-Увс аймагт баруун бүсийн наадам, Сүхбаатар аймагт зүүн бүсийн даншиг, Өвөрхангайд Занабазарын 380 жилийн ой, Өмнөговьд говийн бүсийн наадам энэ долоо хоногт болно. Нэг наадам зохион байгуулах дунджаар 300-600 сая төгрөг зарцуулахаар болжээ-
Нийт нутгаар гантай, өвс, ногооны гарц муу. Мал 70 саяд дөхсөн ч хадлан тэжээлийн хомсдол нүүрлэж, дотоодын үйлдвэрлэгчид гурил, будаагаар хангаж дийлэхгүй нь нэгэнт тодорхой болчихсон энэ цаг дор төрийн байгууллагууд тэмдэглэлт ойд мөнгөө зарцуулж буй нь иргэдийг бухимдуулж байна. Энэ жилийн даншиг, тэгш ойгоор хаана, хэдэн төгрөг зарцуулахыг эхэнд нь дурдая.
Увс 600 орчим сая төгрөгөөр 90-н жилийн ойгоо тэмдэглэнэ
Долдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, Баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадам болно. Түүхт 90 жилийн ойдоо зориулан 3000 гаруй хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн орон нутгийн хөгжлийн сан, улсын төсвөөс хөрөнгө гарган босгожээ. Харин нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас цугласан хандивын мөнгөөр Монгол Улсын даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Х.Баянмөнхийг алдаршуулж, хүндтгэлийн хөшөөг 30 сая төгрөгөөр бүтээх гэнэ. Ийнхүү Баянаа аваргын гэрэлт хөшөөг амьд ахуйд нь босгон, мөнхлөхөөр болжээ. Мөн 200 сая төгрөгөөр Чандмань үдэлт, угталтын цогцолборыг барьсан байна. Наадмын түрүү морь, бөхийн бай шагнал тус тус 30 сая төгрөг. Гэхдээ бай шагналын мөнгийг улсын төсвөөс гаргаагүй Увс нутгаас төрсөн бизнесмэнүүд даахаар болжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн түрүү азарганы байг хариуцах юм. Харин "Тесо" корпораци их нас, соёолонгийн түрүүг шагнана. Түрүүлсэн бөхийн шагналыг Баруунтуруун сумын нутгийн зөвлөлөөс гаргахаар болсныг Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимид мэдээллээ.
Өмнөговьчууд 400 гаруй сая төгрөгөөр наадна
Ардын хувьсгалын 94 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ой, говийн бүсийн хурдан морины уралдаан “Говь шанх-5” баяр наадмын үйл ажиллагаа долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд болно. Нийтдээ 400 гаруй сая төгрөгийг зарцуулан байж, "Говь шанх-5", аймгийнхаа 84 жилийн ойг хамтатган тэмдэглэж буй нь энэ. Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн хэлснээр түрүү морьны байнд 10 сая төгрөг, бөхөд дөрвөн сая төгрөгөөр шагнахаар төсөвлөжээ. Баярын арга хэмжээний хөтөлбөрөөс харахад долдугаар сарын 24-нд эрлийз гурван насны морь, аймгийн цол олгох хүчит бөхийн барилдаан, үндэсний сур харваа, монгол хээ угалз, зээгт наамлын үзэсгэлэн гарах аж. Харин 25-ны өдөр говийн бүсийн хурдан морины уралдаан “Говь шанх-5” болон аймгийн баяр наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээ болж, улс, аймгийн алдар цолтой хүчтэй 256 бөхийн барилдаан эхэлж, азарга, соёолон, хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар үргэлжилнэ. Мөн Үндэсний шагайн харваа, аймгийн удирдлагууд, хүндэт зочдын сум харвах ёслол, хүүхдийн барилдаантай. Баяр наадмын хүндэтгэлийн концерт аймгийн хөгжимт бүжгийн театрт, үдшийн цэнгүүн “Ажнай” талбайд тус тус болно. Харин баяр наадмын гурав дахь өдөр буюу 26-ны ням гаригт их нас, дааганы уралдаан болж, хүчит бөхийн барилдаан, үндэсний сур, шагайн харвааны шилдгүүд тодорно.
Өвөрхангайчууд 149 сая төгрөгөөр даншиг хийнэ
Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн, анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойн даншиг наадам эн сарын 24-26-ны өдрүүдэд Өвөрхангайн Хархорин суманд зохион байгуулагдана. Тус наадмыг улсын төсвөөс нийт 149 төгрөг гарган тэмдэглэх юм. Тодруулбал, Баторшил өргөх Даншиг наадмын түрүү бөх найм, үзүүрлэсэн нь таван сая төгрөгийн шагналтай. Мөн даншиг наадмын үеэр Төвийн бүсийн хурд-2015 наадамд зургаан насны морьд уралдах юм байна. Ингэхдээ эрлийз морьдыг долдугаар сарын 24-ний өдөр уралдуулна. Эрлийз морьдын уралдааны түрүү магнай хоёр сая төгрөгийн бай шагналтай. Харин хурдан морины уралдаан дээд гурван нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдааны түрүү магнай найман сая төгрөгийн бай шагналтай бол доод гурван насны түрүү таван сая төгрөгийн шагналтай.Хязаалан насны морьд 18 км, шүдлэн 15 км, даага 12 км , азарга 22 км, соёолон 22 км, их нас 25 км зайд тус тус уралдах нь.
