасан хандивын байгууллагыг нэгтгэсэн “Оксфам интернейшнл” байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Тэрбээр шинэ албан тушаалаа хүлээж авахдаа “нийгмийн ёс зүй бол маш чухал, ялангуяа ХДХВ/ДОХ-ын халдвар Африкт дэгдэлтийн хэмжээнд байсан” гэдгийг онцолжээ.
Түүнчлэн тэрбээр 2030 он гэхэд тархалтыг зогсоох нь бидний зорилт боловч өмнө тулгарах ямар ч бэрхшээлийг дорд үнэлэхгүй гэж мэдэгджээ. Инженер мэргэжилтэй Уинни Бянейма нь Уганда улсын хууль тогтоох байгууллагад 11 жил ажилласан ба эмэгтэйчүүд болон тэдний хөгжлийн төлөөх олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай нэгэн. Түүний нөхөр нь сөрөг хүчний улстөрч бөгөөд Угандагийн ерөнхийлөгчид дөрвөн удаа нэр дэвшиж байжээ.
Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг, олон тэрбум ам.доллар эргэлддэг НҮБ-ын ДОХ-ын эсрэг хөтөлбөрийн нэр хүнд ийнхүү сэвтсэн юм.
Тус хөтөлбөр 1994 онд байгуулагджээ. Хөтөлбөрт 2003 оны байдлаар гэхэд 118,5 сая ам.долларын санхүүжилтийг дэлхийн 30 гаруй засгийн газраас цуглуулсан ба өдгөө энэ нь хэд дахин нэмэгджээ. Хөтөлбөрийн гол санхүүжүүлэгч нарын дунд АНУ, Норвеги, Швед, Их Британи, Япон зэрэг орнууд багтдаг. ХДХВ/ДОХ-ын вирус 30 гаруй жилийн өмнө анх илэрснээс хойш дэлхий дахинд 35 сая хүн уг өвчнөөс болж нас баржээ. Өдгөө дэлхий дахинд 37 сая хүн халдвар авч, жилд 900 мянган хүн нас барж байна.
Холбоотой мэдээ