Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж буй нүүрсний үнэ, тээврийн зардал, түлшний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан цахилгааны үнийг индексжүүлэн тогтоож, айл өрхийн цахилгааны сарын суурь тарифыг 2000 төгрөг болгож өөрчиллөө.
Өмнө нь суурь тариф 1000 төгрөг байсан юм.
Үнэ нэмэх болсон учир нь Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний үнэ, тарифт зохицуулалт хийсэнтэй холбоотой аж. Манай улс эрчим хүчний системийн оргил ачааллын үед ОХУ-аас цахилгаан эрчим хүч худалдан авдаг. Харин ОХУ-ын талаас цахилгааны үнийг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн нэмсэн. Иймд оройн их ачааллын үеийн эрчим хүчний хэрэглээг багасгах, хэмнэлтийг дэмжиж, системийн оргил ачааллыг бууруулах зорилгоор чадлын тарифыг аж ахуйн нэгж байгууллагуудад шинээр нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ. Одоо мөрдөгдөж буй тарифаар хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг бодит өртгөөс нь 60 гаруй хувиар хямд үнээр борлуулсан тухай Эрчим хүчний зохицууулах хорооноос тодотголоо.
Д.УУДАМ