Дундговьчууд 40 сая төгрөгөөр наадах уу?
Дундговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 74 жил, Мандалговь сум үүссэний 50 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 24-25 -ны өдрүүдэд болно. Одоогоор улсын болон орон нутгийн төсвөөс 40 сая төгрөгийг наадамдаа зориулахаар төсөвлөжээ. Үүнээс гадна нутгийн иргэдээс хандив цуглуулах юм. Гэхдээ дундговьчууд наадмын бай, шагналыг нууцалж байна.
Наадмын шагналд 100 гаруй саяыг зарцуулна
Зүүн бүсийн хурд даншиг наадам долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт болох юм. Наадмынхаа түрүү бөхөд гурван сая төгрөг, морьдод таван сая төгрөгийн бай өгнө гэсэн урьдчилан тооцоо гарчээ. Товчхондоо наадмынхаа түрүү морь, бөхийн шагналд 100 гаруй сая төгрөгийг зориулах юм. Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь “Улсын төсвөөс шальтай мөнгө гарахгүй. Гэхдээ морь, бөхийнхөө бай шагналыг бусдаас арай илүү хэлэхгүй бол Зүүн бүсийн даншигыг зорин ирэх уяач, наадамчдын тоо цөөрнө” гэлээ. Энэ жил Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Халзан, Онгон, Наран, Дарьганга, Асгат сумдын түүхт 60, 90 жилийн ойн тохиож, өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 17-19-нд ойн баяр, наадмаа тэмдэглэжээ.
Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих мөнгөөр баярласаар байх уу?
Аймаг сумдын наадамд зориулсан хөрөнгийг арай үр бүтээлтэй тооцвол ихэнх сумдын дэд бүтэц өдийд чамлахааргүй хэмжээнд хүрэх байлаа. Ядахад л сумынхаа төвийн ойролцоо байдаг зам, гармаа аюулгүй болгож дөнгөхөөр байв. Мөн нурах дөхсөн сургууль, цэцэрлэгтээ урсгал засвар хийж, хүн эмнэлгээ өргөтгөх боломж ч байна. Гэвч наадамчин олон хойч үеийнхээ ирээдүйн боловсрол, эрүүл мэндээс урьтаж хөшөө, барьмалуудыг л илүүд үздэг болжээ. Нэг бунхан босгоод тэр нь тухайн аймаг сумдыг өнгийг засна. Дараа нь дурсгалтай гэдэг өнгөцхөн сэтгэлгээнээсээ монголчууд хэзээ салах вэ. Морь, бөхийнхөө бай шагналд харамгүй цацдаг хөрөнгөөсөө улс орныхоо ирээдүйн эздийнхээ боловсролд жоохон ч гэсэн хялайлгаач сурах юмсан. Товчхондоо нэг жилийн наадмын мөнгөөр 3-4 сургууль, цэцэрлэг барих боломж монголчуудад байсаар байна. Аймаг, сумдын удирдлагуудын тайлбар тухайн баяр наадмын мөнгө улс, орон нутгийн төсвөөс гардаггүй.
Нутаг нутгийн удирдлагуудын нэг өрсөлддөг чамирхал нь наадмын төсөв болоод уджээ. Нэгнээсээ нөгөө нь нижгэр тэмдэглэх гэж хөлдөө чирдэг болж. Үүгээр гаршаад буй хүмүүс ч энэ хугацаанд цөөнгүй тодорчээ.
Нутгийн иргэдийн хандиваар л босдог гэх. Дарга нар нь энэ мөнгийг зөв зохистой, үр бүтээлтэйнхэн зохицуулж чадахгүй бол иргэд нь мөнгө өгөхөө болъё. Үүний оронд нэг сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих төсөл зарлаж, мөнгөө хандивлаж суръя. Алдар, цуутай бизнесмэн, томчууд нь нутаг усаа үнэхээр боддог бол түрүү азарганы байг би даая гэхийн оронд хүүхдийг нь цэцэрлэг, сургуультай, аав, ээжийг нь ажилтай орлоготой болгох ажил хийж сураасай. Ингэж наадамлаж, өвлийн бэлтгэлээ базаагаагүй байхад өвөл хаалга тогшиж, хариуцлагагүй зуд нөмрөх вий дээ. Энх цагт их хөлс урсгавал дайны цагт цус бага урсана гэдэг биш бил үү.
Д.УУДАМ